Би ямар ч монгол хүнтэй өрсөлддөггүй

Хуучирсан мэдээ: 2010.09.26-нд нийтлэгдсэн

Би ямар ч монгол хүнтэй өрсөлддөггүй

“Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ажнай” группын ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Танай нэгдлийг Таван­толгойн ордод үйлчилгээ үзүүлэх эрхтэй опе­ратор компанийн шал­­гаруулалтад яагаад бүртгүүлээгүй вэ гэдэг асуулт өнөөдөр хэвлэлийн гол сэдэв болж байна. Анхнаасаа Тавантолгойн төлөө байгуулагдсан нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувьд та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Манай судалгааны баг тодорхой чиглэлийн хүрээнд ажиллаж байгаа. Бид Тавантолгойд ямар чиглэлээр оролцох вэ гэдгээ судалж байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтын тухайд урьдчилсан тендер. Дараа, дараагийн тендерүүд зарлагдах ёстой. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компанийг юун түрүүнд байгуулах шаардлагатай. Иймд бид өөрсдийн бэлтгэлийг хангаад, ямар зарчмаар хэрхэн оролцох вэ гэдэг үндсэн чиглэлээ тодорхойлоод хүлээж байгаа. Гол нь оператор компани шалгаруулах энэ удаагийн тендерээр Тавантолгой дахь оролцоо хязгаарлагдахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.

-Засгийн газраас удахгүй Тавантолгойн ордыг хэнтэй хамтарч ашиглахаа шийднэ. “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн хувьд өнгөрсөн хугацаанд барьж байсан байр сууриа баримталж байгаа юу. Аль эсвэл УИХ-аас баталсан тогтоолтой холбоотой өөрчлөлт оруулсан уу?

-Анх энэ оны тавдугаар сарын 5-нд ямар зорилготой, ямар зарчимтай байгуулж байсан тэр дагуудаа л үйл ажиллагаагаа үргэлжүүлж байна. Биднийг энэ сэдвээр ярьж эхлэхээс өмнө хэзээ ч Тавантолгойн 10 хувийг үндэсний компаниудад өгье гэдэг яриа гарч байгаагүй. Өнөөдөр тэгвэл УИХ-аас 10 хувьд нь үндэсний компаниудаа оруулахаар болсон. Дахиад 30 хувийг нь хөрөнгийн зах зээлд гаргахаар болсон нь үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болохыг нь харуулж өглөө. Иймд бид энэ олсон амжилтаа баталгаажуулж, цаашид ажиллах зорилготой байгаа.

-Нэн тэргүүнд энэ асуудлыг тодруулах шаардлагатай байна гээд Засгийн газраас, УИХ-аас асуух асуулт та бүхэнд бий юу?

-Юун түрүүнд үндэсний аж ахуйн нэгж болон иргэддээ олгох нэрлэсэн хувьцааныхаа үнийг яаралтай тодорхой болгох хэрэгтэй байгаа.

-Танай нэгдлээс үндэсний компаниуд илүү ихийг хийж чадах байтал 10 хувийн боломж олгож буй нь өрөөсгөл шийдвэр гэдэг мессежийг олон нийтэд тараах шиг болсон. Нэг ёсны чамлаад байх шиг санагдсан гэх үү дээ?

-Үгүй ээ, тийм юм байхгүй. Ямар ч байсан эхний ээлжинд юу ч байхгүй байсныг бодвол 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүддээ өгнө гэж шийдсэнээрээ ард түмний төлөөлөл болсон УИХ харин ч зөв гарц олж харж чадлаа гэж бодож байна. Үүний цаана дахиад 50 хувийг нь хувьчлах асуудал байгаа. Бид тэр ажилд идэвхтэй оролцоно. Юун түрүүнд үндэсний компаниуд юу хийж чаддагаа харуулах хэрэгтэй. Тэгж байж цаашаа ажиллах ёстой гэж бодож байна. Ер нь бол гадны аль нэгэн оператор компани гэхээс илүүтэй үндэсний компаниудад нь ямар боломж байна, монголчууд юу хийж чадах вэ гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Ийм ажлыг эхлүүлсэндээ манай “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн ажил их урагштай, бүтэмжтэй явж байгаа.

-Энэ нэгдлийг үндэсний үйлдвэрлэгчдийн хамтрал гэ­хээс илүүтэй Монголын 50 том хөрөнгөтний өөрсдийн мэ­дэлд Тавантолгойг авах гэсэн санаархлын илэрхийлэл гэх нь бий. Ийм ажиглалт, дүгнэлтийг хийх УИХ-ын гишүүд ч чамгүй байсан. Тэгэхээр таны зүгээс энэ нэгдлийг жинхэнэ утгаараа үндэсний үйлдвэрлэгчдийн эв нэгдлийн илэрхийлэл гэдгийг баталж чадах уу?

-Энд оролцсон 2000 аж ахуйн нэгжийн эзэн бүгд өөр, өөрийн нэрээр л оролцсон. Би гэхэд ганцхан “Ажнай” группын нэрээр орсон. Нэг гишүүнчлэлтэй гэсэн үг. Магадгүй гадна, дотны явуулгаар ийм яриа гарч байхыг үгүйсгэхгүй. Дэлхийн олон орны зээл, тусламж ихээр орж ирж, геостратегийн бодлого наашаа гэж байгаа энэ үед худлаа явуулга ихээр гарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол анхны нэгдэл. Эмзэглэх тохиолдол олон байсан. Гэсэн ч миний хувьд харин ч энэ нэгдлийн үйл ажиллагааг хайрлаж, хамгаалж авч явах ёстой гэж боддог. Тэгэхгүй бол бид хэзээ нэгдэх юм бэ.

-Зарим хүний хувьд энэ нэгд­лийг таныг удирдаж байгаа гэдэг утгаар нь эргэлзэж хардаг. Учир нь таны тухай олон таагүй мэдээлэл хэвлэлээр гардаг шүү дээ. Наад зах нь улсад төлөх ёстой байсан татвараа төлөөгүй гээд л. Энэ тохиолдолд олон хүнд стратегийн ач холбогдол бүхий ордыг таньд эзэмшүүлэх болбол энэ нь хэтэрхий хариуцлагагүй хэрэг санагдана байх?

-Манай компанид ямар ч татварын асуудал байхгүй. “Тавантолгой” хувьцаат компанийг монголчууд авч явж байгаа гэдэг утгаар нь тэнд янз бүрийн асуудал гаргаж ирэх, ярих нь их байдаг. Миний удирдаж байгаа энэ компани Монголын хамгийн том татвар төлөгч компани. Үүнтэй холбоод хэлэхэд яагаад “Саусгоби сэндс” юмуу, Роберт Фрийдландтай холбоотой мэдээллийг бичдэггүй юм. Яагаад манай руу ноцдог шигээ тэдэн рүү ноцдоггүй юм бэ. Монголчууд ингэж дотроо боломжийн ажиллаж бай­гаа нэгэн рүүгээ үсрээд байх нь цаашдын хөг­жилд саадтай санагддаг. Эц­сийн эцэст ул­сын мэд­лийн хувьтай энэ “Таван­толгой” компани улсдаа хамгийн их татвар төлдөг. Ерөнхийдөө улсад төлсөн татварын мэдээллээс харахад үндэсний компаниуд л хамгийн их татварыг төлсөн байдаг. Тийм байхад дэмжих хэ­рэгтэй. Бид тат­ва­раа улсад тө­лөөд, дээр нь ашгаа улсдаа шингээдэг. Тэ­гэхэд гадны компаниуд зөв­хөн татвар төл­сөн болоод л ашгаа өөрийн орон руу зөө­дөг биз дээ. Иймд би үндэсний “Тавантолгой”-г удирдаж буйн хувьд том Тавантолгойн аш­гийг улсдаа үлдээх хэрэгтэй гэдэг бод­лоор л “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг удирдаад ажиллаж байгаа. Үүнийг бид ойлгох ёстой. Түүнээс бус гадныхнаас бүхнийг гуйдаг энэ зарчмаараа яваад байж болохгүй. Ирээдүй хойч үеэ ядаж бодох хэрэгтэй.

-Танай нэгдлийн гишүүнч­лэлтэй холбоотой олон хардлага бий. Зөвхөн “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын асуудлыг гэхэд л өнөөдөр шүүхээр хэлэлцэж байгаа. Бүхэл бүтэн арилжааны банкны дампууралд ч түүний нэр бий. Энэ нь өөрөө танай нэгдэлд итгэх итгэлийг хүчгүйдүүлж буй нэг үндэс. Таны хувьд Ц.Мянганбаярын хамтрагчийн хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Би яг нарийн ширийн учрыг нь мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч монгол хүнийг би хувьдаа ямар ч гадны хүнээс илүү л гэж боддог. Бид нар би чадалтай, би бяртай, би мөнгөтэй гээд монголчуудаа орхиод байх юм бол болохгүй. Тийм учраас бид нийт монголчуудын нэгдэл байх ёстой гэдэг утгаараа ажиллаж байгаа. Гадны баахан хүн ирээд ажилласан тохиолдолд Монголд ямар ч ашиг үлдэхгүй. Өнөөдөр нийгэмд баян ядуугийн давхарга хоорондоо асар их тасарч байна. Энэ тохиолдолд дундаж, чинээлэг давхаргыг яаж бий болгох вэ гэдгийг бодох хэрэгтэй.

-Тэгэхээр Ц.Мянганбаяр Мон­голд хэрэгтэй гэж шууд утгаар нь хэлж байна уу?

-Би хувьдаа ямар ч муу хэлүүлж байгаа монгол хүн гадны мөнгөтэй хүнээс илүү л гэж хэлнэ. Ер нь бол энд монгол л бол бусдаас илүү. Бид энэ филисофийг л барьж явах ёстой.

-Гадны хөрөнгө оруулагчдыг мөнгөтэйн хэрээр чадвартай, туршлагатай гэдгийг үгүйсгэхэд хэцүү. Ийм нөхцөлд та бүхнийг “Би монгол хүн” гэдгээрээ түрээ барьж, чадваргүй гэдгээ халхалж байна. Мөнгөгүй, чадваргүй байж монголчуудын үндсэрхэг сэтгэлгээгээр дамжуулж, хуурамч пиар хийж байгаа гэдэг шүүмжлэл танд болон танай нэгдлийн хөрөнгө оруулагчдад хамаарахгүй гэвэл хэтэрхий өрөөсгөл болох юм биш үү?

-Гадныхан чадвартай, мөнгөтэй гэдэг ойлголт байгаад байх юм бол Монголын ирээдүй хойч яаж амьдрах юм бэ. Чадахгүй шүү дээ. Монголчуудын өнөөгийн байгаа нөхцөлд бол харин ч боломжтой. Тавантолгойн нүүрсийг олборлоход гэхэд л тийм их нарийн технологи шаардлагагүй.

-Нүүрс олборлоход дэлхийн технологи хэрэггүй гэж үү?

-Хөр­сийг нь хуу­лаад, ачаад л явдаг. Ийм хэмжээний чадвар Монголд байгаа. Тэрийг хийж чадах хүн нь, мэргэжилтэн нь, техник нь байхад яагаад монголчууд Та­вантолгойг ашиглаж ча­дахгүй гэж. Энэ то­хиол­долд монголчууд чадах­гүй гэж хэлж болохгүй.

-Тэгэхээр монгол хүн монгол хүндээ итгэх хэрэгтэй. Энгийн жишээ гэхэд Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнд итгэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Монгол хүн илүү гэсэн итгэл үнэм­шил надад ч тэр, чамд ч тэр байхгүй бол гадаад хүнээс зуучлалын хөлс авдаг хэлбэрээр яваад байж болохгүй. Тэгж явж бүтэх ч үгүй. Тэр үүднээсээ “Монгол 999 үндэсний нэгдэл” бол Монголын анхны нэгдэл. Өнөөдөр төрийн албан хаагчдын цалин хөлсийг хэн өгч байгаа юм бэ. Үндэсний бизнес эрхлэгчдийн төлсөн татвараар л тэд цалинжиж, бусад монголчууд ч тэдний бүтээснээр амьдралаа авч явж байгаа. Ийм байхад тэднийгээ харж үзэхгүйгээр гадныханд л хамаг байдгаа өгөөд байж болохгүй. Ингэж ажиллаад бүтэхгүй. Монголчууд Монголдоо сайхан амьдрах эрхтэй биз дээ.

-Таны хувьд бол хөрөнгө мөнгөтэй, өөрийн гэсэн хамгаалах өмчтэй гэдэг утгаараа ингэж хэлэх нь зайлшгүй. Харин бусад хүний хувьд ингэж хэлэхийн тулд наад зах нь би хэн билээ, миний амьдрал ямар байгаа билээ, би яаж амьдарч байгаа билээ гээд олон хүчин зүйлийг тунгаах хэрэгтэй болно шүү дээ?

-Монгол хүн монгол хүнээ л харж ханддаг болбол манайхан гадагшаа явж ажиллах шаардлагагүй болно. Монгол хүн өөрөөрөө бахархдаг, өөрийнхөө төлөө өөрсөдтэйгээ нэгдэж, нийлж, ажиллах хүсэл эрмэлзэлтэй болно. Гол нь монголчуудаа гэсэн сэтгэл байгаа нь л чухал.

-Та УИХ-ын гишүүн байсан хүн. Ардчилсан намд таны нөлөө чамгүй их. Иймд өөрийн тань санаачилгад улс төрийн дэмжлэг хэр бий гэж бодож байна вэ. Тэдний шийдвэрт найдаж байна уу?

-Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдгээр хамгийн гай­гүй хүмүүс нь л УИХ-д байгаа гэж итгэдэг. Иймд тэд хэдийгээр дараагийн сонгуулиа бодож байгаа ч Монголоо гэсэн сэтгэлээр ойлгож, дэмжиж байгаа гэж бодож байна. Өнөөдөр УИХ-ын танхимд дараагийн сонгуулийн тухай бодож болох ч гэртээ хариад, хэвтэж байхдаа, хүүхдээ харахаараа, хүүхдийнхээ ирээдүйн тухай бодохоор хар аяндаа л Монголыг цаашид хэрхэн хөгжүүлэх тухай бодох үе байдаг болов уу. Надад гэхэд л тийм бодол төрдөг. Тэгээд ч УИХ Тавантолгойг гадныханд өгөхөөр ярилцаж байсан бол өнөөдөр үндэсний хөрөнгө оруулагчдаа оролцуулах шийдвэр гаргасан шүү дээ. Гадныхныг оруулж ирээд л татвар хураасан шигээ яваад байвал Монгол өнөөдрийнхөөсөө өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хөгжиж чадахгүй. Бахь байдгаараа л байна.

-Та үндэсний хөрөнгө оруулагчаа дэмжих үндэслэлийг хангалттай ярилаа. Тэгвэл таны хувьд өөрийгөө бизнес эрхэлж ирсэн цагаасаа хойшоо Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж  бардам хэлэх вэ?

-Би бизнес эрхлээд яг 20 жил болж байна. Энэ хугацаанд ядаж говийн хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулсан гэж боддог. Зөвхөн улсад төлсөн татвараа тооцоод үзэхэд л 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг. Наад зах нь 2000 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна. Би төсвөөс нэг ч удаа дэмжлэг аваагүй. Монголчууд өөрсдөө чадах ёстой, хийх ёстой гэсэн итгэл үнэмшлээр л өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Би хэзээ ч монголчуудынхаа хийж чадах ажил руу ордоггүй. Зөвхөн гадныхны хийгээд байгаа ажил руу л ордог. Тавантолгойг гэхэд л өмнө нь хятадууд эзэлчихсэн байсан. Би тэднээс чөлөөлсөн гэж бардам хэлнэ. Түүнээс бус ноолуур, хүнсний салбар гээд монголчуудынхаа хийж чадаж байгаа ажил руу хэзээ ч орж байгаагүй.

-Санхүүгийн зохицуулах хороо­ны дарга Д.Баярсайхан “Ажнай компанитай холбоотой хувьцааны маргаан байгаа. Анх хуурамч бичиг баримтаар хувь эзэмшсэн жишиг бий. Түүнийг нь зохицуулахын тулд шүүхээр их явж байна” гэдэг мэдээлэл өгч байсан. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Тэнд надтай холбоотой ямар ч асуудал байхгүй. Би хэн нэгнийг хуурч мэхлээд хувь эзэмшсэн зүйл байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо ямар асуудлаар шүүхдэж байгааг тэднээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй болов уу.

-Та гадны хөрөнгө оруулагчдыг үгүйсгэж байна. Гэтэл Монгол Улс гадны дэмжлэггүй хөгжихгүй гэдгийг нотлох, батлах хангалттай үндэслэл бий. Энэ тохиолдолд үндэсний хөрөнгө оруулагчдыг тэднээс илүү гэдгийг та ямар үр дүнгээр нотлох вэ. Асуудлыг зөвхөн өөрийнхөө эрх ашгийн үүднээс яриад байгаа юм биш үү?

-Монголын баялаг дээр ажиллах боломж байгаа учраас л гадны хөрөнгө оруулагчид манай руу орж ирж байна. Хөрөнгө оруулалтыг бишрэн шүтэж, хэтэрхий өндөрт өргөх маягаар туйлширч болохгүй. Байгаа баялгаас л хөрөнгө оруулагч мөнгө босгодог. Тэгвэл манайхны хувьд энэ баялгаа тэдэнд бус бидэнд ашгаа өгөх ёстой гэдгийг л ойлгуулах хэрэгтэй. Үүнтэйгээ зэрэгцээд өөрсдөө эн тэргүүнд ажиллаж сурах хэрэгтэй. Тэгэхгүйгээр гадныхан л өгөөд байвал болохгүй. Тэд мөнгө хийхийн тулд л орж ирдэг.

-Та ч тэр мөнгө хийхийн тулд л ажиллаж байгаа биз дээ?

-Өнөөдөр Монголын нэг хүн баяжиж байж л бусад нь баяжина. Чи өнөөдөр баяжихад чиний цаана байгаа монгол хүн баяжиж чадна. Үүнтэй л адил. Миний ард ч тийм л үр дүн бий. Худлаа л татварын хэдэн төгрөгөөр төр нь бойжоод байвал энд ямар ч үр дүн гарахгүй. Үр дүн нь Монголдоо үлддэг байх ёстой. Тэд хэсэг хугацаанд татвар төлж байгаад л гараад явна. Ард нь ямар ч үр дүн, үр өгөөж үлдэхгүй. Чи намайг мөнгөтэй болохын тулд л ажиллаж байгаа биз дээ гэсэн. Тэр үнэн. Миний хувьд хэзээд сэтгэлээрээ баян байж ирсэн. Би ажиллаж чадаж байгаа. Монгол хүн баян байвал бүгд л баян баяж чадна гэдгийг би хэлсэн. Миний найз нөхөд, компанийн ажилчид, ах дүү, хамаатан садан гээд бүх хүмүүс минь сэтгэл хангалуун байдаг.

-Та тэгвэл анх ямар замаар Тавантолгойн гол хувьцаа эзэмшигч болсон юм бэ?

-Анх 1995 оны наймдугаар сарын 5-нд Монголын Хөрөнгийн биржийн худалдаанаас хувьцааг нь худалдаж авч байсан. Тэр үед өмнө нь бизнес хийж цуглуулсан хөрөнгөө оруулсан. Өмнө нь монголчууд анх яаж бизнес эрхэлж байсан би тэр замаар бор зүрхээрээ шөнө унтахгүй зүтгэж байж хөрөнгө босгосон.

-Таныг байс хийгээд л хувийн онгоцоороо гадагшаа ниссэн тухай дуулддаг. Тэр үнэн үү?

-Яах вэ, амны билгээс ашдын билэг гэж сайхан л байна шүү дээ.

-Онгоцгүй гэж үү?

-Яагаад монголчууд онгоцтой байж болохгүй гэж. Би хувьдаа Монголын олон хүнийг онгоцтой байгаасай гэж бодож байна. Монголчууд дотроо өөдтэй, өнгөтэй явж байгаа хүнээрээ бахархах хэрэгтэй шүү дээ. Түүнээс бус дотроо нэг нэгнийгээ муулаад, гадны хүмүүсийг хөөрөгдөөд байж болохгүй. Би хувьдаа ямар ч монгол хүнтэй өрсөлддөггүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Харин нийлж байгаад л ажиллах нь чухал. Яаж нийлэх вэ л гэж боддог.

-Таныг ирэх УИХ-ын сонгуульд оролцохын тулд Өмнөговьд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн гэж дуулсан юм байна?

-Ирэх оны сонгууль хамаагүй ээ. Би угаасаа л нутагтаа ажилладаг. Улс төрд эргэж орох, эсэх нь надад нэг их сонин биш.  Энэ нутгийг хүн бүр ашиглахын төлөө бодож байгаа болохоос бус ганц удаа бүтээн байгуулалт хийх тухай бодохгүй байгаа. Би харин ажилладаггүй биш ажилладаг. Хийдэггүй биш хийдэг. Энэ нь УИХ-ын сонгуультай ямар ч холбоогүй асуудал шүү.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж