Азийн оюутны спортын холбооны Ерөнхий ассамблей хуралдлаа | News.MN

Азийн оюутны спортын холбооны Ерөнхий ассамблей хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Азийн оюутны спортын холбооны Ерөнхий ассамблей хуралдлаа

БНХАУ-ын Шин жинь хотноо Азийн Оюутны Спортын холбооны Ерөнхий Асамблейн 6 дугаар хуралдаан энэ сарын 20-24ны өдрүүдэд зохион байгуулагдаж МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар оролцоод ирлээ. Тус хуралдаанд АОСХ-ны гишүүн 30 орчим орны 60 гаруй төлөөлөгчид оролцон 2004-2010 онд АОСХ-ноос хийж гүйцэтгэсэн ажил, зохион байгуулсан тэмцээний талаар мэдээлэл хийн тайлагнав.

Дээрхи хугацаанд Ази тивийн аварга шалгаруулах 14 тэмцээнийг зохион байгуулсан бол манай тамирчидын хувьд 10 тэмцээнд 168 тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүсээ хамруулан оролцуулсан билээ. Бид 2008 онд өөрийн эх орондоо Азийн оюутны аварга шалгаруулах Ширээний теннисний анхдугаар тэмцээнийг амжилттай явуулсан юм. МОСХолбоо нь бусад гишүүн орнуудаасаа тэмцээнд оролцуулсан баг тамирчид, үйл ажиллагаагаараа Ази тивийн хамгийн идэвхитэй спортын холбоонд зүй ёсоор багтаж орсныг Ерөнхий ассамблейн хуралдаан дээр онцлон ярилцжээ.

Хуралдаанаар 2010-2016 онуудад тус холбооноос хийх ажлын төлөвлөгөө, үндсэн чиглэлээ хэлэлцэн батласан ба Гүйцэтгэх хорооны удирдлагуудаа дахин сонголоо. АОСХ-ны Ерөнхийлөгчөөр БНХАУ-ын иргэн Зан Шиншинг, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Арабын нэгдсэн Эмират улсын иргэн А.Омар, дэд ерөнхийлөгчөөр Хятадын Тайваны иргэн Ч.Куннинг, БНСУ-ын иргэн Н.Чанг, Ерөнхий санхүүчээр Сингапурын иргэн Ч.Сеетов, ерөнхий нарийн бичгийн даргаар К.Чов, ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор БНХАУ-ын Янчин Шу,  Гүйцэтгэх хорооны гишүүдээр Японы Х.Игараши, Тайландын П.Прееча, Ираны Т.Махди болон Монголын иргэн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг сонгон батлажээ.

АОСХ-ноос 2012 онд  Азийн оюутны спортын анхдугаар их наадмыг явуулахаар төлөвлөж байгаа ба  2016 он хүртэлх хугацаанд 20 орчим удаа тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Манай оронд 2012 онд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн волейболын хоёрдугаар тэмцээнийг зохион байгуулах асуудлаар Азийн ОСХолбоо Монголын хүсэлтийг хүлээн авсан ба одоо зохих журмын дагуу Эрүүл мэндийн болон Сангийн сайдын түвшинд энэхүү асуудал яригдаж байна. Энэхүү тэмцээнийг явуулах тухай МОСХолбооны гаргасан саналыг БТСГазар, Монголын волейболын холбоо дэмжиж байгаа юм. Энэхүү тэмцээний эрх олгох асуудлыг АОСХ-ны Гүйцэтгэх хорооны ээлжит хуралдаанаар 2011 оны 5 сард Алмата хотноо шийдвэрлэхээр болжээ.

Энэ төрлөөр манай эмэгтэй баг тамирчид 2008 оны 10 сард Тайландын улсын  Бангкок хотноо болсон анхдугаар тэмцээнээс 4 орны баг тамирчдыг хожин БНХАУ, Тайландын багийн дараа 3 дугаар байрт орж сайхан амжилт үзүүлж байв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-26 203.91.117.3

Азийн Волейболын оюутны тэмцээнийг авах л хэрэгтэй Манай эмэгтэйчүүд сайн шүү Харин энэ тэмцээнээ шинэ зааланд хийх нь зөв

Avatar

Зочин 2010-09-26 203.91.117.3

Болж байна Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж