МАХН-д хөдөлгөөн шаардлагатай бол би дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

МАХН-д хөдөлгөөн шаардлагатай бол би дэмжинэ

МАХН-ын удирдлага “Тэрэлжийн тунхаг”-ийг гаргаж, уугуул нэ­­­рээ сэргээн ардчил­сан со­циа­лист үзэл ба­римт­лалаа үндэс­ний ардчилсан оно­лоор со­лих санал дэвшүүлснийг гишүүд нь одоо ид хэлэлцэж байна. Түүний хүрээнд өнгөрсөн баа­сан га­ригт “Шинэ хөг­жил” сан, “МАХН-ын үнэт зүйлийг хам­гаалъя” бүлгэм, “Зөв сонголт” МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хөдөл­гөөн, “Шинэ үе-Ардчилал” ТББ-аас хамт­ран “МАХН-ын шинэч­лэл: Ухрах уу, урагшлах уу?” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг хийсэн юм.

Дөрвөн зуу гаруй тө­лөөлөг­ч­дийн Ерөн­хий­лөгч асан Н.Энх­баяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр,  доктор Н.Даш­зэвэг, Н.Удвал, Л.Оюунгэрэл, А.Цан­жид, МАХН-ын на­рийн бичгийн дарга Ц.Сүх­баатар нарын олны танил цөөн эрхмээс бусад нь дугаар хорооны МАХН-ын үүрүүдийг тө­лөөл­сөн жирийн ги­шүүд байв. Тэд намынхаа удирдлагыг хатуухан шүүмжилж байсан нь МАХН дотор тэр бүр ажиглагддаггүй содон үйл явдал боллоо.

Үг хэлсэн хүн бүрийн амнаас МАХН-ын нэр хүнд, чансаа сонгогчид дунд унасан нь  нэр, үзэл баримтлалаасаа бус намын дээд удирдлага жирийн гишүүдээсээ тасарсан, сонгуулиар хү­лээсэн 1,5 сая төг­рөг бэлнээр олгох улс тө­рийн амлалтаа биелүү­лэхгүй байгаа, дээд хүрээнийхний дунд авли­га, хээл хахууль дэл­гэр­сэн, газрын най­­ма­а­­гаар гаршсан нөхөд олон байгаа зэргээс шалтгаалсан гэсэн үг гарч байсан юм.

Тэд “МАХН бүлгэм дугуйлангаас нам руу, коммунист үзэл суртлаас социал-демократ үзэл баримтлал руу”, “Европ болон Монгол дахь улс төрийн намуудын үзэл баримтлал: За­рим ажиг­ла­лт”, “Улс төрийн нам: Хариуцлаг­­аас зугтах уу, ха­р­иуцлага үүрэх үү?”, “Нам ба гишүүд дэмжигчид: Дарга нараа хянадаг болох уу­?” зэрэг илтгэлүүдийг сонсч үзэл бодлоо илэрхийлцгээлээ. Энэ үеэр “МАХН нэр, онолоосоо болоогүй. Нэрээ солихыг С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх мэдэхгүй, олон мянган гишүүн нь мэднэ. МАХН газрын наймаачид, авлигачдаасаа эхлээд салъя. У.Хүрэлсүхийг МАСЗХ-ны тэргүүн байхад гишүүдээс нь нэг нэгийнхээ амийг хөнөөсөн, улсаас мөнгө идсэн асуудал гарсан. Ц.Чимэдцэрэн “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг идсэн. У.Хүрэлсүх ч үүнд хамаатай. Намын нэр, үзэл баримтлалыг солих биш, дотор нь байгаа энэ мэт идээ бээрийг шахъя. Намын дараагийн их хурлын 801 гишүүнийг намынхаа үүрүүдээс сон­гоё. Тэр квотоор орж ирдэг албан тушаалтнууд үүрүүд дээр өрсөлдөөд гарч ирэх хэрэгтэй. Намд зү­гээр шинэчлэлт бус бүр хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй. Намд мөн­гөтэй залуус бүлэг бүл­гээрээ орж ирж бие биеэ дээш нь татдаг болсон. Энэ нь намын төлөө биш юм ” хэмээн гишүүд хэлж байв.
Уулзалт-хэлэлцүүлэгт оролцсон МАХН-ын ги­шүү­дийн үгээс тоймлон хүргэвэл,

“Монгол” дээд сур­гуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг:

-МАХН-ын жирийн гишүүд үхрээс дор эрх чөлөөтэй байна. Үхэр бол ядахдаа чөлөөтэй мөөрч болдог. МАХН-ын гишүүдэд “мөөрөх” эрх байхгүй. МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг намын үүр, хорооноос сонгодог болъё. Намын дэргэдэх байгууллагын тэргүүнүүдийг өрсөл­дөө­нөөр сонгодог болъё. Ард­чилсан на­мын эмэг­­тэйчүүд гэ­хэд хэд хэдэн хүнийг өрсөлдүүлж Ц.Оюун­гэрэлийг тэргүүнээрээ сонголоо. Манайд бас тийм чөлөөт өрсөлдөөн байх ёстой. МАХН-ын гишүүд дарга нараа хянадаг болох ёстой. МАХН-ын удирдлагаас гаргасан тунхаг бичигт зах зээлийн нийгэмд хүчтэй нь амьдар, хүчгүй нь боль гэсэн зүйл орсон. МАХН-ын шинэ удирдлага хөрөнгөтнүүд учир ба­рууны либерал үзэл баримтлал руу орох гээд байна уу. МАН-ын анхны тунхагт “Хэм тэгш жаргая” гэсэн нь социал демократ үзэл байсан. МАХН дийлэнх иргэдийнхээ өнөөгийн амьжиргааны нөхцөл байдалд тохи­р­сон зүүний бодлогодоо үнэнч байх ёстой. Баян ядуугүй ижилхэн арван хувийн татвар төлдгөө болих хэрэгтэй. Харьцангуй баячуудын эрх ашигт нийцдэг барууны үзэл рүү явахыг зөвшөөрч болохгүй.

Доктор Л.Оюунгэрэл:

-Монгол Улс хөгжиж байгаа ч нийгмийн асуу­дал сайнгүй байна. Зуун мянган хүн гадаадад дүрвэн ажиллаж байна. Дахиад зуун мянган нинжа байна. Хэдэн мянган хүн шоронд хоригдож байна. Бидний үр удам Монголд амьдрах уу, гадаадад дүрвэж амьдрах уу гэсэн асуулт гарч байна. Ийм байхад нэр, үзэл баримтлалаа солилгүй социал-демок­рат үзэл дээрээ байя.

Сонгинохайрхан дүүргийн 48 дугаар үүрийн гишүүн н.Пунцагцэрэн:

-МАХН нэрээсээ бус на­­мын удирдлагын сул доройгоос болж нэр хүнд нь унаж бай­на. Бодит байдлыг шүүмжилсэн хүнд дээр, доргүй дургүй байдаг. МАХН-д шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлэх ёс­той. Сонгинохайрхан дүүр­гийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар МАХН-ын гишүүд бай­сан. Хоорондоо таарал­гүй огцорсон. Одоо ч ажил нь сайнгүй, үүнээс болж иргэд хохирч байна.

Баянгол дүүргийн иргэн, МАХН-ын 1970 оны гишүүн н.Баасандорж:

-МАХН зүүний үзлээ цаашид ч баримтлах ёстой. Намын үзэл баримтлалыг сольж, барууны чиг рүү явахаас татгалзаж байна.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн, МАХН-ын гишүүн н.Бадарч:

-Намын нэрийг со­ли­лоо гээд ажил дээрдэх­гүй. Сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийн гэх тэрбум төгрөг аваад “даший шог” боллоо. Ард түмнийхээ төлөө ажилах цаг болсон шүү.

МУБИС-ийн доктор Ю.Атар:

-МАХН-ын гишүүд бол үзэл баримтлалаа дагаж сайн дураараа элссэн хүмүүс болохоос аппарат биш. Намын нэрийг сольж болох юм. Харин үзэл баримтлалаа соливол гишүүдийн итгэл үнэмшил алдагдана. Улс төрийн намыг дахин үүсгэх хэрэгтэй болно. Нам тарахад хүрнэ. Зүүний байр суурь Монголд үгүй болно. Тэгэхээр энэ бол хэн нэг хүн сайн дураараа хийх ажил биш. Эрх барьсан намын бодлого төрийн бодлого болдог. Нийгэм, ард түмэнд хамаатай болдог. Монголд төлөөллийн нам алга, нам гэхээсээ улс төрийн бүлэглэлийн шинжтэй болсон. Засгийн газар хямарсан байна. Боловсон хүчин шаардлага хангаж чадаж байгаа эсэх нь хамаагүй болсон. Эрх баригч нам бол иргэн, төрийг холбосон гүүр байх ёстой. Монголд нийгмийн хамгааллаа алдсан хүн олон бол­сон. Намын дотоод ард­чилал алдагдаж намын лидер, түүнийг тойрсон маналайлагч, санхүүгийн бүлэглэл үүс­сэн нь ардчилсан нэр­тэй боловч том ухралт.

Доктор Н.Удвал:

-Улс төрийн нам, ха­риуц­­лага хоёр нэг зүй­лийн хоёр тал юм. Улс төрийн нам сонгуульд орж гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Эрх барихаараа нийт иргэдийнхээ өмнө ха­риуц­лага үүрдэг. МАХН-аас сүүлийн сон­гуулиудад оролцсон байдлыг авч үзвэл УИХ-ын 2008 оны сонгуулиар 26 тойргийн 15-д маргаан гарсан. Нэг нь ч шийдэгдээгүй. Үүнээс болж долдугаар сарын 1-ний үймээн болж таван хүний амь үрэгдсэн. Энгийн ард түмэн золиос болж, Монголын түүхэнд хар толбо, эмгэнэл үлд­сэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН ялагдсан. Намын удирд­лагаас хэн ч хариуц­лага хүлээгээгүй. Иргэ­дэд ам­ласан 1,5 сая төгрөг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл, шинээр мэндэлсэн хүүх­дийн мөнгийг өгсөн­гүй. Намын удирд­­лага хэтэвч, тү­рийв­чээрээ нэгддэг болсон. Нам дамнасан олигархи үүслээ. Мон­гол Улсын хууль хам­тарсан Зас­гийн га­зарт үйлч­лэхээ боли­лоо. Шударга гишүү­дээ хя­хан хавч­даг болсон. Өөрсдийн хариуцлагагүйгээс гар­гасан алдаагаа намын нэрээс боллоо гэж үздэг болсон. Төөрөлдсөн, маш ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байна. Баруун, зүүний үзлийг хослуулсан намын тод жишээ бол Италийн фашист нам. Фашист маягийн нам хүчтэй лидерийг хүсдэг. “Шинэ хүн-шинэ үзэл-шинэ бодлого” гэсэн уриа дэв­шүүлдэг. Одоо яриад бай­гаа гурав дахь зам бол төрийг хяналт­гүй байлгах, үндэс­тэн дамнасан кор­порациудын татварыг хөнгөлөх зэрлэг капита­лизмын зам юм.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:

-МАХН хэд хэдэн үнэт зүйлтэй. Хамгийн эхнийх нь намын үзэл баримтлал. Үзэл баримтлал бол намын зүрх сэтгэл. Бие махбодь нь гишүүд. На­мынхаа зүрхийг со­лих гэж байгаа бол гишүүдээсээ асуу. Өөр ритмээр цохилдог зүрх суулгахыг гишүүд зөв­шөөрөх үү, үгүй юү. Үүнд жирийн гишүүд, дэмжигчдийн санал их чухал. Гишүүд дуу­гарахгүй бол нам шинэчлэгдэхгүй. Дарга нар дуугарснаар нам шинэчлэгддэггүй. МАХН-ыг гишүүдийнх нь гарт буцааж өгөх хэрэгтэй. Гарцаа зөв харж намаа шинэчилье. Намаа ухрааж биш, урагш­луулж шинэчлэх хэрэгтэй. Намын их хур­лын гишүүдээ дун­даа­саа чө­лөө­тэй сон­­гоё. МАХН-д өнөөдөр хөдөл­гөөн шаард­лагатай бол би түүнийг дэмжиж ажиллана.
Уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчид энэчлэн ярилц­­­са­ны эцэст зөв­лөмж, дүгнэлт гаргасан юм.

Гаргасан улс төрийн дүгнэлтэд “МАХН-ын өнөө­­гийн удирдлага сон­гуу­лийн амлалтаа бие­лүү­лэх, ард түм­ний аж амьдралыг дээшлүүлэх, төрийн алба­ны хүнд сур­тал, авилга, хээл ха­хууль­тай тэмцэх зэрэг зайлшгүй хийх ёстой үүргээ биелүү­лэхийн оронд улс төрийн хариуц­лагаас зуг­тааж, хуримт­лагдсан асуудлуудаас зайлс­хийж, МАХН-ын ор­шин тогтнохын үндэс болсон уламжлалт онол сур­тахууныг саар­маг­жуу­лан будилуулж, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмш­лийг сулруулж, намын нэр солих, үзэл баримтлал өөрчлөх нэ­рээр  олон түмний анхаар­лыг тул­гамд­сан асууд­луу­даас хөндийрүүлэх гэж оролдож байгааг бид эсэргүүцэж байна.

Хөрөнгөлөг хүмүү­сийн эрхэмлэдэг баруу­ны онол суртахууныг удирдлагын цөөн тооны хүний хүрээнд сэм боловсруулж МАХН-д гэнэт тулгаж байгаагийн цаана тэдний баруун зүүний үзлийг хүчээр нэгтгэн нэг намын тогтолцоог б ий болгож, сайн, муу аргаар хөрөн­гөжсөн цөөнхийн “даран­гуйлал” тог­тоож, өөрсдөө хараа хяналт­гүйгээр дураараа авирлаж, нийг­мийн халамж, үйлчилгээг ард ир­гэ­дийн нуруун дээр үүрүүлэх гэсэн санаархал нуугдаж буй нь илт байна.

Дээрх байдал нь МАХН-ын бүтэц, зо­хион байгуулалт дээ­рээс доошоо саналаа тулгаж болдог, харин доороос дээшээ саналаа хүргэх бололцоогүй, хөшүүн, дарангуйллын шинжтэй байгааг дав­хар нотолж, дарга нар нь гишүүдтэйгээ хариуц­лага тооцох бус, харин гишүүд, дэмжигчид нь дарга нартайгаа хариуц­лага тооцдог ардчилсан бүтэц рүү манай нам яаралтай шилжих шаард­лага­тай болсныг харуулж байна” гэж дурджээ.

Мөн уг арга хэм­жээ­нээс гаргасан зөвлөм­жид “МАХН-ын гишүүд дэмжигчдийн “Шударга ёс, Эв нэгдэл, Эрх чөлөө” хөдөлгөөн байгуулахыг дэмжих, намын нэр, үзэл баримт­лалын асууд­лаар улс орны хэм­жээнд намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн, чөлөөтэй хэлэл­цүүлэг явуулах, МАХН-ын зүүн төвийн үзэл баримтлалыг дэмж­дэг гишүүд дэмжигч­дийн гарын үсгийг цуглуу­лах ажлыг зохион байгуулах зэрэг ажил хийхээр тусгалаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж