
Тэгвэл В.Якунины монгол “матрёшка” хэн бэ. Тавантолгой тийш татах төмөр замын ажил ирэх хавар эхэлнэ. Энэ сургаар их мөнгө, эрх ашгийн төлөө дээр, дооргүй амбицалж байна. Тэр тусмаа албандаа жинхлэх хүсэл Д.Жигжиднямааг нойргүй хонуулж байгаа. Гагц түүгээр ч зогсохгүй олон хүн “Улаанбаатар төмөр зам”-ын даргын суудлыг эзлэхийн төлөө сэрүүн зүүдэлсээр.
Өнгө, мөнгө хосолсон монголчуудын шунал дээр Москва тоглохоор шийджээ. Тиймээс ноён В.Якунин Д.Жигжиднямааг тус нийгэмлэгийн даргад зүтгүүлэх лоббигоо хийх гэж байв. Харамсалтай нь монголчууд оросуудтай ийм тохиролцоо хийхээс зайлсхийж байна. Тиймээс Улаанбаатар “Монголын дотоод асуудалд та нар оролцох хэрэггүй. Асуудлаа бид шийднэ” хэмээн Москвад мэдэгдлээ. Д.Жигжиднямааг “РЖД”-ийн ерөнхийлөгч санал болгохоос гадна махны ченж гэгдэх Д.Сүхбат, В.Морозов нар зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий.
В.Якунины санаанд Монгол төдийгүй Ази, Европ тэр чигтээ багтжээ. Тэрбээр энэ сарын 21-нд Берлин хотноо Францын төмөр замын байгууллагын ерөнхийлөгч Г.Пепитэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Оросууд SNCF буюу Францын төмөр замын байгууллагатай хамтран тив дамнасан тээвэрлэлт хийхээр болов. Орос ноёнтон энэ өдөр Евроазийн төмөр замын салбарынхны уулзалтад оролцож “Атлантын далайгаас Номхон далай хүртэлх орон зайг оросууд эзэгнэнэ” хэмээн мэдэгдлээ. Зүүнээс баруун, хойноос урд. Төмөр замын хүчээр геополитикт хаанчлах Москвагийн бодлого энэ аж. В.Якунины мэдэгдлээс харвал, Москва болон “РЖД”-д ийм том бодол бий. Харин Монгол бол орос санаархлыг хэрэгжүүлэх багахан объект нь.
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны дарга нь Вадим Морозов. Тэгэхээр энэ суудал оросуудын мэдлийнх гэсэн үг. Гэвч дээр дурьдсанчлан тэд тус нийгэмлэгийн удирдлагын эрхийг монгол хүнээр дамжуулан гартаа хэвээр байлгахыг санаархаж байгаа. Харамсалтай нь үүнтэй монголчуудын ашиг сонирхол зөрчилдөж эхэлсэн нь нэгэнт тодорхой болчихсон үзэгдэл. МАХН, Ардчилсан нам хамтарсан Засгийн газрыг байгуулсан. МАХН-ын мэдэлд “МТЗ” төрийн өмчит компани болон “Улаанбаатар төмөр зам”, “Дэд бүтцийн хөгжил” компани, бас агентлаг нь ч байдаг. Тиймээс Ардчилсан намынхан “Засгаа хамтарч байгуулсан юм чинь төмөр замд ч хамтаръя” хэмээн дээрх байгууллагуудын аль нэгний удирдлагаар өөрийн хүнийг санал болгохоор зэхэж байна. Хоёр нам төмөр замын асуудлыг тохиролцооны ширээн дээр тавьж “Төмөр замыг шинэчилж, зах зээлийг нь хөгжүүлэн тус салбарыг олон улсын менежментийн түвшинд удирдах чадвартай хүнийг бодлогоор томилох хэрэгтэй” хэмээн хэдийнэ ярилцаж эхэлжээ. Харамсалтай нь хойд хөршийнхөн хэлсэн үгнээсээ буцаж, В.Якунин орос бодлогыг хэрэгжүүлэх монгол хүний нэр санал болгох гэж байгаа нь эл тохиролцоог түр хойшлууллаа.
Монголын төмөр зам оросуудын мөнгө угаах талбар гэдэг нь нууц биш. Тийм ч учраас “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэхээр Москва шийджээ. Гэхдээ тэд “Үүний тал хувь буюу 125 сая ам.долларыг та нар гарга. Тус нийгэмлэг бол Орос, Монголын хувь нийлүүлсэн өмч” хэмээн монголчуудад тулгах болов. “РЖД”-ийн ерөнхийлөгч В.Якунин ч энэхүү мөнгөний тоглолтод оролцон ОХУ-ын Гадаад худалдааны банкнаас 150 сая ам.доллар авч, монголчуудад өндөр хүүтэй зээлэх гэж байна. Тэрбээр энэхүү мөнгийг авахдаа өөрөө баталгаа гаргасан нь бодлогогүй алхам биш. Харин ч Мянганы сорилтын сангаас хуваарилах байсан 188 сая ам.долларын буцалтгүй тусламжийг буцаалгачихаад оронд нь мөнгө угаах орос бодлогоо хэрэгжүүлэх гэж байгаа хэрэг. Гэвч В.Якунины “зээл” эцэстээ юу болон хувирах вэ. Орос ноёнтон нэг халаасандаа 150 сая ам.доллар, нөгөө халаасандаа ОХУ-д үйлдвэрлэсэн зүтгүүрүүд хийжээ. Товчхондоо, монголчууд түүнээс зээлсэн мөнгөөрөө орос зүтгүүр худалдан авах юм байх. Шахааны бизнест “РЖД”-ийн ерөнхийлөгч ч оролцдогийн тод жишээ энэ аж.
С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх: Улс төрийн тойм" сонин