“Монгол 999” шалгаруулалтад оролцох боломжгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

“Монгол 999” шалгаруулалтад оролцох боломжгүй

"Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийг "Ярилцах танхим"-даа урилаа.

-Та бид хоёрын ярилцлагын сэдэв үндсэндээ Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах тухай байх юм. Иймд юун түрүүнд "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулах ажилын явц хэр байгаа вэ?

-Наймдугаар сард Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулах үүргийг есдүгээр сард өгсөн. Ингэхдээ тус компанийг удирдах гүйцэтгэх захирал болон Тавантолгойгоос  нүүрс  олборлох гэрээт олборлогчийг дотоодод болон олон улсын тавцанд нээлттэй тендер зарлах зарчмаар сонгон шалгаруулах чиглэл өгсөн. Төрийн өмчийн хороогоор дамжуулж өгсөн энэ үүргийн дагуу бид бодитой ажил хийж байна. Мөн энэ хугацаандаа уурхайн аман дээрх хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн.

-Хөрс хуулалтыг оператор компанийн сонгон шалгаруулалтаас урьтаж эхлүүлэх шаардлага байсан юм уу?

-Удахгүй өвөл болох гэж байна. Иймд нэгэнт Техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан байгаа учраас "Эрдэнэс МГЛ" хариуцаад, цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байсан. Энэ ажлыг цаашид "Эрдэнэс Тавантолгой" компани үргэлжлүүлээд аваад явахад ямар ч асуудал байхгүй. Сонгон шалгаруулалтын дүн аравдугаар сард гарлаа гэхэд арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сард тухайн компани цааш нь ажиллаад явна. Энэ бол нэг дэх шалтгаан. Хоёр хоёр дахь шалтгааны хувьд "Эрдэнэс МГЛ" компани 2010 ондоо багтааж, нүүрсний олборлолтоос орлого олох үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө ажлаа яаралтай эхлэх хэрэгтэй байсан. Мөн "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг олон улсад арилжих ёстой. Гэтэл тэнд арилжихын тулд тухайн ордын бүтээгдэхүүнийг заавал гаргасан байх ёстой байдаг. Ямар ч олборлолт хийгээгүй байж компаниа үнэлүүлнэ гэж байхгүй. Ийм учраас бүтээгдэхүүнээ гаргаж, нүүрсний экспорт хийх зайлшгүй шаардлагатай учраас хөрс хуулалтын ажлыг яаралтай эхлүүлсэн.

-Тэгэхээр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил бүрэн утгаараа эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Цаашид зогсохгүй үргэлжилнэ. Одоогийн хөрс хуулалтаас эхлээд жилдээ 15 сая тоннын нүүрс олборлох хэмжээний уурхай болно. Тэр ажлыг гэрээт олборлогч компани хийнэ.

-"Эрдэнэс Тавантолгой" компанийг хэрхэн байгуулах тухай дүрэм, журам нь тодорхой болж чадсан уу?

-УИХ болон Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу манай компани Төрийн өмчийн хороотой хамтраад боловсруулж дууссан. Үүнтэй зэрэгцээд гүйцэтгэх захирал болон оператор компанийн сонгон шалгаруулалтын эхний үе шат явагдаж байгаа.

-Оператор компанийн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн компанийн дунд "Монгол 999 үндэсний нэгдэл" байхгүй байх шиг байсан?

-Тэднийх материал ирүүлээгүй.

-Энэ удаагийн бүртгэлд ороогүй бол оператор компанийн тендерт оролцох боломжгүй гэсэн үг үү?

-Боломжгүй ээ. Энэ удаагийнх бол урьдчилсан сонгон шалгаруулалт. Тэднийх тендерийн материал авснаас бус материалаа манайд ирүүлээгүй.

-Эцсийнх биш гэхээр яана гэсэн үг вэ?

-Жилдээ 15 сая тонн нүүрс олборлох уурхай бол дэлхийд томд тооцогддог. Энэ хэмжээний ажлыг хийж чадах чадвартай, туршлагатай компанийг бид шалгаруулж авах гэж байгаа.

-Гол шалгуур нь юу вэ?

-Техникийн хүчин чадал, хүний нөөц, санхүүгийн боломж бололцоо, туршлага гээд олон үзүүлэлтийг харна. Дээр нь олборлолтын технологи нь өндөр стандарттай байх ёстой. Ажлын болон аюулгүй байдлын хувьд ч тэр. Ийм өндөр стандарттай олборлогч байна уу, үгүй юу гэдгийг бид урьдчилж сонгоно. Энэ урьдчилсан сонгон шалгаруулалтад нийцсэн компанийг эндээсээ сонгоод, тэдний дунд дараагийн тендерийг зарлана.

-Энэ удаагийнх эцсийн шалгаруулалт биш гэж үү?

-Урьдчилсан сонгон шалгаруулалт. Эцсийн тендерийг аравдугаар сард зарлаж, тэндээсээ олборлогч компанийг сонгоно.

-Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын дүн гарахад ойрхон болсон гэж дуулсан?

-Монгол, гадаад нийлээд 14 хүн материалаа ирүүлсэн. Тэдний дунд олон улсын нэр хүндтэй уурхайг удирдаж байсан, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжсан туршлагатай компанийн удирдах багт ажиллаж байсан гэсэн үзүүлэлтийг гол болгож байгаа.

-Тэгвэл Монгол хүнд бараг боломжгүй юм байна шүү дээ?

-Тусгай баг гарч ажиллаад хамгийн өндөр оноо авсан Канад, Австрали, Америкийн гурван хүнийг дараагийн шалгаруулалт буюу ярилцлагад оруулахаар болсон.

-Гүйцэтгэх захирал томилоогүй байж шууд танайхаас ажлыг нь эхлүүлэх нь зөв шийдэл мөн үү?

-Компани байгуулагдах бэлтгэл ажлыг хангасан. Тавантолгойн хувьд зөвхөн нүүрс олборлох тухай бус цогцолбор хэмжээнд ашиглалтад орох ёстой орд. Цаашаа зогсолтгүй үргэлжлэх тэр ажил эхлээд явж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тавантолгойн ордын хувьцааны асуудлаар гэхэд л 10 хувийг нь Монголын ард түмэнд эзэмшүүлэх, 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд, 30 хүртэлх хувийг нь олон улсын хөрөнгийн биржээр арилжаалах, 50 юм уу 51 хувийг нь Засгийн газрын мэдэлд буюу "Эрдэнэс МГЛ"-д хадгалах гэсэн үндсэн чиглэлийн дагуу бид асуудлаа боловсруулж байна.

-Гэхдээ хувьцааны тухайд ойлгомжгүй олон асуулт бий. Наад зах нь үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшихийн тулд олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох ёстой юу. Аль эсвэл дотоодын хөрөнгийн биржээрээ дамжуулах уу?

-Миний ойлгож байгаагаар Засгийн газар дээр энэ асуудлыг шийдэхийн тулд иж бүрэн ажил эхлүүлсэн байна билээ. Иргэдийн хувьцааны асуудлыг хүн амын тооллоготой холбоотойгоор шийдэх байх. Компаниудын хувьд нэгдсэн бүртгэлийг нь гаргаж, татвараа төлсөн эсэх гээд тодорхой үзүүлэлтийг харгалзана. Гадаадад борлуулах хувьцааны тухайд манай иргэд болон аж ахуйн нэгжүүд тэндээс хувьцаа худалдаж авах бүрэн боломжтой. Гэхдээ олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахын тулд жил орчмын бэлтгэл хэрэгтэй.

-Та дээр олборлолт явуулж байж олон улсад хувьцаа гаргах боломжтой болно гэж хэлсэн. Жилийн бэлтгэл гэдэгт олборлолтын асуудал орж байгаа юу?

-Тухайн   компани  олон  улсад хувьцаа гаргах гэж байгаа бол өөрийн үнэ цэнийг тодорхой болгох хэрэгтэй. Тэр үнэ цэнийн дагуу хувьцааных нь ханш тодорхойлогддог. Үүний тулд бүтээгдэхүүн гаргах ёстой. Энэ бол үндсэн асуудлынх нь нэг.

-Тэгвэл энэ хугацаанд Тавантолгойгоос хэдий хэмжээний нүүрс экспортлох вэ?

-Энэ ондоо багтаад нүүрсний давхаргад хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр эхний жилд 1-1.5 сая тонн нүүрс олборлоно. Оператор компани орж ирснээр хоёр дахь жилээс нь 3-5 сая тонн нүүрс олборлох замаар хүчин чадлыг нь нэмнэ.

-Эхний ээлжийн олборлолтын санхүүжилтийг улсаас гаргах уу?

-Манайх чинь аж ахуйн нэгж. Компанийн зарчмаар үйл ажиллагаа явуулах учиртай. Дээр нь нүүрсний олборлолтоос санхүүжилт олно.

-Ерөнхий сайд Тавантолгой дээр очих үедээ "Бэрхшээл байна уу" гэж асуухад лицензийн тухай хөндөж байсан?

-Том уурхайн ажлыг эхлүүлж байгаа учраас шийдэх ёстой олон асуудал байх нь тодорхой. Яваандаа орон нутгийн "Тавантолгой" ХК болон "Дайцикү" компанитай хэл амаа ололцох асуудал бий. Эрчим хүч, усан хангамж, овоолгоо хаана хаях вэ, хилийн боомтыг өргөжүүлэх гэх мэт шийдэх ёстой олон зүйл бий.

-Тавантолгой, Оюутолгойг зэрэг ашиглахад говийн усан хангамж дийлэхгүй гэх яриа байдаг?

-Тавантолгойн ордтой холбоотой усны чиглэлийн судалгааг их сайн хийсэн. Ордоос 65 км-ын зайнд усны хангалттай нөөц бий гэдгийг нь тогтоосон байдаг. Ойрын 15-20 жилд хангалттай гэсэн тооцоо бий. Мэдээж үүнтэй зэрэгцээд усны нэмэлт хайгуул хийх хэрэгтэй. "Энержи ресурс" компани усны нэмэлт судалгаа хийснээр өөр үүсвэр олсон байна лээ.

-Нүүрс олборлоход өөрийн тань хэлээд буй тэр нарийн технологийг хэрэггүй гэж үздэг хүмүүст та ямар хариулт өгөх вэ?

-Жилдээ 15 сая тонн нүүрс олборлох уурхайн хувьд технологи хэрэгтэй. Гэхдээ тодорхой хугацаанд буюу 5-10 жилд л оператор компанитай хамтарна. Үүний дараа бид дотооддоо бэлтгэлээ хангаснаар өөрсдөө олборлоно. Эхлэлийн үе шатанд өндөр стандарттай, хүчин чадалтай компанийг оруулж ирэх юм. Магадгүй таван жилийн дараа ч монголчууд өөрсдөө бүрэн утгаар нь олборлох боломжтой болж мэднэ шүү дээ. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлох компанийн техникийн хүчин чадал багаар бодоход 500 сая орчим ам.доллар болно.

-Техник, эдийн засгийн үндэслэл эцэслэгдсэн үү?

-Тавантолгойн нүүрсний нөөц нийтдээ 6,4 тэрбум тонн. Энэ бол 20-иод жилийн өмнөх тооцоо. Орос, Монголын тооцоогоор коксжих нүүрсний хэмжээ нь 1,4 тэрбум байх магадлалтай. Үүнийг Австралийн жишгээр тооцвол коксжих нүүрсний хэмжээ нь хоёр дахин нэмэгдэх боломжтой байгаа. Тэгэхээр үнэлгээ нь улам бүр нэмэгдэнэ гэсэн үг.

-Эхний ээлжинд зөвхөн Цанхийн хэсэгт оператор компани сонгохоор шийдсэн нь ямар учиртай юм бэ?

-Энэ хэсэг коксжсон нүүрсний хувьд хамгийн гол хэсэг нь. Цанхийн хэсгийн зүүн талд нь ерөнхийдөө олборлолтоо төвлөрүүлж байгаа. Жилдээ 15 сая тонн олборлоход энэ хэсэг хангалттай. Ер нь Тавантолгой дээр ганц уурхай ажиллах шаардлагагүй. Тэнд нэгээс илүү уурхай ажиллах боломжтой.

-Тавантолгойн ордод хамтарч ажиллах сонирхолтой дэлхийн тэргүүлэгч гру ппууд энэудаагийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт илэрхийлээгүй нь ямар учиртай юм бэ. Тэд оролцох шаардлагагүй гэж үзсэн хэрэг үү?

-Оператор компанийн тухайд нүүрс олборлож, ажлын хөлсөө аваад явна. Анх саналаа илэрхийлсэн группуудын хувьд хувь эзэмших сонирхолтой байгаа. Тэдний санал нь хэвээрээ хөрөнгө оруулалтын дараагийн шатны яриа хэлэлцээрийг Засгийн газраас зарлах байх.

-Олон улсад хувьцаа гаргахад тэд оролцоно гэсэн үг үү?

-Тийм ээ. Тэд анхнаасаа хувь эзэмшигчийн статусаар Тавантолгойд оролцох сонирхлоо илэрхийлсэн.

-Тэгвэл "Монгол 999 үндэсний нэгдэл"-ийн сонирхол ч тэдэнтэй адил гэсэн үг үү?

-Тийм байх.

Г.Отгонжаргал.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж