Цагаан будаа хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Цагаан будаа хямдарчээ

Хүнсний гол нэрийн барааны үнэ, есдүгээр сарын 22-ны байдлаар ямар байгааг Үндэсний статистикийн газраас судалж үзжээ. Энэхүү мэдээллийг бид бүрэн эхээр нь толилуулж байна.

Махны үнэ буурсан хэвээр

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.4 хувь, өмнөх долоо хоногийнхоос хоёр хувиар тус тус буурсан байна.

Махны дундаж үнэ: Хонины махны үнэ өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 9.6-11.6 хувь, үхрийн махны үнэ 8.7-9.8 хувь, адууны махны үнэ 11.9 хувь, ямааны махны үнэ 2.3 хувиар тус тус буурчээ. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.4-3.9 хувь, үхрийн махны үнэ 2.5-4.4 хувь,  адууны мах 1.5 хувиар буурч, ямааны махны үнэ 2.3 хувиар өссөн байна. Есдүгээр сарын 22-ны байдлаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3411 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3838 төгрөг, ямааны мах – 2660 төгрөг, адууны мах – 2600 төгрөг, хонины цул мах – 3550 төгрөг, үхрийн цул мах – 4375 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Зураг 1. Ястай махны жижиглэн худалдах үнэ

Зураг 2. Цул махны жижиглэн худалдах үнэ
 

          

“Алтан тариа”-ны гурилын үнэ тогтворжжээ

Есдүгээр сарын 22-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий  задгай дээд гурилын үнэ 5.1 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 4.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.5 хувь, “Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 1.7 хувь, дээд гурилын үнэ 5.5 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ таван хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.3 хувь, орос дээд ба нэгдүгээр зэргийн гурилын үнэ 4.7-8.8 хувь, хятад дээд гурилын үнэ 3.7 хувиар тус тус өссөн байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ний задгай ба савласан гурилын үнэ тогтвортой харин импортын орос дээд ба нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.9-4.6 хувь, хятад дээд гурилын үнэ 2.9 хувиар тус тус өссөн байна.

Зураг 3. Дээд гурилын жижиглэн худалдах үнэ
 

 Зураг 4. I,II зэргийн гурилын жижиглэн худалдах үнэ
 

          

Будааны үнэ буурав

Есдүгээр сарын 22-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.4 хувиар буурчээ. Харин өмнөх 7 хоногийнхоос үнэд өөрчлөлт ороогүй байна. Шар будааны үнэ өмнөх 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.3 хувиар өссөн байлаа. Элсэн чихрийн үнэ өмнөх 8 дугаар сарын дундаж үнээс 10.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.6 хувиар тус тус өсчээ (Зураг 5).

Зураг 5
 


Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:
2010 оны 9-р сарын 22-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 4.5 хувь, байцааны үнэ 9.5 хувь, луувангийн үнэ 13.3 хувь, манжингийн үнэ 14.6 хувь, сонгины үнэ 2.4 хувиар тус тус буурчээ. Харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.9 хувь, байцааны үнэ 6.6 хувь, манжингийн үнэ 4.3 хувиар тус тус буурчээ. Харин лууван, сонгины үнэ харьцангуй тогтвортой байв.

Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2010 оны 9-р сарын 22-ны байдлаар өмнөх 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад шингэн сүүний үнэ 13.0 хувиар өсч, ургамлын тосны үнэ 0.4 хувиар буурчээ. Цөцгийн тос, өндөгний үнэ тогтвортой байна. Дээрх бүтээгдэхүүний үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ 4.1 хувиар өсч, бусад бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байлаа.
    
Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар

Хүнсний гол нэрийн барааны 7 хоногийн үнийн судалгаанд  аймгийн төвүүдээс  гурил, хонь, үхрийн мах, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна (Хавсралт хүснэгт 3).

Гурилын үнэ
: 2010 оны 9-р сарын 22-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-р зэргийн гурилын үнэ 640-900 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнэ өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймагт 30-100 төгрөгөөр өсч, бусад аймагт үнэ тогтвортой байлаа. Булган, Дорнод аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 640 төгрөг байхад Өмнөговь аймагт 900 төгрөг байгаа нь өндөр үнэ байна.

Махны үнэ:
2010 оны 9-р сарын 22-ны байдлаар хонины махны дундаж үнэ өмнөх 7 хоногийнхоос Булган, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 100-500 төгрөгөөр буурч, Архангай, Дорнод, Дундговь, Ховд, Говьсүмбэр аймагт 50-200 төгрөгөөр өссөн байна. Харин бусад аймагт тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь аймагт өндөр буюу 3500 төгрөг байхад Өвархангай аймагт 2000 төгрөг байгаа нь хямд үнэ байна. Үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Булган, Өвөрхангай, Сүхбаатар аймагт 300-500 төгрөгөөр буурч, Архангай, Дорнод, Ховд аймагт 200-700 төгрөгөөр өсчээ. Бусад аймагт үхрийн махны үнэ харьцангуй тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах худалдаанд байхгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 4500 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад Увс аймагт 2300 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Малын сүүний үнэ:
2010 оны 9-р сарын 22-ны байдлаар малын сүү аймгуудад 600-1900 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Сүүний үнэ Говь-Алтай, Ховд аймагт тус бүр 100 төгрөгөөр буурч, Дорнод, Сүхбаатар, Увс, Хэнтий аймагт 500-300 төгрөгөөр өссөн байна. Сүүний үнэ Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хямд буюу 600 төгрөг байхад Дундговь аймагт үнэ хамгийн өндөр буюу 1900 төгрөг байна.

Цагаан будаа, элсэн чихрийн үнэ: 2010 оны 9-р сарын 22-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх долоо хоногийнхоос Дундговь, Увс аймагт 10-30 төгрөгөөр өсч, Сэлэнгэ аймагт 100 төгрөгөөр буурсан байна. Бусад аймагт үнэ харьцангуй тогтвортой байна. Аймгуудад цагаан будаа 1 кг нь 1500-2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Дорнод аймагт 50 төгрөгөөр буурч, Төв аймагт 200 төгрөгөөр өсчээ. Бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1 кг нь 1630-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж