Л.Гансүх сайд санамж бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Л.Гансүх сайд санамж бичигт гарын үсэг зурав

БОАЖ-ын сайд Л.Гансүх АНЭУ-ын Абу Дабигийн Байгаль орчны агентлагийн дарга ноён Мажиид Аль Мансуурийн урилгаар 2010 оны 9-р сарын 20-22-ны өдрүүдэд АНЭУ-д айлчилсан билээ.
Айлчлалын хүрээнд сайд Л.Гансүх АНЭУ-ын угсаа залгамжлах эрхэм дээд хунтайж, Зэвсэгт хүчний дэд ерөнхий командлагч бөгөөд Абу Дабигийн Эмирт улсын Ерөнхий сайд Шейх Мохаммед Бин Заид Аль Нахьян болон АНЭУ-ын Ерөнхийлөгчийн Баруун бүсийн хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч эрхэмсэг ноён Шейх Хамдан Бин Заид Аль Нахьян нарт бараалхжээ.
Түүнчлэн, АНЭУ-ын Абу Дабигийн Эмирт улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Мохаммад Ахмед Аль Боварди, АНЭУ-ын Абу Дабигийн Байгаль орчны агентлагийн дарга ноён Мажиид Аль Мансуури нартай уулзаж, хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, хөгжлийн хэтийн төлвийн талаар ярилцаж санал солилцлоо. Уулзалт  ярилцлагууд бүхэлдээ харилцан ойлголцсон найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Л.Гансүх сайд, Мохаммад Ахмед Аль Боварди нар АНЭУ-ын Абу Дабигийн Байгаль орчны агентлаг ба Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хооронд Монгол орны махчин шувуудыг хамгаалах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд махчин шувуудын тоо толгой нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан 5000 хиймэл үүртэй холбоотойгоор хамгаалал, зохион байгуулалт, байгаль хамгаалах үйл ажиллагаанд нутгийн иргэдийг оролцуулах, урамшуулах, тэдний дунд сургалт сурталчилгаа явуулах, манай улсад залуу мэргэжилтэн биологичид бэлтгэх зэрэг ажил хийнэ. Гэрээний нийт өртөг 2.4 сая доллартай тэнцэх бөгөөд гэрээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэнэ

Гэрээг хамтран хэрэгжүүлэх Абу Дабигийн Байгаль орчны агентлаг нь шувуу хамгаалах чиглэлээр өргөн хүрээтэй ажил өрнүүлдэг. Тухайлбал, Марокко, Казахстан улсуудад тоодог шувууг зохиомлоор үржүүлж, байгальд нь эргүүлэн тавих замаар хамгаалах арга ажиллагаа явуулж байгаа нь ихээхэн үр дүнд хүрчээ. Зэрлэг байгальд тоодог шувуу дунджаар дөрвөн өндөг гаргаад гурвыг нь байгалийн хүчин зүйлийн улмаас алддаг. Харин зохиомлоор үржүүлэх үйл ажиллагааны үед гарсан дөрвөн өндгийг нь аваад инкубаторт хийж 95 хувийн магадлалтайгаар өсгөж, байгальд нь эргүүлэн тавьдаг байна. Өндгөө суйлуулсан эмэгчин тоодог тэр жилээ дахин өндөглөх бөгөөд үржлийн энэ явц байгалийнхаа жамаар явагддаг аж. Ингэснээр нэг эмэгчин шувууны жилд өгөх үр төлийн тоо толгой нэмэгдэнэ. Энэ ажлын үр дүнд Мароккод өнгөрсөн жил 12 мянга гаруй тоодог шувууг эргүүлж байгальд нь тавьжээ. Энэ нь нэг талаасаа тоодог шувууны тоо толгойг нэмэгдүүлэх ажиллагаа, нөгөө талаасаа Арабын улс орнуудын хүрээнд эртнээс уламжлал болсон шонхроор ан хийх үйл ажиллагаанд шаардагдах тоодог шувууг нийлүүлж байгаа хэрэг юм. Тусгай сургуультай шонхроор агнасан тоодгийн тоо тухайн жилд 800 гаруй байсан нь тоодогтой холбоотой үйл ажиллагаа тогтвортой хэрэгжиж буйг харуулна. Өөрөөр хэлбэл, 12 мянгыг нийлүүлээд мянга хүрэхгүйг нь буцааж авч байна.

Махчин шувуудын идэш тэжээл элбэг ч үүрээ засах боломж нөхцөл багатай орчинд хиймэл үүр барьж суурилуулж өгөх нь Монгол оронд хэрэгжүүлж буй махчин шувууны хиймэл үүр төслийн гол зорилго юм. Үүр засч өгснөөр махчин шувуудын тоо толгойг нэмэгдүүлэх, ийм шувуудын идэш тэжээл болдог мэрэгч амьтдын нөөцийг байгалийн жамаар хянах боломж бүрдүүлнэ. Ингэснээр бэлчээрийн доройтлоос сэргийлэх, махчин шувуу-мэрэгч амьтад-бэлчээрийн доройтол-гэрийн тэжээмэл амьтан-хүн гэсэн гинжин холбоог тогтвортой хадгалах ач холбогдолтой.

Төслийн анхны үр дүнгээс харахад, хиймэл үүрэнд өндөглөх махчин шувуудын тоо толгой жилээс жилд нэмэгдэж байна. Нэг үүрэн дэх өндөгний тоонд ч сонирхолтой өөрчлөлт ажиглагдаж байна. Тухайлбал, нэг удаа дунджаар 4 өндөг гаргадаг шонхор хиймэл үүрэнд 7 өндөг гаргасан нь өөр хаана ч ажиглагдаагүй сонин үзэгдэл гэдгийг судлаачид өгүүлж байна. Байгалийн нөхцөлийг шинжлэх ухааны үндэстэй дэмжсэн тохиолдолд үр төл өгөх магадлал нэмэгддэг байж болзошгүй талаархи мониторинг, судалгааны ажлыг энэ төсөл үргэлжлүүлэн хийх юм.

Г.Дарь

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж