Монголбанк бодлогын хүүгээ хэсэг хугацаанд барина

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Монголбанк бодлогын хүүгээ хэсэг хугацаанд барина

Инфляци 11,2 хувьтай байна. Оны эхний хагас жилд эрчимтэй нэмэгдэх шинжтэй байсан инфляци гуравдугаар улиралд тогтож ирсэн бөгөөд хойшдоо ч хэвээр байх болов уу гэсэн таамгийг Монголбанкнаас дэвшүүлж байгаа юм байна. Цаашид буурах боломжийг лавшруулах, тогтворжуулахад илүү анхаарна гэж өнөөдөр болсон уулзалт дээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан мэдэгдлээ. Сард нэг удаа хэвлэлийнхэнтэй уулздаг заншлын дагуу энэ удаагийн уулзалтад Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газрын дарга Д.Болдбаатар, Валют эдийн засгийн газрын дарга Ю.Дэлгэрмаа, Хяналт шалгалтын газрын дарга Б.Лхагвасүрэн нар болон тус банкны ажилтнууд оролцсон юм. Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхсон асуулт нь инфляци байлаа. Ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж байгаа. Энэ нь инфляцид нөлөөлнө гэсэн болгоомжлол олон хүнд байгаа ч Монголбанкны удирдлагуудын зүгээс “Сүүлийн дөрвөн сарын турш арга хэмжээ авсан тул  цалингийн өсөлтийн нөлөө инфляцид бага байна” хэмээн мэдэгдэж байна. Гэхдээ үнэ өсөх байх гэсэн хүлээлт, өсгөх хүсэл эрмэлзлэл байгааг үгүйсгээгүй.

Монголбанкны бодлогын хүү одоогоор 11 хувьтай байгаа. Тус банкны захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, бодлогын хүүгээ ойрын хугацаанд энэ хэвээр нь хадгалах шийдвэрийг гаргажээ. Харин дунд хугацаа буюу оны сүүлч, ирэх оны эхэн үед бодлогын хүүнд өөрчлөлт оруулж магадгүй гэнэ. Ингэхдээ бодлогын хүүг өсгөх бус бууруулах бодлогыг барьж байгаа юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж