
Уг ёслолд АНУ-д айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Монголын талын албаны хүмүүс, Женерал Электрикийн Технологи, Дэд бүтэц хариуцсан Ерөнхийлөгч, Женерал Электрикийн ТУЗ-н дэд Дарга Жон Ж.Райс нар оролцов.
Хоёр компани эрчим хүч, иргэний агаарын тээвэр, эрүүл мэнд, төмөр зам, усан хангамж, уул уурхай, гэрэл цахилгаан болон санхүүгийн үйлчилгээ зэрэг эдийн засгийн гол салбаруудад урт хугацааны түншлэлийн харилцаа байгуулах үндсэн чиг болоод зарчмыг харилцан тохиролцжээ.
Гарын үсэг зурах ёслолын үеэр ноён Норбом “”Женерал Электрик”-ийн зүгээс Монгол дахь өсөлт, хөгжлийн томоохон боломжийг “Ньюком” шиг хүчирхэг түнштэй хамтран судалж үзэх болсондоо маш их баяртай байна. Манай хоёр компани Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахуйц тус бүрийн давуу талтай. Тухайлахад, “Женерал Электрик” нь дэд бүтэц болон санхүүгийн үйлчилгээний салбарт хуримтлуулсан нарийн мэдлэг туршлага, технологийг Монголд авчрах болно. Харин “Ньюком” бол улс орондоо ажлын арвин их харилцаа холбоо бий болгосон, дотоодын зах зээлд сайн танигдсан үйл ажиллагаатай компани юм.” гэжээ.
“Ньюком” группын гүйцэтгэх захирал Б.Болд “”Ньюком”-ын хувьд “Женерал Электрик”-ийн Монгол дахь түнш нь болж байгаадаа их баяртай байна. Үнэхээр манай хоёр компани аль аль нь шинийг сэдэх, шинэтгэлийг эрэлхийлэхэд суурилсан тул бид маш сайн түнш болж чадна. “Женерал Электрик” нь 100 гаруй жилийн турш дэлхийн ахиц дэвшил, шинэ бүхний түрүүнд явж ирсэн. “Ньюком”-ын хувьд, бид ардчилсан Монгол эх орондоо шинэлэг, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд үргэлж анхдагч байсаар ирлээ. Бид хамтдаа Монгол Улсын хөгжлийн замналд тулгарах сорилтыг даван туулахад гар бие оролцож, нэгэн баг болон хамтдаа хөгжих болно” гэлээ.
Монгол Улс бол үсрэнгүй хөгжилтэй, байгалийн баялгийн эрэлт хэрэгцээ нь улам бүр өсч буй улс орнуудын зэргэлдээ орших стратегийн чухал байршилтай, эрчим хүч, уул уурхайн нөөц баялгаар баян орон билээ. Энд дэлхийд зэс, нүүрсний хамгийн томд тооцогдох ордууд байдгаас гадна салхины арвин их нөөц бий. Ирэх арван жилийн хугацаанд уул уурхай болон дэд бүтцийн хөгжилд тулгуурлаж Монгол улсын ДНБ зургаа дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан байдаг.
“Ньюком” групп бол анх 1993 онд байгуулагдсан, Монголд дэлхийн хэмжээний туршлага, шинэтгэлийг нэвтрүүлэх зорилго бүхий урт хугацааны хөрөнгө оруулагч компани билээ. “Ньюком групп” нь 1700 гаруй ажилчинтай, харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, иргэний агаарын тээвэр зэрэг салбарт хөрөнгө оруулж, амжилттайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна.
“Женерал Электрик” (Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж дээрх бүртгэл: GE) дэд бүтэц, санхүү, хэвлэл мэдээлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, дэлхий хамгийн хүнд хэцүү гэсэн асуудлыг шийдэхэд нөөц бололцоогоо ашигладаг 130 гаруй жилийн түүхтэй компани. Уг компани нь 100 гаруй улс оронд онгоцны хөдөлгүүр, цахилгааны үүсгүүрээс эхлээд санхүүгийн үйлчилгээ, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, телевизийн хөтөлбөрүүд гээд олон төрлийн салбарт 300 мянга гаруй ажилчинтай. “Женерал Электрик” компанийн “Форбос” сэтгүүлийн гаргадаг дэлхийн том компаниудын жагсаалтад хоёрт бичигдэж байсан юм.