
Хэнтий аймгийн 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавих комисс Чандаганы уурхайн ажил байдалтай танилцлаа. Хэнтий аймгийн хэрэглэгчдийг нүүрсээр хангадаг тус уурхайд “Бэрх-Уул”, “Хэнтий-Ус” ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байна. “Бэрх-Уул” компани аймгийн хэмжээнд шаардагдах нүүрсний тал хувь буюу 20 мянган тонныг ханган бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар хөрс хуулалтын ажил 80 хувьтай, ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд хөрс хуулалтаа бүрэн дуусгаад, нүүрсээ ачиж эхэлнэ гэж тус компаний уулын инженер Х.Мөнх-Эрдэнэ ярьж байна. Харин “Хэнтий-Ус” компани 5000 тонн нүүрс олборлох хөрс хуулж, өнөөдрийн байдлаар 1300 тонн нүүрс ачаад байна. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын хэрэглэгчдийг ирэх аравдугаар сарын еснөөс дулаанаар хангах юм байна.
И.Байгалмаа