Пэкьяо ээжийнхээ хүсэлтээр их спортоо орхих бололтой

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Пэкьяо ээжийнхээ хүсэлтээр их спортоо орхих бололтой

Филиппиний алдарт боксчин Мэнни Пэкьяо өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тун удахгүй зодог тайлж, мэргэжлийн боксын рингийг үүрд орхиж магадгүй тухайгаа мэдэгджээ. Учир нь түүний ээж ихэд санаа зовж, дахин тулалдахгүй байхыг хүсч байгаа гэнэ.
Пэкьяо энэ оны сүүлчээр АНУ-ын тулаанч Флойд Мейвезертэй тулалдах талаар мэдээлэл гарч, олны сонорыг сортойлгосон боловч өнгөрөгч долоо хоногт WBO-ын дунд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд Жошуа Клоттиг буулган авснаар Пэкьяо өөрийн гаргасан амжилтдаа сэтгэл ханасан гэдгээ хэлжээ. Тэрбээр “Боксчин хүний хувиар өнгөрсөн хугацаанд Флойд Мейвезер байсан, байгаагүй би хүссэн зүйлдээ хүрсэн. Надад түүний хэрэг байхгүй, харин би л тэдэнд хэрэгтэй байх” хэмээн ярьжээ. Үнэнч шүтэн бишрэгчдийнхээ дунд “Pacman” нэрээрээ алдаршсан Пэкьяо одоо улс төрийнхөө карьерт анхаарлаа хандуулах гэнэ. Тэрбээр ирэх тавдугаар сарын 10-нд болох Сарангани мужийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Пэкьяогийн хувийн вэбсайтад мэдээлснээр өнгөрсөн жил Мигуэль Коттотой тулалдаж байх үеэр чихэндээ хүнд бэртэл авснаас хойш түүний ээж Дионесия дахин рингэнд гаргахгүй байх талаар өөрийн байдаг чадлаараа хичээж байсан гэнэ. Энэ талаар Пэкьяо “Тулаан болох бүрт ээж маань өвдөг сөхөрч суугаад уйлан дуулан надаас гуйдаг. Ээж маань ийм зүйл хийж байхад миний сэтгэл өвдөхгүй байхын аргагүй шүү дээ. Би 12 настайгаасаа хойш боксын спортоор хичээллээ. Одоо би 31 нас хүрчихлээ. Тэгэхээр энэ талаар бодох л хэрэгтэй болж байна. Гэрийнхэнтэйгээ ярилцаж, эцсийн шийдвэрээ гаргах болно. Би багагүй удаан хугацаанд боксын спорттой амьдралаа холбож, эх орондоо олон ч гавьяа шагнал авчирсан. Сонгуулийн үр дүн, улс төрийн карьераас үл хамааран гэр бүлийнхний маань санал илүү чухал байх болно” гэжээ.
Пэкьяо одоогийн байдлаар дараалан 12 тулаанд ялалт байгуулаад байгаа ба долоон өөр жингийн ангилалд дэлхийн аваргын бүс эзэмшиж байгаа юм. Алдарт “Ring” сэтгүүлээс түүнийг жин жингийн хамгийн шилдэг тамирчин хэмээн өргөмжилсөн билээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж