
Энэ удаагийн арга хэмжээнд саяхан Ерөнхийлөгчөөр томилогдсон Киргизийн Ерөнхийлөгч Роза Отунбаева оролцож тус улсын улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн хүрээний асуудлын талаар товч мэдээлэл өглөө. Манай Улсын Ерөнхий сайд С.Батболд тогтвортой нийгэм, хөгжлийн гол тулгуур нь ардчилал байдаг гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ Киргизийн ардчиллын үйл явцад амжилт хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр ажиллах хүчний 51 хувийг эзэлж байгаа Монгол эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ хийгээд амьжиргаа, боловсролын түвшнийг нь дээшлүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхгүйгээр Мянганы хөгжлийн зорилтын нэг болох ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үзүүлэлт буурах нь тодорхой гэдгийг тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.