Байгаль орчны хэлэлцүүлэг баруун бүсээс эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Байгаль орчны хэлэлцүүлэг баруун бүсээс эхлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баруун болон говийн бүсийн аймгуудыг хамруулсан “Байгаль хамгаалал-Бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг семинар Ховд, Өмнөговь аймагт саяхан болсон. БОАЖЯ, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулсан энэ семинарт баруун бүсээс Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймаг, говийн бүсээс Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн удирдлага, мэргэжилтнүүд болон салбарынхан оролцсон юм. Баруун бүсийн уулзалтад  БОАЖ-ын сайд Л.Гансүх оролцсон бол говийн бүсийнхэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь оролцож, яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, орон нутгийнхны санал бодлыг нээлттэй сонсчээ. Энэ оны эхний хагаст батлуулсан “Ус үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, одоо боловсруулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөр, Монгол Улсын байгаль орчны мастер төлөвлөгөөний бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулахад орон нутгийн төлөөллөөс санал авч хэлэлцэх нь энэ семинар, хэлэлцүүлгийн үндсэн зорилго байв.

    “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг энэ оны дөрөвдүгээр сард, “Ус үндэсний хөтөлбөр”-ийг тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийнхны оролцоо чухал гэдгийг онцлов. Төв болон зүүн бүсийн хэлэлцүүлэг семинар ирэх сард Дорнод, Дархан-Уул аймагт үргэлжлэх юм байна.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж