
C`est la vie, дахиад хоёр жил гүрийж дээ
Гэхдээ л Францын парламент дээд танхим болох Сенатаараа түүний санаачилсан Франц даяар онцгой анхаарал татаж буй дээрхи тэтгэврийн хуулийг хэлэлцэж батлах магадлал нэлээд өндөр байна. Хууль батлагдсанаар франц иргэд тэтгэврийн санд буюу төсөвт мөнгө төлөх хугацаа нь хоёр жилээр уртсах болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл 60 настайдаа хуримтлуулсан тэтгэврээ аваад амардаг байсан бол дахиад хоёр жил төсвөө зузаатгаж суух болж байна. Нийгмийн халамжаараа Европтоо төдийгүй дэлхийд ч дээгүүр ордог энэ орны иргэдийн хувьд 60 нас гэдэг ажиллах чадвар нь тийм ч их доор орчихоор нас биш гэж үздэг улстөрчид Францад олон байдгийн жишээг ерөнхийлөгчөөс нь эхлүүлээд харж болохоор байна. Учир нь Саркозийн санаачилсан тэтгэврийн шинэчлэлийг Францын парламентын доод танхимын гишүүдийн 329 нь дэмжиж, 233 нь эсэргүүцсэнээр энэ хуулийг дээд танхимдаа баталгаажуулан хуульчлах эрхийг нь олгоод байгаа юм. Францын социалист намынхан хуулийг батлуулахгүй гэж нэлээд хориг тавьж үзсэн ч дийлээгүй бөгөөд дараагийн шат буюу Францын сенатаар энэ хууль нэг их бэрхшээлгүйгээр батлагдаж гарна гэж санаачлагч ноён Саркози болон түүнийг дэмжигчид итгэж байгаа аж. Ингэснээр франц иргэд тэтгэврийн санд шимтгэл төлөх хугацаагаа хоёр жилээр сунгуулах болж байгаа нь 32 тэрбум еврогийн алдагдалд ороод байгаа Франц улсын төсөвт 70 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгө олж авах боломж олгох гэнэ. Харин Францын үйлдвэрчний эвлэлүүд болон иргэдийн зүгээс тэтгэврийн насыг уртасгаж байгаа бол хариу арга хэмжээ ч авах ёстой гэдэг хатуу шаардлагыг сөргүүлэн тавьж байна. Тэд тэтгэврийн мөнгөний хуримтлалаас их хэмжээгээр ашиг олж байгаа сангуудын ашиг орлогод татвар ноогдуулахыг шаардаж байгаа билээ. Мөн дээрхи хуулийн бас нэг эсэргүүцэлтэй тулаад байгаа заалт нь бүрэн тэтгэвэр авахын тулд 41,5 жил ажилласан байхаар тусгасан заалт болж байна. Энэ нь хөдөлмөр эрхлэгчдэд шударга бусаар хандаж байгаа явдал гэж эсэргүүцэгчид үзэж байна. Энэ заалтыг дагавал ялангуяа хагас цагаар ажилладаг байсан болон өмнө нь ажилгүйдэлд өртөж байсан эмэгтэйчүүдэд ихээхэн хохирно гэж үзэж байгаа юм.
Саркози л тэтгэврээрээ оролдоод байгаа юм гэж үү
Үнэндээ бол тийм биш. Бусад нь ч мөн ийм асуудлаар шүүмжлүүлж байгаа. Яахав, энэ оны хамгийн бүтэл муутай дэлхийн хэмжээний улстөрчийг нэрлэ гэвэл магадгүй Францын ерөнхийлөгч ноён Николя Саркози орж мэдэхээр байгаа нь үнэн л лдээ. Оны эхнээс л түүний байгуулсан танхимын гишүүд төсвийн хөрөнгийг хувийн зорилгоор хайр найргүй зарцуулдаг нгь илэрч олон нийтийн зүгээс түүнд нилээд дарамт үзүүлсэн. Асуудал арай гэж намжиж байтал тэрбээр өөрийн оронд амьдарч байсан цагаач цыгануудыг албадан гаргаснаас болж Европын холбооны удирдлагуудтай тангараг тасрах дөхөж, тэдний хурц шүүмжлэлийн бай болсон юм. Харин дээрхи тэтгэвэрт гарах насыг нэмж улмаар төсвөө хямралаас аврах гэсэн санаачилгын хувьд тэр л ганцаараа ийм асуудалд орооцолдоод байгаа юм биш.
Грекийн хямралыг даван туулахад нь Европын холбооны улсуудын төсвөөс татаас авсан нь өрнөд Европын хэд хэдэн орны төсвийг ташраар нь хямруулж орхисон байна. Энэ байдлаас гарахын тулд тэдгээр орнууд төрөл бүрийн арга хэрэглэж байгаагийн дотор Саркозийн санаачилгын хуулбар ч бас байна. Испани гэхэдп төсвийн ажилтнуудын цалинг таван хувиар танасны дээр тэтгэврийн мөнгийг инфляцитай уялдуулан нэмэхээс татгалзсан байна. Испани энэ оны эхээр мөн л тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэх буюу 65-аас 67 болгох төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ. Германд 2012 оноос 2019 оныг хүртэл тэтгэвэрт гарах насыг аажмаар нэмж мөн л 65-аас 67-д хүргэх гэнэ. Тэгвэл Голланд улс тэтгэвэрт гарах насыг 65 болгон бас л хоёр жилээр сунгахаар төлөвлөсөн байна. Цаашдаа энэ мэтээр тэтгэврийн насыг уртасгах, үүний зэрэгцээ хүйсийн ялгаагүй болгох зарчмыг Европын орнууд барихаар болж байгаа аж. Тухайлбал Австри улс эмэгтэйчүүд нь 60 хүрээд,харин эрчүүд нь 65 хүрч тэтгэвэрт гардаг байсныг ижил болгохоор төлөвлөжээ. Их Британид 2020 он гэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг ижил болгоно гэж зарлаад байгаа юм. Эдгээр арга хэмжээнүүд өөр өөрийн улсад янз бүрийн хариу үйлдэл амсаж байгаа боловч нэгэнт хямарчихаад байгаа Европын төсвийг өөрөөр аврах арга байхгүй хэмээн төр засгийн удирдагчид нь өөрсдийн шийдвэртээ хатуу зогсох бололтой. Нэг үгээр хэлбэл тэд “Европчууд аа, одоо амарч суух цаг биш болсон шүү” гэж сануулж эхэлсэн хэрэг.
Европын орнуудын тэтгэврийни насны үзүүлэлт:
Их Британи – эмэгтэй 60, эрэгтэй 65
ХБНГУ – аль аль нь 65
Грек – эмэгтэй 60, эрэгтэй 65
Франц – аль аль нь 60
Швейцар – эмэгтэй 64 , эрэгтэй 65
Норьеги – аль аль нь 67
ОХУ – эмэгтэй 55, эрэгтэй 60
М.Наст