
Монголын Мянганы сорилтын сангийнхан өнгөрсөн хугацаанд эхний ээлжинд Улаанбаатар хот, Төв, Орхон аймагт тус бүр судалгаа хийж, одоогоор 280 гаруй малчин бүлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Малчдын бүлэг нь эрчимжсэн аж ахуй эрхлэх бөгөөд энэ хүрээнд тухайн газраа 15 жилийн хугацаатай ашиглах гэрээг орон нутгийнхаа төрийн захиргааны байгууллагатай байгуулна. Ингэхдээ бас үүрэг хүлээнэ. Тухайн газраа байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Тэднийг эрчимжсэн аж ахуй эрхлэхэд нь Монголын Мянганы сорилтын сангийн бэлчээрийн төслийнхөн тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэнэ. Тухайлбал, хашаа саравч барих, гүн өрмийн худаг гаргахад нь дэмжлэг үзүүлэх юм байна. Төслийг хэрэгжүүлэгчид хэлэхдээ “Малчдын дунд бэлчээрийн маргаан их гардаг. Удахгүй УИХ-аар Бэлчээрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх байх. Манайхаас санаачилсан энэхүү төсөл нь бэлчээр ашиглалтын анхны загвар болох учиртай бөгөөд хууль батлагдчихвал энэ хүрээнд Малчдын бүлэгт газрыг нь эзэмшүүлэх хүртэл дэмжлэг үзүүлэхээр зарим заалтыг тусгасан” гэж хэллээ.
Төв аймгийн Алтанбулаг суманд болох Малчдын бүлэгтэй газар ашиглах гэрээ байгуулах энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, мөн холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас гадна Монголын Мянганы сорилтын сангийн корпорацийн суурин төлөөлөгч оролцох юм байна.