2009 онд Орос 7.4 тэрбум ам.долларын зэвсэг худалджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

2009 онд Орос 7.4 тэрбум ам.долларын зэвсэг худалджээ

2009 онд Оросын батлан хамгаалахын экспортын компани “Рособорнэкспорт” 7.4 тэрбум ам долларын зэвсэг худалдлаа гэж тус компаны захирал Анатолий Исайкин РИА Новости мэдээллийн агентлаг өгсөн ярилцлагандаа хэлсэн байна. Орос улс ирээдүйд зэвсгийн худалдаагаа өргөжүүлэх бөгөөд Ирак, Афганистан зэрэг улсуудад хүртэл зэвсэг нийлүүлэхэд татгалзах зүйл үгүй гэж албаны хүн мэдэгдсэн байна.

“Бид 2009 оныхоо ажлыг дүгнэж үзэхэд сайн үр дүнд хүрсэн байна. 2009 онд 7.4 тэрбум ам долларын зэвсэг зарсан нь 2008 онд хийсэн худалдааны дүнгээс 10 хувиар нэмэгдсэн байна“ гэж захирал Исайкин хэлж байв.

Уг компаны экспорт 2001-2009 оны хооронд 2.4 дахин өссөн байна. “Рособоронэкспорт” компани оросод үйлдвэрлэсэн цэргийн зориулалтаар ашиглахад бэлэн зэвсэг, тоног төхөөрөмжүүдийг дэлхийн 70 гаруй оронд нийлүүлдэг юм байна.

“Бид цэрэг, батлан хамгаалахын зориулалттай сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж, технологи нийлүүлж, хамтран ажилладаг. 2010 онд өнгөрсөн оныхоо худалдааны амжилтыг давуулна гэж найдаж байна” гэж мөн хэлж байв.

Агаарын цэргийн зэвсэглэл уг компаны нийлүүлсэн бүтээгдэхүүнүүдийн 50 хувийг эзэлсэн бөгөөд түүнийг нь Энэтхэг, Алжир, Венесуэл, Малайз, Сири зэрэг улсууд импортолж авсан байна.

2008 онд Орос улсын гадаадад нийлүүлсэн зэвсгийн худалдааны дүн 8.35 тэрбум ам.доллар болж байсны 6.72 тэрбум ам.долларын худалдааг “Рособоронэкспорт” компани гүйцэтгэсэн байна.

Хуурамчаар, хууль бусаар иргэний болон цэргийн зориулалттай зэвсэг дуурайлган хийх нь Оросын зэвсгийн үйлдвэрлэлд ноцтой асуудал болсоор байна. Өмнө нь Болгар, Словак зэрэг улсуудад Калашниковын буунуудыг лицензийн хүрээнд үйлдвэрлэдэг байсан. Харин одоогийн байдлаар бол Хятад улс оросын Калашников автомат бууг үйлдвэрлэх лицензыг Оросоос албан ёсоор худалдаж авсан цорын ганц улс юм байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж