Т.Сайнжаргал: Хар тамхины хэрэгт Б-г саатуулан шалгасан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Т.Сайнжаргал: Хар тамхины хэрэгт Б-г саатуулан шалгасан нь үнэн

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт “Метрополис” шөнийн цэнгээний газар үйлчлүүлж байсан дөрвөн иргэнийг цагдаагийнхан  саатуулан шалгасан юм. Хар тамхины хэргээр шалгасан гэсэн мэдээлэл үнэн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-“Метрополис” шөнийн цэнгээний газарт яагаад гэнэтийн үзлэг шалгалт хийх болсон юм бэ. Тус газраас саатуулагдсан иргэнд их хэмжээний  мансууруулах бодис байсан гэх  юм?

-Тус шөнийн цэнгээний газар хэсэг иргэд хар тамхи, мансууруулах бодис зарж, өөрсдөө хэрэглээд байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Тиймээс бид мэдээллийн дагуу сэжиг бүхий иргэдийг үйлчлүүлэгч нараас тусгаарлан шалгасан нь үнэн. Гэхдээ олон иргэдийг шалгаж саатуулаагүй. Дөрвөн хүнийг шалгаж, нэг хүнийг саатуулсан. Харин түүнээс  их хэмжээний мансууруулах бодис илрээгүй.

-Ямар нэгэн ноцтой зүйл, мансууруулах бодис илрээгүй юм бол яагаад саатуулан шалгаж байгаа юм бэ?

-Хойшлуулашгүй арга хэмжээ авах шаардлагатай байсан учир цагдаагийн хоёр ажилтан түүнийг саатуулсан.

-Тус шөнийн цэнгээний газрын шоу тоглолтод цагдаагийн хувцас өмссөн залуус бүжиглэдэг юм билээ?

-Энэ бол хууль бус үйлдэл.Цагдаагийн ажилтан архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон шөнийн цэнгээний газар орохдоо дүрэмт хувцас өмсөх эрх байдаггүй. Жүжиг, кинонд дүрэмт хувцасыг ашиглах тохиолдол байдаг ч шөнийн цэнгээний газар ашиглах нь зүй бус. Төрийн дүрэмт хувцасыг хэзээ, хаана ашиглах тухай журам бий. Мөн цагдаагийн дүрэмт хувцастай иргэн “Жалам хар” шар айргийг сурталчилсаар байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас албан тоот илгээн дахин ашиглахгүй байхыг анхааруулж байгаа.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж