Хязгаарлагдмал казиногийн хууль

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Хязгаарлагдмал казиногийн хууль

Урьд өмнө манайд энэ мэт “Монгол хүнд хориотой” зохицуулалт агуулсан хууль үйлчилж байсангүй. Харин ирэх намрын чуулганаар ийм зүйл заалттай хууль төрж магадгүй болоод байгаа юм. Энэ бол  УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Ханхярваа, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл нарын нэр бүхий 10 гишүүний санаачилсан Хязгаарлагдмал казиногийн тухай 8 бүлэг, 38 зүйлтэй хуулийн төсөл юм. Одоогоор хуулийн төсөлд Засгийн газар саналаа өгөхөөр бэлтгэж байна. Мөн өнгөрөгч баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас Казиногийн хуулийн төсөл дээр УИХ-ын Тамгын газар болон бусад судлаачдыг оролцуулсан хуулийн баг ажиллуулж, хууль зүйн зөвлөмж, дүгнэлт гаргуулахаар тогтжээ.

Хоёр хөршид энэ төрлийн бизнесийг эрхлэхгүй, эрхлэхийг түр зогсоосон байгааг хууль санаачлагчид “сэрэмжлүүлэг” гэдэг талаас нь биш “боломж” хэмээн харсан бололтой. Мэдээж эдийн засгийн талаас нь хэрэглэгчийн судалгааг хийж үзвэл Монгол улс тэр чигээрээ Казиногийн орон болсон ч эрэлт байсаар байх биз. Энэ том зах зээлийг харсан том бизнесмэнүүдэд энэ хууль шууд хамааралтай байх болно. Харин орох ч эрхгүй энгийн иргэдийн хувьд шууд хамаарахгүй нь тодорхой юм.

Казиногийн бизнес нь олон улсын хэмжээнд дэлгэрч араасаа аялал жуулчлал, зочид буудал, түүний дагалдах үйлчилгээнээс ихээхэн хэмжээний орлого оруулдаг гэдэг нь хэдийнээ нотлогдсон. Казиногийн бизнесийг дагалдан олон ажлын байр бий болж болох л юм. Хэрвээ Монголчуудыг тоож ажилд авах юм бол үйлчлэгч, бие хамгаалагч, тэр ч байтугай биеэ үнэлэгч гээд цөөнгүй хүн ажилтай болно. Ер нь энд ажиллах хүмүүсийг одооноос бэлтгээд эхэлсэнийг ч үгүйсгэхгүй. Покерийн диллерийн сургалтын зар, тусгай ширээ сандал, хэрэгслийн наймаа сүүлийн үед сонсогдох болсноос үзвэл энэ таамаглал нэг их буруудахгүй биз. Ийнхүү мөрийтэй тоглоомыг хуульчлах “ажиллагаа” хуулийн дагуу явсаар байна.

Гэхдээ энэ ажиллагаа дэлхийн түүхэнд ч, Монголчуудын хувьд ч шинэ биш гэдгийг санах хэрэгтэй. Казиногийн түүхийг 1861 онд Италийн Монте-Карлод мөрийтэй тоглоомын газар нээснээр эхэлсэн гэж тооцдог аж. Улмаар улс орон бүрт түгэн дэлгэрч, хууль эрх зүйн орчныг ч үүсгэсэн байна.  Харин Монголд 1990-ээд оноос мөрийтэй тоглоомын хэлбэрүүд хуулийн бус хүрээнд өрнөж эхэлжээ. Иймд энэ харилцааг хуулийн баталгаатай орчинд хөгжүүлэхээр 1998 онд анх Х.Байгаль, Д.Баттулга, С.Батчулуун нарын гишүүд “Казиногийн хууль”-ийг санаачлан батлуулжээ. Гэвч удалгүй уг хуулийг санаачлан батлуулахад  казино байгуулах монополь эрхийг Малайзын компаний лоббигоор явуулсан хэмээн сэрдэгдэж хууль санаачлагч гишүүдийг шоронд хийж, баталсан хуулийг нь хүчингүй болгосон юм.

Эндээс л бид казиног “хар” өнгөөр төсөөлөх болов. Үүний дараагаар 2007 онд  Р.Нямсүрэн, А.Мурат, Батж.Батбаяр, К.Сайраан, Р.Гончигдорж, А.Бакей нарын гишүүд Казиногийн хуулийг санаачлан дахин зүтгүүлсэн байдаг. Уг хуулийн төсөлд казиног эдийн засгийн чөлөөт бүс, хилийн боомт, олон улсын нисэх онгоцны буудалд байгуулахаар зааж, монгол хүн тэнд тоглохыг хориглосон зохицуулалт оруулсан байв. Тухайн үед дээрх төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхээс татгалзсан тул нэгдсэн чуулганаар оруулсангүй. Учир нь Л.Гүндалай гишүүн хуулийн төслийг санаачлагчид нь тухайлан нэг компанид зориулж уг төслийг боловсруулсан хэмээн хардаж, өөрөө бас нэг төсөл санаачилжээ.

Хууль батлагдахгүй байгаа нь хуулийн төслийн агуулгаас илүүтэй, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж байлаа.   

Ийнхүү 1998-1999 онд УИХ-аар батлагдаад хүчингүй болсон хууль, мөн 2003-2004 онуудад мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хэсэг зуур хугацаанд зөвшөөрч явуулсан туршилтын ажиллагааны эцэст “цаг нь болоогүй” гэх дардас даруулаад чимээгүй болов. Одоо харин монголчуудын хувьд цаг нь болоогүй ч гадаадынханд бол цагаасаа хоцроод буй хуулийн төслийг санаачилсан нь энэ аж. Хуулийн төсөлд “Хорооноос казинод нэвтрэх зөвшөөрөл авсан хяналт, шалгалтын байгууллагын ажилтнуудаас бусад Монгол Улсын иргэн, 18 нас хүрээгүй гадаадын иргэд, гэмт хэрэгтэн, эрх зүйн чадамжгүй хүмүүс болон мансуурсан этгээд, Хорооны гишүүд, тухайн казиногийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд зэрэг хүмүүсийг нэвтрэхийг хориглоно” гэж заажээ. Ийнхүү өмнө байсан хуулийн төслийн үзэл баримтлалыг бараг хэвээр хадгалсан, монголчуудаа “хүрээний гадна гаргах” хуулийн төслийг гаргах болсон нь урьд өмнө Монголд байгуулагдсан казинод олон иргэд тоглож хохирол амссантай холбоотой юм. “Монгол хүн тогловол мөнгөө алдана, хориглох нь зүйтэй” гэж үзсэн бололтой. Манай улс шиг иргэдийнхээ төлөө ийнхүү анхаарал тавьдаг “патерналист” улс цөөхөн бий. Тиймдээ ч гэртээ найзуудтайгаа бооцоотой тоглож байхад нь дайран орж мөрийтэй тоглох нь хориотой хэмээн баривчилж байх вэ дээ. Өөрсдийнх нь мөнгийг өөрсдөөс нь хамгаалах эцэг нь мэт хандах энэ үзлийг л “патерналист” гээд байгаа шүү дээ.  
 
Хэрэв энэ мэт жижиг зүйлээ хянаж цагддаг шигээ томоохон асуудал дээр хяналт хэрэгжүүлж чаддаг болвол энэ хуулийн дараагаар төрөх казино жинхэнэ үр өгөөжөө өгч чадна. Уг нь дээрх төсөлд Монгол Улсын Засгийн газар нь тусгай зөвшөөрөл олгогчийн хувьд Казиногийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчийн хувьцааны төрийн мэдлийн тодорхой хувийг гэрээний үндсэн дээр эзэмших, Засгийн газраас нийгэм эдийн засгийн хөгжил болон үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Казиногийн үйл ажиллагаа болон казиногийн талаарх төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой асуудлыг зохицуулах зэргээр хяналт тавих аргуудыг суулгасан аж.

Зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэй байгаа үед ийн хөгжлийн шинэ тулгуур хайж буй хууль санаачлагчдийг буруутгах арга байхгүй.

Макаогийн зах зээлд мөрийтэй тоглоомоос олсон орлого 2001 онд 2,3 тэрбум ам доллар байсан бол 2006 онд 7,0 тэрбум ам доллар болсон. Нивадагийн тоглоомын хяналтын зөвлөлийн мэдээгээр ЛасВегас 2006 онд 6,5 тэрбум ам доллар, Атлантик хот мөн онд 5,2 тэрбум ам долларын орлого олсон байна. Азийн бусад Малайз, Хойд болон Өмнөд Солонгос, Филиппин, Камбож, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад казиногийн бизнес хурдтай хөгжиж байна. Мөн Сингапур улсад саяхан казино тоглоомыг хуульчилсан бөгөөд ЛасВегас Сэндс компанид казиногийн лицензээ өгч үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Япон улсад Токио хотын захиргаа судалгаа явуулж Окинава хотын ойролцоо казино байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн зэргээс нь харвал казиног зөв хууль, зөв аргаар хэрэглэж чадвал Монголын эдийн засгийг тулаад босоод ирэх ч төсөл байж болохоор юм.

Хэрэв үнэхээр Казиногийн хуулийг боловсруулахдаа олон улсад одоо мөрдөгдөж байгаа стандартыг харгалзан түүнд тавигдах шаардлага, зайлшгүй мөрдүүлэх зүйл, заалтыг нарийвчлан тусгаж, хуулийн хүчин чадлыг алдагдуулахгүй аваас татварын орлого үлэмж нэмэгдэх, улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж