
Олон Богдынхоо нэрээр нэрлэгдсэн Богд сум
Нийслэлээс гарсан тэр өдөр бороо шивэрч, цас будран агаарын хэм -3 -5 байсан болохоор манай багийнхан нилээд зузаан хувцаслажээ. Өвс шаргалтсан талын дундуур зурайх хар замаар давхисаар үд болж байхад Төв аймгийн хилийн дээсийг өнгөрч, Булган аймгийн нутаг Хөгнөхаан уулын хормойгоор үргэлжлэх замд хэсэг амсхийв. Нутгийн нэгэн малчинтай мэнд мэдэх зуур жаал хууч хөөрлөө. Тэрээр: -Булган нутагт маань энэ жил сайхан зун боллоо. Манай энэ Хөгнөхаан уул их л эрт цагаан малгайгаа өмслөө. Уулын мод нилдээ шарлаж, өглөө оройн цагаан хяруу их бууж байна. Энэ жилийн өвөл бас л хатуу болох шинжтэй хэмээв.
Манай багийнхан үд өнгөрч байхад Өвөрхангай аймгийн төвд хооллоод цааш хөдөллөө. Өөгүй зурайж байсан засмал зам дуусч, цагаан тоос боссон сайжруулсан зам хөөсөөр нар шингэж байхад машинаар явах бүү хэл нүцгэн хөлөөрөө гишгихэд ч хайран, ногоон хивс дэвсчихсэн юм шиг хөмүүл ургасан талаар давхисаар нийслэлээс 700 гаруй километрийн зайтай орших Богд суманд ирлээ. Хур цаст их Богд, Жаранбогд хайрхан, Дулаанбогд хайрхан, Багабогд хайрхан гээд олон богдын өвөр дахь Богд сум нь хангайн нуруунаас эх авч урсдаг Түйн голын хөвөөнд говь, тал, гол нуурын хөндий хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой. Сум нь 3000 гаруй хүн амтай, сумандаа сум дундын эмнэлэгтэй, 11 жилийн дунд сургуультай болохоор ойролцоох сумын есөн жилийн дунд сургууль дүүргэсэн хүүхдүүд ирж суралцдаг. Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Ц.Жаргал Богд сумыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын өндөр хүчдэлтэй холбосноор 24 цагаар цахилгаантай болсон гэнэ. Цахилгаантай болсон суманд одоо мужаан, талх нарийн боовны цех, вакум цонх, тоосго, блокны үйлдвэр ажиллаж, малгүй болсон иргэд нь сумынхаа төвийг бараадан зусч, дээрх үйлдвэр цехэд ажиллах болж.
Зунаар ирсэн зуд, намраар ирсэн зун
Өнгөрсөн өвлийн зуднаар тэгтлээ хотойгоогүй сумынхан хавар боллоо, нялх ногоо цухуйлаа гээд баярлаж байтал тавдугаар сарын эхээр гурван хоног үргэлжилсэн цас орж, хүн малыг байгалийн өмнө хүч мөхөстүүлжээ. Цас гэрийнх нь хаалгыг битүү дарж, гэрээсээ гарахын тулд тооноороо гарч, гэдсээр нь татсан их цасанд морьд осгож, ноолуураа самнуулсан ямаанууд зогсоогоороо хөлдөж байжээ. Малчид малдаа тэжээл өгөх гэж зуугаадхан метр газрыг зургаан цаг мөлхөж туулдаг байсан гээд тэр өдрүүдийн тухай хүн бүр өөр өөрийг ярина. Гурван хоногийн турш орсон битүү цас тав дахь өдрөөс нь эхлэн хайлсан ч азаар шар усны үер гэх мэт гамшиг тарьсангүй, говийн ангасан хөрсөнд шингэжээ.
Тэгээд л хэд хоногоос хүн малын зоо тэнийж сайхан зун болохыг зөгнөж суутал аагим халуун эхэлж, халууны дээд хязгаар +43 хэм болж, сумынхан горхи шиг урсгалтай болсон Түйн голоо барааджээ. Түйн гол нь сумын цаахна байх Орог нуураа тэтгэх чадалгүй болсон тул нуур байсан хөндийд хатсан шавар л үрчийж харагдана. Цагтаа усны шувуудын чуулга болдог, 28 километр урт, найман километр өргөн гүн хэсэгтээ долоон метр, тэмээ малтай хүн осолдож байсан энэ нуур өнөөдөр газрын зураг дээр л үлджээ. Харин есдүгээр сарын дундуур гурван хоног үргэлжлэн орсон бороо оройтсон ч гэсэн зун цагийг авчирч, таана, хөмүүл нялхран ургаж, Түйн гол нь салаалан урсч байна.
Сумын төвийнхөн өглөө эртлэн босч унаатай нь унаатайгаа, унаагүй нь явган уут сав барин ямар нэг юманд яарцгаана. Учир нь айл өрх бүр 100 ширхэг зоодойг /таана, хөмүүлээр хийсэн багсармал тэжээл/, сургуулийн сурагч бүр нэг шил хөмүүлийг сумынхаа тамгын газар бэлтгэж өгөх үүргийг аймгийн Засаг дарга Д.Амарсанаа өгсөн гэнэ. Сумын малчид нь нуур байсан хөндийгөөрөө намаржиж малчин бүр л хадлан тэжээлээ бэлтгэх гээд зав муутай. Хадлан тэжээлийнх нь ихэнхи нь чихэр өвсний иш навч байдаг аж. Нэг хэсэг солонгосчууд тус суманд чихэр өвс авах гэж их ирдгээс болоод нутгийн иргэд чихэр өвсийг хайр гамгүй ухаж эхэлжээ. Чихэр өвсний наймаанд хориг тавьснаар өнөөдөр мөхөх гэж байсан чихэр өвсний шугуй сэргэж байгаа нь энэ.
Зуд боллоо, мал хэцүүдлээ л гэнэ. Гэтэл хүүхэд…
Зуд болохоор л манайхан бүгд л мал, мал гэдэг. Тэгж ч цас орлоо, өвс тэжээл дутагдлаа, төчнөөн мал хоргодлоо гээд л. Гэтэл энэ үер малчин өрхийн хүүхдийн тухай яриа гарч байсан нь үгүй. Баянхонгор аймгийн Богд сумын зургадугаар багийн иргэн Н.Батгавъяагийн эхнэр П.Оюун-Эрдэнийн яриаг хүргэе.
-Манайх таван хошуу малтай, унах унаатай, сумандаа бас нилээд амьжиргаа сайтай гэгдэж байсан айл. Өнгөрсөн зуднаар ёстой л модоо барилаа. Одоо ердөө 50 гаруй ямаатай, үүнийхээ арваадыг нь сааж, цайныхаа сүүг залгуулдаг. Манай хүн айлд тус болж байгаа нэртэй хар бор ажилд нь хүч нэмнэ, харин би 1-13 насны дөрвөн хүүхдүүдтэйгээ гэр зуурын ажлаа хийгээд үлддэг. Өнгөрсөн жилийн зуднаар таван ханатай гэрийнхээ тал хэсгийг малын хашаа болгоод ч нэмэр болсонгүй ээ. Өглөөд л арав, хориороо хорогдож байснаа сүүлдээ хорь, гучаараа хорогдоод эхэлсэн. Цаг хэцүүдээд ирэхээр нөхөр маань ажлаа дийлэхээ байж, бид хоёр чинь хамтдаа гарна шүү дээ. Өглөө 09 цаг гэж гараад, өдөр 13 цаг болж байхад орж ирнэ. Гарахаасаа өмнө хоёр хүүхэддээ галыг нь түлж өгөөд л эгчийг нь /4 настай/ дүүгээ харж байгаарай гэж захиад, бага хүүхдээ /1.2 настай/ алимны цаасан хайрцагт хийчихээд гарна. Гэртээ ороод ирэхэд эгч нь зуухныхаа хаяагаар цагираглаад унтчихсан, дүүгийнх нь бүх бие нь хөхөрчихсөн чарлаж байдаг юм. Том хоёр нь сумын сургуульд сурдаг. Ноднин хоёулаа сургуулийн дотуур байранд байсан, энэ жил дотуур байр нь хүүхэд ихтэй гээд авсангүй, хамаатныхаа айлд суулгаж байгаа. Амралтын өдрүүдэд хоёр хүүхэд маань гэрийнхээ ажилд туслах гээд гүйгээд л ирнэ. Заримдаа сумын төв гэр хоёрын дунд явж байгаад элдэв юм болох вий гэж санаа зовох юм аа. Манайх чинь сумын төвөөсөө бас зайтай шүү дээ. Хааяа манай хүн хүүхдүүдээ тосож, хүргэж өгөх гэж явдаг.
Энэ эмэгтэйн ярианаас хүүхэддээ халамж тавьсангүй гэж хэлэх зүрх хүрсэнгүй ээ. Малчдын амьдрал ийм л байна. Амь зуух ганц арга нь болсон малынхаа хойноос үр хүүхдээ ч гэх завгүй хөөцөлдөнө. Хавар зуд нүүрлэсэн нутгуудаар явж байхад хүүхэддээ гутал авч өгөх мөнгөөр малдаа тэжээл авч өглөө гэж ярих хүнтэй таарч л байлаа. Богд суманд сургуулийн өмнөх насны 270-д хүүхэд байгаагийн 70 хувь нь малчин өрхийн хүүхэд. Сумын “Эрхэс” цэцэрлэг жил бүр гурван бүлэгт 90 хүүхэд авдаг гэнэ. НҮБ-ын Хүүхдийн сангаас Бразилийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр, БСШУЯ, Эрүүл мэндийн яам болон орон нутгийн оролцоотойгоор нээн ажлуулж байгаа гэр цэцэрлэгийг 20 хүүхдийн багтаамжтайгаар өнгөрсөн долдугаар сарын 28-наас эхлүүлэн ажиллуулжээ. Гэр цэцэрлэгт хүүхэд авахдаа цус багадалттай, жин дутуу, ядуу, малчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг багийн дарга болон эмч нарын судалгааг түшиглэн сонгожээ. Гэр цэцэрлэгт ажиллаж буй багш, эмч, сувилагч нарыг хүүхдийг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, зохистой хоол хүнсээр хангах, эцэг эхчүүдэд зөвлөн туслах гэсэн агуулгаар тусгайлан сургалтад хамруулсан гэнэ. Хоёр сар хиртэй ажилласан гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг нутгийн иргэд ихэд дэмжиж дараа жил дахин ажиллуулахыг хүсч байлаа.
М.Нямсайхан