
-Монголын “Жи Эм Эс Си” ХХК /Жамп компанийн групп/
-БНХАУ-ын Өвөрмонголын “Эрдос” хөрөнгө оруулалтын групп
-Өмнөд Солонгосын “Корес” консорциум
-БНХАУ-ын “Шанси Коул ” групп
-Монголын “Таван Толгой Транс” ХХК
-Австралийн “Макмахон” Лимитэд
-Монгол-Канадын хамтарсан “Кану” ХХК
-Германы “Би Би Эм Оперта” групп
-Авсралийн “Лейтон Ази” Лимитэд саналаа ирүүлээд байгаа юм.
Дашрамд сануулахад, ОХУ, БНХАУ, Бразили, Энэтхэг, Япон, Солонгосын хамтарсан 11 консорциум Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байсан. Албаны эх сурвалжийн тайлбарласнаар бол дээр дурдсан оролцогчдоос зөвхөн олборлогч оператор компанийг л шалгаруулж байгаа. Тэдгээртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зөвхөн олборлолт хийлгэх болохоос хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийх оролцогчийг шалгаруулж байгаа хэрэг бус гэв. Дээр дурдсан акулуудын сонирхож байгаа хувь эзэмших буюу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийх стратегийн түншийг сонгох шалгаруулалт тусдаа, акулууд буюу консорциумууд ч оролцох хэвээрээ. Харин ч бүр үүн дээр дахин оролцогч нэмэгдэх боломжтой олон улсын нээлттэй тендер зарлана гэлээ. Олон улсын нээлттэй тендерийг зарлах ажлыг хариуцсан ажлын хэсэг тусдаа ажиллаж байгаа юм байна.
Бас оператор гэж буй дээр дурдсан есөн компаниас шалгаруулах компани нь Тавантолгойн бүхэл ордод олборлолт хийх юм уу, эсвэл гэсэн асуулт бас байгаа. Мөн үүнд зөвхөн Цанхи ордод олборлолт хийх операторийг шалгаруулж буй гэсэн утгатай мэдээлэл ч бас гарсан. Цанхийн орд нь Тавантолгойн таван лицензит талбайн коксжих нүүрсний гол орд нь. Тэгэхээр хамгийн гол орд дээр “Эрдэнэс МГЛ” өөрсдөө оператор шалгаруулж, өрөм тосыг хамах гэж байна гэж ойлгож болохоор. Үнэхээр ч “Эрдэнэс МГЛ” өвлөөс урьтаж, хөрс хуулалтын ажлаа хийж байгаа. Одоо олборлолт хийхээр хөрс хуулж байгаа, Эрдэнэс Тавантолгой уурхай гэж нэрлэж байгаа уурхайн ам нь Цанхийн ордын зүүн хэсэгт байрладаг. Гэхдээ энэ Цанхийн ордыг бүхэлд нь олборлоно гэсэн үг биш. Угаас Тавантолгой маш том орд учир хэд хэдэн уурхайн ам нээж ажиллуулна гэж тайлбарлаж байна.
Мөн “Эрдэнэс МГЛ”-ын охин компани “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын саналуудыг хүлээн авч, эхний шатанд шалгарагсадтай уулзаж, ярилцаж шүүлт хийх талаар бид өмнө мэдээлсэн. Бидний авсан мэдээллээр Монгол болон гадаадын 10 гаруй оролцогч саналаа ирүүлснээс австрали, герман, америк гурван хүн тунаж үлдээд байгаа аж. Үүнийг албаны эх сурвалж үгүйсгэсэнгүй. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал нь гадаад хүн байх нь. Үүнийг ч бас уул уурхайн томоохон компанид ажиллаж байсан, туршлагатай гэх шалгуур нөлөөлж байгаа гэж тайлбарлаж байна.
А.ТУЯА