Петро чайна Дайчин тамсаг компани “хүрэн бөөр” гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Петро чайна Дайчин тамсаг компани “хүрэн бөөр” гаргажээ

Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлож байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дайчин тамсаг” компанийнхан саяхан нутгийнханд хүрэн бөөр гаргажээ. Учрыг тайлбарлавал, аймгийн Онцгой байдлын албаныхан болоод нутгийн удирдлагууд тус компанийг газар ухах ганц ширхэг трактор түр хугацаагаар ашиглуулахыг хүссэн аж. Харин тус компанийнхан “Ирээд ав, хүргэж өгөх завтай хүн алга. Шатахуун тослох материалыг нь өөрсдөө хийгээрэй. Хэрэв эвдрэл гэмтэл гарвал авч явснаараа та бүхэн даана шүү” гэжээ.

Малын гол халдварт шүлхий өвчиндөө дарлуулан, хөрөнгө мөнгөөр хавчигдан яая даа гэж байгааг хэлэх үү, улаан гараараа шороо ухан, үхсэн малаа булж байгаа нутгийнханд газар шороог нь онгичин мөнгөжиж байгаа “Петро чайна Дайчин тамсаг”-ийнхныг ийн цэвдэг авирласанд нутгийнхан бухимдаж, “Аяганы хариу өдөртөө гэдгийг сануулна даа” хэмээн хорхойтой араандаа хатуу зуусан сурагтай.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж