Д.Сүрэнхорын гэр бүл 15 сая төгрөгийн өрийг нь барагдуулсан

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын гэр бүл 15 сая төгрөгийн өрийг нь барагдуулсан

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхор Монголд ирсэн нь олны анхаарал татаж, үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл хэвлэлийн хуудас бүрт байх боллоо. Энэ хүн чухам ямар гэмт хэрэг үйлдсэн,  улсад бөгөөд иргэдийг хэрхэн хохироосон талаар  түүний хэргийг шалгаж байгаа Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Нямбаттай уулзаж ярилцлаа.

-Д.Сүрэнхорын тухай хүмүүс үнэн бодитой мэдээлэл авахыг хүсч байна. Тэр хүн ямар гэмт хэрэг үйлдээд, улсад хэдэн төгрөгний хохирол учруулсан юм бэ?

-Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Д.Сүрэнхор яамнаасаа 90 гаруй сая төгрөг аваад сураггүй болсон. Энэ хүн албаны мөнгөнөөс гадна ойр дотныхоо хүмүүсээс 15 сая төгрөг зээлж аваад өгөөгүй байсан юм билээ. Харин гэр бүлийн хүмүүс нь түүнийг эзгүйд энэ мөнгийг төлж барагдуулсан.

-Мөнгөө залилуулсан иргэд дунд УИХ-ын нэр бүхий гишүүд, улстөрчид болон сайдууд байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Түүнд зөвхөн найз нөхөд, ах дүүс, ойр дотны хүмүүс нь мөнгө зээлүүлсэн юм билээ. Тэр хүмүүс мөнгөө авсан.

-Д.Сүрэнхорд мөрдөн байцаалтаас оргон зайлсан зүйл анги нэмэгдэж байгаа гэсэн. Тэр хүн эрх мэдэл албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө ашигласан байхад улсын хилээр гарч чадсан нь олны анхаарлыг татаж байна?

-Түүнд Эрүүгийн хуулийн 148.3, 150.3 гэсэн зүйл \148.3 Эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 150.3.Энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш  арван жил  хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ\ ангиар эрүүгийн хэрэгт сэжигтэнээр татан шалгаж байна. Мөрдөн байцаалтаас оргон зайлсан үйлдэл байхгүй. Учир нь энэ хүнийг гадагшаа явсаны дараа яамнаас ийм хэмжээний мөнгө дутлаа гэсэн асуудал манайд тавьж, бид эзэнгүй хэрэг шалгаж байгаад түдгэлзүүлж байсан юм. Хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэсэн  байсан бол улсын хилээр гарах боломж байхгүй шүү дээ.

-Д.Сүрэнхор  90 гаруй сая төгрөг авсаныг хэн гэрчилж, нотолж байгаа юм бэ. Түүнээс гадна энэ хэрэгт ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар холбогдож байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэрэгт өөр хэн нэгнийг холбогдуулан шалгаж байгаа юу?

-Мөнгө авсан асуудал нь санхүүгийн баримтаар нотлогддог юм.Сонин хэвлэлд бичээд байгаа шиг нэр бүхий хүмүүсийг холбогдуулан шалгасан зүйл байхгүй. Ганцхан түүнийг л шалгаж байгаа.

-Түүнийг Монголд ирсэнээс хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын \МХЕГ\ дарга Я. Содбаатар болон Ардчилсан социалист залуучуудын холбоонд түүнтэй хамт ажиллаж байсан зарим хүмүүсийг гадаадад байхад нь холбоотой байсан, ирэх гэж байгаа нь цагдаад мэдэгдсэн гэх мэт мэдээлэл гарсаар байна. Д.Сүрэнхор дөрвөн жил аль улсад амьдарч, юу хийж байсан юм бол. Ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж байсан болов уу?

-Д.Сүрэнхор аль улсад ажиллаж амьдарч байсныг би мэдэхгүй. Харин интерполоор эрэн сурвалжилсанаар энэ сарын 3-нд Австрийн цагдаагийн газраас  саатуулсан тухай мэдээ ирсэний дагуу бид нисэх онгоцны буудлаас Ганцхудагт авчирч хорьсон. Түүнээс биш монголын талаас хэн нэгэн мэдээлэл өгч бид саатуулаагүй. Ар гэрийнхэнтэйгээ холбоотой байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм.

-Нисэх онгоцны буудалд Осама шиг сахалтай , өөрийгөө нуухыг хичээсэн байдалтай ирсэн гэх юм. Түүнээс гадна Н.Батболд гэдэг хүний бичиг баримтыг ашиглан  хил давсан гэсэн үү?

-Хэн ийм мэдээлэл тараагаад байдгийг хэлж мэдэхгүй юм. Тэрбээр өөрийн нэрээр гараад, өөрийнхөө бичиг баримттай ирсэн. Сахал үсээ ургуулаагүй, эрэн сурвалжлагдаж байсан  үеийнх шигээ л байсан.

-Хүний газар амьдарч байхдаа өөрийгөө эрэн сурвалжилж байгаад мэдээд сэтгэл санаагаар унаж, эрүүл мэнд нь муудсан гэсэн. Одоо удахүй батлан даалтад гаргах гэж байгаа гэж дууллаа?

-Ар гэрийнхэн нь хуваарийн дагуу түүнтэй уулзсан. Түүний бие хэвийн л байгаа. Батлан даалтад гаргах асуудал одоогоор  яригдаагүй. Өмгөөлөгч нь  ч хүсэлт гаргаагүй. Хуулийн дагуу түүнийг  сэжигтнээр тооцон 14 хоног сатуулан шалгаж эхэлсэн.

-Улсад учруулсан хохирлыг яаж барагдуулах вэ. Тэрбээр Монголд  байхдаа мөрийтэй тоглож, үл хөдлөх хөрөнгөө барсан гэх юм билээ?

-Тэр үнэн. Түүний нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө гэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад битүүмжилж хураасан нэг ч зүйл байхгүй. Хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх байх.
Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж