Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэнэ


Мексик улсын нийслэл Мехико хотноо 1970 оны есдүгээр сарын 27-нд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагыг (WTO) анх байгуулжээ. Үүнээс есөн жилийн дараа буюу 1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий ассамблейн III чуулган хуралдаж, жил бүрийн еёдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Ингээд дараа жилээс нь буюу 1980 оноос эл өдрийг дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ.

“Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн үндсэн зорилго нь олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлахад чиглэгддэг.

Дэлхийн 154 орныг эгнээндээ нэгтгэсэн ДАЖБ нь аялал жуулчлалын өдрийг өөрийн гишүүн байгууллагууд болон дэлхий нийтэд амралт, зугаалгын томоохон баяр болгон явуулахыг зөвлөж, уриалдаг. Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болсон, харин 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж байгаа юм.

Туркийн Истамбул хотноо 1997 онд хуралдсан ДАЖБ-ын Ерөнхий ассамблейгаас жил болгоны “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг аль нэг улсад дагнан зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ. Түүнээс хойш зохион байгуулж тэмдэглэсэн улсуудыг жагсаавал:

1998 – Мексик
1999 – Чили
2000 – Герман
2001 – Лалын бүгд найрамдах Иран улс
2002 – Коста-Рика
2003 – Алжир
2004 – Малайз
2005 – Катар
2006 – Португаль
2007 – Шри-Ланка
2008 – Перу
2009 – Гана
2010 – БНХАУ

Энэ жилийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг ДАЖБ-аас БНХАУ-ын Гуанжоу хотноо “Аялал жуулчлал ба биологийн төрөл зүйл” уриан дор зохион байгуулж байна. Жилийн уриагаараа дамжуулан олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчин, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн асуудалд хандуулж буй юм. 

Монгол орны эдийн засгийн ирээдүйтэй, чухал салбарын нэг болоод буй аялал жуулчлалын салбарынхан энэ түүхэн өдрийг төрийн захиргааны төв байгууллага, бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарынхан /жуулчны бааз, зочид буудал/, улсын болон хувийн их дээд сургуулиудын багш, оюутнуудын хүрээнд өргөн тэмдэглэсээр хэдэн жил болж байна. Энэ жил салбарынхны уулзалт цэнгүүн, салбарын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол, урлагийн тоглолт зэрэг уламжлалт хөтөлбөрөөс гадна олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг явуулна. Тухайлбал, “Ub art fair”, “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 25-26-нд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд, “Grand tour-2010” цогц хөтөлбөр есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны хооронд Аялал жуулчлалын үндэсний төвд зохион байгуулна. Мөн “Grand tour-2010”-ын үеэр “Дэлхийн аялал жуулчлал дахь Монголын дүр төрх” мэргэжил сурталчлах үзэсгэлэн, “Спорт аялал жуулчлалын маркетинг” оюутны эрдэм шинжилгээний бага хурал, “Центавр” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн, “Гранд тур” спорт явган аяллын тэмцээнийг зохион байгуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж