
Дөрвөн зуу гаруй төлөөлөгчдийн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, доктор Н.Дашзэвэг, Н.Удвал, Л.Оюунгэрэл, А.Цанжид, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нарын олны танил цөөн эрхмээс бусад нь дугаар хорооны МАХН-ын үүрүүдийг төлөөлсөн жирийн гишүүд байв. Тэд намынхаа удирдлагыг хатуухан шүүмжилж байсан нь МАХН дотор тэр бүр ажиглагддаггүй содон үйл явдал боллоо.
Үг хэлсэн хүн бүрийн амнаас МАХН-ын нэр хүнд, чансаа сонгогчид дунд унасан нь нэр, үзэл баримтлалаасаа бус намын дээд удирдлага жирийн гишүүдээсээ тасарсан, сонгуулиар хүлээсэн 1,5 сая төгрөг бэлнээр олгох улс төрийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээд хүрээнийхний дунд авлига, хээл хахууль дэлгэрсэн, газрын наймаагаар гаршсан нөхөд олон байгаа зэргээс шалтгаалсан гэсэн үг гарч байсан юм.
Тэд “МАХН бүлгэм дугуйлангаас нам руу, коммунист үзэл суртлаас социал-демократ үзэл баримтлал руу”, “Европ болон Монгол дахь улс төрийн намуудын үзэл баримтлал: Зарим ажиглалт”, “Улс төрийн нам: Хариуцлагаас зугтах уу, хариуцлага үүрэх үү?”, “Нам ба гишүүд дэмжигчид: Дарга нараа хянадаг болох уу?” зэрэг илтгэлүүдийг сонсч үзэл бодлоо илэрхийлцгээлээ. Энэ үеэр “МАХН нэр, онолоосоо болоогүй. Нэрээ солихыг С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх мэдэхгүй, олон мянган гишүүн нь мэднэ. МАХН газрын наймаачид, авлигачдаасаа эхлээд салъя. У.Хүрэлсүхийг МАСЗХ-ны тэргүүн байхад гишүүдээс нь нэг нэгийнхээ амийг хөнөөсөн, улсаас мөнгө идсэн асуудал гарсан. Ц.Чимэдцэрэн “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг идсэн. У.Хүрэлсүх ч үүнд хамаатай. Намын нэр, үзэл баримтлалыг солих биш, дотор нь байгаа энэ мэт идээ бээрийг шахъя. Намын дараагийн их хурлын 801 гишүүнийг намынхаа үүрүүдээс сонгоё. Тэр квотоор орж ирдэг албан тушаалтнууд үүрүүд дээр өрсөлдөөд гарч ирэх хэрэгтэй. Намд зүгээр шинэчлэлт бус бүр хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй. Намд мөнгөтэй залуус бүлэг бүлгээрээ орж ирж бие биеэ дээш нь татдаг болсон. Энэ нь намын төлөө биш юм ” хэмээн гишүүд хэлж байв.
Уулзалт-хэлэлцүүлэгт оролцсон МАХН-ын гишүүдийн үгээс тоймлон хүргэвэл,
“Монгол” дээд сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг:
-МАХН-ын жирийн гишүүд үхрээс дор эрх чөлөөтэй байна. Үхэр бол ядахдаа чөлөөтэй мөөрч болдог. МАХН-ын гишүүдэд “мөөрөх” эрх байхгүй. МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг намын үүр, хорооноос сонгодог болъё. Намын дэргэдэх байгууллагын тэргүүнүүдийг өрсөлдөөнөөр сонгодог болъё. Ардчилсан намын эмэгтэйчүүд гэхэд хэд хэдэн хүнийг өрсөлдүүлж Ц.Оюунгэрэлийг тэргүүнээрээ сонголоо. Манайд бас тийм чөлөөт өрсөлдөөн байх ёстой. МАХН-ын гишүүд дарга нараа хянадаг болох ёстой. МАХН-ын удирдлагаас гаргасан тунхаг бичигт зах зээлийн нийгэмд хүчтэй нь амьдар, хүчгүй нь боль гэсэн зүйл орсон. МАХН-ын шинэ удирдлага хөрөнгөтнүүд учир барууны либерал үзэл баримтлал руу орох гээд байна уу. МАН-ын анхны тунхагт “Хэм тэгш жаргая” гэсэн нь социал демократ үзэл байсан. МАХН дийлэнх иргэдийнхээ өнөөгийн амьжиргааны нөхцөл байдалд тохирсон зүүний бодлогодоо үнэнч байх ёстой. Баян ядуугүй ижилхэн арван хувийн татвар төлдгөө болих хэрэгтэй. Харьцангуй баячуудын эрх ашигт нийцдэг барууны үзэл рүү явахыг зөвшөөрч болохгүй.
Доктор Л.Оюунгэрэл:
-Монгол Улс хөгжиж байгаа ч нийгмийн асуудал сайнгүй байна. Зуун мянган хүн гадаадад дүрвэн ажиллаж байна. Дахиад зуун мянган нинжа байна. Хэдэн мянган хүн шоронд хоригдож байна. Бидний үр удам Монголд амьдрах уу, гадаадад дүрвэж амьдрах уу гэсэн асуулт гарч байна. Ийм байхад нэр, үзэл баримтлалаа солилгүй социал-демократ үзэл дээрээ байя.
Сонгинохайрхан дүүргийн 48 дугаар үүрийн гишүүн н.Пунцагцэрэн:
-МАХН нэрээсээ бус намын удирдлагын сул доройгоос болж нэр хүнд нь унаж байна. Бодит байдлыг шүүмжилсэн хүнд дээр, доргүй дургүй байдаг. МАХН-д шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлэх ёстой. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар МАХН-ын гишүүд байсан. Хоорондоо тааралгүй огцорсон. Одоо ч ажил нь сайнгүй, үүнээс болж иргэд хохирч байна.
Баянгол дүүргийн иргэн, МАХН-ын 1970 оны гишүүн н.Баасандорж:
-МАХН зүүний үзлээ цаашид ч баримтлах ёстой. Намын үзэл баримтлалыг сольж, барууны чиг рүү явахаас татгалзаж байна.
Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн, МАХН-ын гишүүн н.Бадарч:
-Намын нэрийг солилоо гээд ажил дээрдэхгүй. Сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийн гэх тэрбум төгрөг аваад “даший шог” боллоо. Ард түмнийхээ төлөө ажилах цаг болсон шүү.
МУБИС-ийн доктор Ю.Атар:
-МАХН-ын гишүүд бол үзэл баримтлалаа дагаж сайн дураараа элссэн хүмүүс болохоос аппарат биш. Намын нэрийг сольж болох юм. Харин үзэл баримтлалаа соливол гишүүдийн итгэл үнэмшил алдагдана. Улс төрийн намыг дахин үүсгэх хэрэгтэй болно. Нам тарахад хүрнэ. Зүүний байр суурь Монголд үгүй болно. Тэгэхээр энэ бол хэн нэг хүн сайн дураараа хийх ажил биш. Эрх барьсан намын бодлого төрийн бодлого болдог. Нийгэм, ард түмэнд хамаатай болдог. Монголд төлөөллийн нам алга, нам гэхээсээ улс төрийн бүлэглэлийн шинжтэй болсон. Засгийн газар хямарсан байна. Боловсон хүчин шаардлага хангаж чадаж байгаа эсэх нь хамаагүй болсон. Эрх баригч нам бол иргэн, төрийг холбосон гүүр байх ёстой. Монголд нийгмийн хамгааллаа алдсан хүн олон болсон. Намын дотоод ардчилал алдагдаж намын лидер, түүнийг тойрсон маналайлагч, санхүүгийн бүлэглэл үүссэн нь ардчилсан нэртэй боловч том ухралт.
Доктор Н.Удвал:
-Улс төрийн нам, хариуцлага хоёр нэг зүйлийн хоёр тал юм. Улс төрийн нам сонгуульд орж гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Эрх барихаараа нийт иргэдийнхээ өмнө хариуцлага үүрдэг. МАХН-аас сүүлийн сонгуулиудад оролцсон байдлыг авч үзвэл УИХ-ын 2008 оны сонгуулиар 26 тойргийн 15-д маргаан гарсан. Нэг нь ч шийдэгдээгүй. Үүнээс болж долдугаар сарын 1-ний үймээн болж таван хүний амь үрэгдсэн. Энгийн ард түмэн золиос болж, Монголын түүхэнд хар толбо, эмгэнэл үлдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН ялагдсан. Намын удирдлагаас хэн ч хариуцлага хүлээгээгүй. Иргэдэд амласан 1,5 сая төгрөг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл, шинээр мэндэлсэн хүүхдийн мөнгийг өгсөнгүй. Намын удирдлага хэтэвч, түрийвчээрээ нэгддэг болсон. Нам дамнасан олигархи үүслээ. Монгол Улсын хууль хамтарсан Засгийн газарт үйлчлэхээ болилоо. Шударга гишүүдээ хяхан хавчдаг болсон. Өөрсдийн хариуцлагагүйгээс гаргасан алдаагаа намын нэрээс боллоо гэж үздэг болсон. Төөрөлдсөн, маш ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байна. Баруун, зүүний үзлийг хослуулсан намын тод жишээ бол Италийн фашист нам. Фашист маягийн нам хүчтэй лидерийг хүсдэг. “Шинэ хүн-шинэ үзэл-шинэ бодлого” гэсэн уриа дэвшүүлдэг. Одоо яриад байгаа гурав дахь зам бол төрийг хяналтгүй байлгах, үндэстэн дамнасан корпорациудын татварыг хөнгөлөх зэрлэг капитализмын зам юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-МАХН хэд хэдэн үнэт зүйлтэй. Хамгийн эхнийх нь намын үзэл баримтлал. Үзэл баримтлал бол намын зүрх сэтгэл. Бие махбодь нь гишүүд. Намынхаа зүрхийг солих гэж байгаа бол гишүүдээсээ асуу. Өөр ритмээр цохилдог зүрх суулгахыг гишүүд зөвшөөрөх үү, үгүй юү. Үүнд жирийн гишүүд, дэмжигчдийн санал их чухал. Гишүүд дуугарахгүй бол нам шинэчлэгдэхгүй. Дарга нар дуугарснаар нам шинэчлэгддэггүй. МАХН-ыг гишүүдийнх нь гарт буцааж өгөх хэрэгтэй. Гарцаа зөв харж намаа шинэчилье. Намаа ухрааж биш, урагшлуулж шинэчлэх хэрэгтэй. Намын их хурлын гишүүдээ дундаасаа чөлөөтэй сонгоё. МАХН-д өнөөдөр хөдөлгөөн шаардлагатай бол би түүнийг дэмжиж ажиллана.
Уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчид энэчлэн ярилцсаны эцэст зөвлөмж, дүгнэлт гаргасан юм.
Гаргасан улс төрийн дүгнэлтэд “МАХН-ын өнөөгийн удирдлага сонгуулийн амлалтаа биелүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, төрийн албаны хүнд суртал, авилга, хээл хахуультай тэмцэх зэрэг зайлшгүй хийх ёстой үүргээ биелүүлэхийн оронд улс төрийн хариуцлагаас зугтааж, хуримтлагдсан асуудлуудаас зайлсхийж, МАХН-ын оршин тогтнохын үндэс болсон уламжлалт онол суртахууныг саармагжуулан будилуулж, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшлийг сулруулж, намын нэр солих, үзэл баримтлал өөрчлөх нэрээр олон түмний анхаарлыг тулгамдсан асуудлуудаас хөндийрүүлэх гэж оролдож байгааг бид эсэргүүцэж байна.
Хөрөнгөлөг хүмүүсийн эрхэмлэдэг барууны онол суртахууныг удирдлагын цөөн тооны хүний хүрээнд сэм боловсруулж МАХН-д гэнэт тулгаж байгаагийн цаана тэдний баруун зүүний үзлийг хүчээр нэгтгэн нэг намын тогтолцоог б ий болгож, сайн, муу аргаар хөрөнгөжсөн цөөнхийн “дарангуйлал” тогтоож, өөрсдөө хараа хяналтгүйгээр дураараа авирлаж, нийгмийн халамж, үйлчилгээг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэх гэсэн санаархал нуугдаж буй нь илт байна.
Дээрх байдал нь МАХН-ын бүтэц, зохион байгуулалт дээрээс доошоо саналаа тулгаж болдог, харин доороос дээшээ саналаа хүргэх бололцоогүй, хөшүүн, дарангуйллын шинжтэй байгааг давхар нотолж, дарга нар нь гишүүдтэйгээ хариуцлага тооцох бус, харин гишүүд, дэмжигчид нь дарга нартайгаа хариуцлага тооцдог ардчилсан бүтэц рүү манай нам яаралтай шилжих шаардлагатай болсныг харуулж байна” гэж дурджээ.
Мөн уг арга хэмжээнээс гаргасан зөвлөмжид “МАХН-ын гишүүд дэмжигчдийн “Шударга ёс, Эв нэгдэл, Эрх чөлөө” хөдөлгөөн байгуулахыг дэмжих, намын нэр, үзэл баримтлалын асуудлаар улс орны хэмжээнд намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн, чөлөөтэй хэлэлцүүлэг явуулах, МАХН-ын зүүн төвийн үзэл баримтлалыг дэмждэг гишүүд дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажил хийхээр тусгалаа.
Д.ОЮУНЦЭЦЭГ