Яармагийн талбайд бүх нийтийн гүйлт болно

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Яармагийн талбайд бүх нийтийн гүйлт болно

Монголын хөнгөн атлетикийн холбоо үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд тус холбоо нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран маргааш Яармагийн дэнжид 800 гаруй хөдөлмөрчин иргэд оролцсон бүх нийтийн гүйлт зохион байгуулах болжээ. Нээлтийн арга хэмжээ Яармагийн дэнжид 12.00 цагт болох юм. Энэ тухай Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран “Монгол ньюс” мэдээллийн төвд хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарын хэлснээр хөдөлмөрчин, ард иргэд оролцсон бүх нийтийн гүйлт 1980-аад оны үед олонтаа болдог байсан. Тодруулж хэлбэл, 1981 оноос хойш 20 гаруй жилийн турш үндсэндээ тасалдсан. Харин энэ удаад сэргэж байна. Ер нь монгол хүн эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай байж гэмээнэ ажлын бүтээмж өндөр, үр дүн өндөр байна. Энэ утгаараа бүх нийтийн дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, багийн нөхөрлөл бий болгох гээд олон талын ач холбогдолтой. Тэмцээнийг 14-60 нас гэсэн таван насны ангиллаар явуулна. Шалгаруулалтыг багийн дүнгээр үнэлнэ” гэлээ.

Мөн ойн хүрээнд Монголын хөнгөн атлетикийн холбоо нь маргааш дунд сургуулийн сурагчдын дунд “Хамгийн хурдан гүйгч хүүхэд” шалгаруулах тэмцээн зарлажээ. Тэмцээний ялагч 800 мянган төгрөгийн шагнал гардах юм. Одоогоор тус тэмцээнд оролцохоор 30 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Хурдан гүйгч хүүхэд шалгаруулах тэмцээн Батлан хамгаалах их сургуулийн Биеийн тамир спортын талбайд болно. Түүнчлэн энэ өдөр гадаад, дотоодын эрдэмтэд оролцсон эрдэм шинжилгээний бага хурал “Петровис” компанийн хурлын танхимд зохион байгуулагдах аж.

Харин ирэх ням гариг буюу энэ сарын 26-нд Спортын төв ордонд урлаг, спортын одод оролцсон үзүүлэх тоглолт хийхээр төлөвлөжээ. Харин өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетикийн ахмад үеийнхэн оролцсон дөрвөн төрлийн тэмцээн зохион байгуулагдаж байгаа  юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж