Иргэний бүртгэл гэдэг “хадны мангаа”

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Иргэний бүртгэл гэдэг “хадны мангаа”

“Хүн амын шинэчилсэн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор 100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төвийг зорих олны хөл хэрээс хэтэрч байна. Иргэний  мэдээлэл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, үл хөдлөх хөрөнгө гээд амьд хүнтэй амин зүрхээрээ холбогдсон энэ газарт гэм нь эмх замбараагүй байдал, элдэв хүнд суртал хэзээ ч арилдаггүй айхтар талтай. Хүн амын шинэчилсэн бүртгэл явуулж байгаа болоод ч тэрүү, дээрээс нь тэр бүртгэлд хамрагдаагүй иргэн Эх орны хувь хишгээс хүртэж чадахгүй гэх тул толгойтой хүн бүр очих байтугай бодохоос аймаар энэ газрыг зорьж байна.

Энэ зураг бол өчигдөр оройн дүр төрх юм. Орой очиж оочер дугаар авдаг гэхээр нь 22 цагийн үед ИБМҮТ-ийн байрны гадаа очтол үнэхээр л хүмүүс тэнд хэдэн арваараа байна. Нөмөрч суух хөнжил, дэвсэж хэвтэх цаасан хайрцаг гээд бүхнийгээ чирч ирээд Иргэний бүртгэлийн гадаа иргэд хонож байна.
Зүгээр л энэ зургийг харахаар зүрх өвдөж, дургүй хүрмээр санагдана даа. Монгол улс иргэнээ ингэж бүртгэж, иргэндээ ингэж л хандаж байна”

News.mn сайтын хэрэглэгч Д.Монгол Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаа хонож өнгөрөөсөн нэг шөнийхөө гэрэл зургийн хамт энэ бяцхан бичиглэлийг манайд ирүүлсэн нь энэ. Жирийн л иргэний сэтгэлээс өөрийн эрхгүй гарсан үг энэ. Тэрбээр бас бичиг баримтын ямар нэгэн зөрчилтэй хүн байгаа ахул эртхэн шиг энэ “тамлагаа”-ны газар очиж хонохгүй бол намар оройтох тусам, цас орж, хүйтрэн гадаа хоноход хэцүү болно шүү гэж аминчлан анхааруулсан юм.

Гайхах багадам ийм дүр зураг 21 дүгээр зууны Монгол Улсын нийслэлд хоёр сарын турш үргэлжилж байна. Иргэний бүртгэлийнхэн “аргаа ядахдаа” урьд өдөр нь дараалал тарааж үзсэн гэж байгаа. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар манайхан арга зальтай юм хойно /уг нь бол хөөрхий арга зальсаад байх ч юу байх вэ дээ, шөнөжин гадаа хонож, дугаарлаж чадаагүй, бичиг баримтаа яаралтай авах “дээс” тулгагдаад байгаа хүмүүс шүү дээ, тэд чинь/  мөнөөх “үнэт” дугаарыг нь дамлан зардаг болсон гэх. Уртын урт дарааллын арай өмнүүрхэн нь арван мянга, хойгуурх нь таван мянган төгрөгний “ханш”-тай. Гэвч ийн “шаг”-ын дугаар аваад арайхийж орсон хүнийг  регистрийн дугаар зөрсөн тул дугаар худалдаж авсан “хэрэг”-т унаж, балрах шахсан гэсэн.

Ийнхүү намрын хүйтэнд гадаа хонож, хөлдөж үхэхээ шахаж байгаа, яаж хонож өнжин дугаарлана аа гэж айж зүрхшээж байгаа хүмүүст хандаж баярт мэдээ дуулгахад өнгөрсөн баасан гаригаас эхлэн тус төв 24 цагаар ажиллаж эхэлсэн гэлээ. Гэхдээ news.mn-ийн хэрэглэгчдийн сэтгэгдэлд, тус төв 24 цагаар ажиллаагүй хэвээр байна, даваа гаригт дахин дугаар тараана гэсэн “гомдол” гарсан байсан.  Гэвч ямар ч байсан хүмүүсийг гадаанаа хөлдөж үхтэл нь хонуулдаг байсан хүйтэн сэтгэлтнүүд намрын жаврыг мэдэрч эхэлсэн юм байгаа биз, хүмүүс ядахдаа байшин дотор нь арай дулаахан дугаарлаж болох нь…

Гэхдээ л иргэний бүртгэлийг тойрсон гомдол тасрахгүй хэвээр байна, ойрдоо ч тасрахгүй биз. “Иргэдээ бүртгэгчид” гадаа хонон өнжин дугаарлагсдыг өөрсдөө анхнаасаа бичиг баримтаа хаяж, гээгдүүлсэн, зөрчилтэй мөртлөө цаг хугацааг нь тулгаж “сандаргасан” гэж буруутгадаг. “Бичиг баримтаа бүрдүүлж, 10 хурууныхаа хээг тэмдэглүүлэхгүй бол эх орны хишиг хүртэхгүй шүү” гэх айлган далайлтын дор хүмүүс ингэж бөнжигнөж байна гэж тэд ташаарч байгаа ч биз. Угтаа бол Иргэний бүртгэлийн гадаа дугаарлаж байгаа бүхэн бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн алмай, салмай тэнэгүүд биш ээ. Энд бүртгэлийн ажилтны буруугаас овог нэрийг нь зөрүүлээд биччихсэн. Үгүй дээ л нэг бичиг дээр Сумьяа гээд зөөлний тэмдгээр нөгөө дээр нь, хатуугийн тэмдгээр бичсэнээс бол Монгол Улсын иргэн мөн эсэхээ “шүүлгүүлэх” гээд сандарч яваа ч хүн бий.

Басхүү орон сууцны зээлд хамрагдах гэсэн, үл хөдлөх хөрөнгийн бичиг авах гэсэн гээд үй, олон “шалтгаан”-тай хүмүүс бий. Хажуухны жишээг татахад мэргэжил нэгт ганц бие бүсгүй маань орон сууцны зээл авахад гэрлэж байгаагүй гэдгээ тодорхойлох бичиг авах гэж мянгуужингийн үлгэрийн гол баатар болох шахсан нь бий. “Чухал” царайт бүртгэлийн ажилтан “Яг юунд хэрэглэж гэж байгаа юм бэ, яагаад ийм бичиг авах гэсийн” гэж баахан шалгааж, арай л бүсгүй хүнийг “Хүүхдийн тэтгэврээс бултах гэсэн үү” гэж загнах гээгүй байх. Орон сууцны зээлэнд хэрэгтэй гэхэд нь “Тэгвэл ч бүр хэцүү шүү” гэж “чухал” царайлсан гэсэн. Арай л зээл авах гэж байгаа юм чинь, хахууль өгч чадахаар хүн байна гэж бодоогүй байлгүй. Ингээд эцсийн эцэст “Гэрлээгүй хүнд гэрлээгүй гэсэн лавлагаа хийж өгөхгүй ээ” гэж хэлээд гаргасан гэж байгаа юм даа. Хошин шогийн тоглолтын нэр баймаар хариулт байгаа биз. Зүрхэлж бас нэгэн жишээ татахад танил маань ээжийгээ өнгөрснөөс хойш  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ “ном ёсоор” нь болгохын тулд энд хоногсдын эгнээг нэгээр нэмэхээ шахсан. Хэсэг хугацаагаар хөөцөлдөөд маш олон “зовлонт” даваа давах ёстойг нь ойлгоод түр хойшлуулаад байгаа гэсэн, бүртгэлээ хийлгэхгүй бол хишиг хүртээхгүй гэсэн айлгалт, бүх нийтийн аян гэж зарлаад байгаа Иргэний шинэчилсэн бүртгэлийг нь дуустал. Арай л түүнээс маань талийгаачаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлэхийг зөвшөөрч байна гэсэн гарын үсэг авчир гэж шаардаагүй байгаа даа.

Энэ бол арай хэтрүүлсэн зүйрлэл байж ч магадгүй. Гэхдээ л татвар төлөгчдийн мөнгөөр бидний төлөө ажиллаж байх ёстой байгууллага өөрсдийгөө хааны элч гэж ойлгосон мэт иргэдэд туслах биш харин хорлох, тамлан зовоох л зорилготой юм шиг аашилдагт нь үнэндээ эгдүү хүрээд болохгүй юм. Энд бас ойрын хүрээний, танилын гэх тодотголтой хоёр жишээг татсанд хэн ч гайхахгүй буй за. Яагаад гэвэл танд ч, эсвэл таны ойр дотно танилуудын хэн нэгэнд нь иргэний бүртгэл гэдэг хадны мангаатай “тохиолдсон” ийм мэт жишээ зөндөө л байгаа байлгүй дээ.    

А.Туяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж