Монгол эмэгтэй баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэй баривчлагджээ

Монголчууд гадаадын улс орны хилээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис зөөвөрлөж яваад саатуулагдсан гэх хэргийн мэдээлэл өдөр өнжихгүй шахам сонстох боллоо. Хэдийгээр гурван сарын өмнө гарсан ч гэсэн хар тамхи зөөвөрлөсөн гэх бас нэгэн хэргийн талаар Гадаад харилцааны яаманд өнгөрсөн баасан гаригт мэдээлэл иржээ. Mонгол Улсын иргэн 35 настай Н гэгч эмэгтэй өнгөрөгч зургадугаар сарын 24-ний өдөр Бангладешт  мансууруулах төрлийн бодис тээвэрлэн нэвтрэхийг завдсныг тус улсын хууль сахиулах албанынхан баривчилсан талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр 35 настай Н гэгч эмэгтэй Монгол улс руу хар тамхи зөөвөрлөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 183.2-оор зүйлчилсэн хэрэгт сэжигтнээр татагдсан Л.Гантуул, Ё.Оюунчимэг нараас мансууруулах төрлийн бодис авч, тус улсыг зорьсон болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Шинээр бүртгэгдээд байгаа энэ хэрэгт Бангладешт саатуулагдсан Н гэгчээс гадна БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Л.Байгалмаа ч холбоотой аж. Харин Л.Байгалмаа болон  Бангледешт саатуулагдаад байгаа Н нарыг хар тамхи тээвэрлэхэд хүргэсэн хэмээн сэжигтнээр татагдаад байгаа Ж.Гантуул. Н.Оюунбилэг нарт Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж дуусаад өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Прокурорын газарт  шилжүүлсэн байна. Хар тамхины гэх бүхэл бүтэн сүлжээ үүсгээд буй энэ хэргийн талаар УМБГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн дарга, хошууч Л.Эрдэнэцогтоос дараах асуултад хариулт авлаа.

-Хар тамхи тээвэрлэсэн хэргээр шалгагдаж буй Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын хэргийн мөрдөн байцаалт аль шатандаа яваа бол. Тэдний хамсаатан гэх бүсгүй мөн мансууруулах бодис тээвэрлэж яваад Бангладешт баригдсан байна. Энэ талаар та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 183 дугаар зүйлээр иргэн Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ нь мансууруулах төрлийн бодис тээвэрлэж хилээр гаргахыг завдсан гэх зүйл анги юм. Хэрэгт сэжигтнээр татагдсан Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, нийслэлийн прокурорт шилжүүлсэн байгаа. Харин Бангладешт саатуулагдсан монгол эмэгтэйн хувьд дээрх сэжигтнүүдтэй холбоотой болох нь тогтоогдсон. Одоогоор тус улсын хууль хяналтын байгууллага түүнийг  цагдан хорилгүй, гадуур мөрдөн байцаалт явуулж буй тухай мэдээллийг бид аваад байна.

-Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын хар тамхины хэрэгт БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа  хорих ял авсан Л.Байгальмаа холбоотой гэх яриа байна, үнэн үү?

-Хэргийг эцэслэн шийдээгүй учраас тодорхой мэдээлэх боломжгүй.

Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа зарим жишээг эргэн сануулъя.

-2010 оны дөрөвдүгээр сард өөрийгөө оюутан гэж мэдүүлсэн Монгол Улсын иргэн Э гэгч эмэгтэй багагүй хэмжээний героин хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдав. Тэрбээр Хонгнконгоос БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө Засах орны Өрөмч хот руу нэвтрэх гэж байгаад  саатуулагдсан юм.

-Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын иргэн Х гэгч капсултай хар тамхи залгин, Малайзын хилээр давах гэж байгаад баривчлагдсан байна.  Малайзын цагдаа нар түүнийг цагдан хорьсон байгаа бөгөөд Азийн хар тамхины мафийн сүлжээтэй холбоотой болохыг нь анхны мэдүүлгээр тогтоогоод байгаа гэсэн мэдээлэл бий.  

-Одоогийн байдлаар БНХАУ-д Монгол Улсын найман иргэн хар тамхины асуудалд холбогдон шалгагдаж байна.

-ОХУ, Казахстан зэрэг улсуудад энэ төрлийн гэмт хэргийн улмаас шалгагдаж байгаа Монголын иргэдийн тоо 20 орчим болжээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж