Дүрслэх урлагийнхан номын баяраа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Дүрслэх урлагийнхан номын баяраа хийлээ


Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр “Монголын урчуудын эвлэл 2010” номын нээлт боллоо. Энэ үеэр МУЭ-ийн хорооны дарга Ц.Энхжингийн санаачлагаар тус хорооноос санхүүжүүлэн Герман улсад хэвлүүлэн ирсэн номоо нийт уран бүтээлчид, урлаг судлаачид, хэвлэл мэдээллийнхэн, Монголын урлагийг сонирхогч, дэмжигч хүмүүсийг урин цуглуулж танлцуулсан юм. Энэ үеэр тус номоо зураач, урчууддаа үнэ төлбөргүй өргөн барив.

“Монголын урчуудын эвлэл 2010” ном нь уран зураг, зураасан зураг, баримал, монгол зураг, чимэглэх урлаг гэсэн дүрслэх урлагийн бүх л төрлийг хамарсан бүлгүүдээс бүрдэж байгаа бөгөөд тухайн төрлийн өнөөгийн хөгжлийг тодорхойлох, мэргэжлийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, МУЭ-ийн гишүүн зураач урчуудын уран бүтээлийн замнал, бүтээлээс нэгэн цогц болгон толилуулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

2000 онд “Монголын урчуудын эвлэл 2000” ном анх хэвлэгдэн гарч байснаас хойшхи арван жилийн хугацаанд бүтээгдсэн, тухайн бүтээлч тус бүрийн өөрөө шилдэг гэж үзсэн хоёр бүтээл энэхүү номонд орж байгаа нь бас нэгэн онцлог болж байна.

Нийт 331 уран бүтээлчийн 700 шахам уран бүтээл орсон “Монголын урчуудын эвлэл 2010” ном нь Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас болон үлдэж, урлаг сонирхогч хэн бүхний гарын ном болон Монголын дүрслэх урлагийг  дэлхий дахинд таниулан сурталчилах их үйлст хувь нэмрээ оруулж байгаа юм.

Нээлтийн ажиллагааны үеэр Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга, төрийн шагналт зураач, “Монголын урчуудын эвлэл 2010” номыг санаачлагч зураач Ц.Энхжинтэй  уулзаж, ярилцлаа.

-Дүрслэх урлагийн салбар шинээр нэгэн сайхан номоо өлгийдөн авлаа. Номын тухай юу хэлмээр байна?

-Сүүлийн арван жилийн хугацаанд  дүрслэх урлагийн салбарт бүтээгдсэн шилдэг бүтээлүүдийг багтаасан ном гаргалаа. Анх арван жилийн өмнө би энэ номыг хийж байсан. “Монголын урчуудын эвлэл 2000” гээд хар хавтастай ном гарч байлаа. Түрүүчийн номд 254 уран бүтээлч орсон байгаа. Энэ номд 331 уран бүтээлч орсон. Ер нь манай уран бүтээлчдийн тоо нэмэгдэж байна. Бүтээл нь ч ахиж байна. Дүрслэх урлагийн бүх салбарыг багтаан харууллаа. Тэгээд дэлхийн төвшинд хаана явж байна гэдгээ харуулах, сурталчлах боломж нээгдэж байгаа юм.

-Номын бэлтгэл ажлыг хэр хугацаанд хийсэн бэ?

-Номын ажлаа эхлүүлээд жил гаруйн хугацаанд хийж дуусгалаа. Яг эрчимтэй бүх материалаа хагас жилийн хооронд цуглуулан эмхэтгэсэн дээ. Хамгийн гол агуулга нь оюуны том хөрөнгө оруулалт хийлээ. Үүндээ баяртай байна. Манай дүрслэх урлагтай бүгдээрээ танилцагтун. Монголын дүрслэх урлагийг мэддэг, сонирхдог хүмүүс улам олон болоосой. Үүнд л энэ номын гол утга учир нь орших юм даа.

-Санхүүжилтээ зуун хувь өөрсдөө дааж хийсэн гэлээ шүү дээ?

-Тийм ээ, зуун хувь өөрсдөө даасан. Тэр ч бүү хэл ном хийснийхээ төлөө улсдаа татвар төлсөн. Өнөөдөр Монгол Улсад ийм л хууль үйлчилж байна. Улсдаа юм хийгээд дээр нь хийснийхээ төлөө татвар төлж байна.

-Энэ ном маань хаагуур хичнээн төгрөгөөр зарагдах вэ?

-Өнөөдөр бол өөрсдийнхөө гишүүдэд үнэ төлбөргүй түгээж байна. Хэвлэл мэдээллийнхэн болон урлаг сонирхдог хүмүүстээ өгнө. Манайх ашгийн бус байгууллага учраас номоо танилцуулга, сурталчилгаанд зориулж байгаа. Мөн худалдаж авахыг хүссэн хүмүүст өөрийнх нь өртгөөр борлуулна гэж бодож байна.

-Цаашид жил бүр энэхүү номыг шинэчлэн гаргаж байх уу?

-Санхүүгээс шалтгаална шүү дээ. Манайх төрөөс татаас авдаггүй, өөрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг. Номын эх бэлтгэл бүх зүйлээ бид нар өөрсдөө хийн Германд хэвлүүлээд гаалийн татварыг нь хүртэл төлөөд л өнөөдөр энд дэлгэн танилцуулж байна. Эдийн засгийн асуудлыг нь шийдээд өгвөл ирэх жил дахиад ч хэвлүүлсэн болно шүү дээ.

Уран бүтээлчидтэйгээ номын баяраа тэмдэглэхээр Сэлэнгэ аймгаас хүрэлцэн  ирсэн тус аймгийн урчуудын салбарын эрхлэгч, керамикч Ч.Өнөржаргалтай уулзлаа.

-Номын баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Номын баяр маш сайхан болж байна. Манай зураачдын болон миний бүтээл энд орчихсон байгаа. Сэлэнгэ аймгаас номын баяртаа оролцохоор ирлээ. Сэтгэл маш өндөр байна.

-Таны ямар бүтээл энэ номонд орсон бэ?

-Би чимэглэлийн урлагийн мэргэжилтэй. Миний ваар урлалын чиглэлийн бүтээлүүд орсон.

-МУЭ-ийн хорооны гишүүн болоод хэдэн жил болж байгаа вэ?

-1991 онд сургуулиа төгссөн ч мэргэжлээрээ ажиллаад дөрвөн жил, МУЭ-ийн гишүүн зураач болоод хоёр жил болж байна.

-Залуу уран бүтээлч гэхэд ахмад үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн түүхэн номонд бүтээлээ үлдээж байна шүү дээ?

-Миний хувьд маш том аз завшаан юм аа. Энэ номд багтсандаа л маш их баяртай байна даа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж