Хаттон боксын рингэнд гарах эрхгүй болов

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хаттон боксын рингэнд гарах эрхгүй болов

Нэгэн үе мэргэжлийн боксын рингэнд нэр алдраа цуурайтуулж, дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан Британийн боксчин Рики Хаттон хувийн амьдралын элдэв асуудлаас болоод дахин боксын рингэнд гарах эрхгүй болжээ. Британийн боксын удирдах зөвлөлөөс боксын спортод муу үлгэр дуурайл үзүүлж, нэр хүндийг нь унагасан гэх хэргээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Британийн нэгэн шар хэвлэлд Хаттоны кокайн хэрэглэж буй видео бичлэгээс буулгасан дүрс нийтлэгдэж, улмаар Хаттон өөрөө ч сэтгэл санааны гүн хямралд орж, мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэх болсноо олон нийтэд зарласан юм. News of the World сонинд гарсан мэдээллийн дагуу Британийн боксын зөвлөл лхагва гаригт хуралдаж, пүрэв гаригт эцсийн шийдвэрээ гаргажээ. Тэрбээр боксын тамирчны эрхээ хураалгаснаас гадна 20 мянган фунт стерлинг /31 мянга гаруй ам.доллар/-ээр торгуулсан байна. Гэхдээ зөвлөлөөс түүнийг боксын спортын дэмжигч, тайлбарлагчаар ажиллах эрхийг нээлттэй үлдээсэн байна.

Рики Хаттон хамгийн сүүлд 2009 оны тавдугаар сард мэргэжлийн боксын рингэнд гарсан юм. Тухайн үед Хаттон Лас Вегас хотноо Манни Пэкьяотой тулалдаж, хоёрдугаар раундад хүнд цохилтоор ялагдаж байв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж