
Ирэх аравдугаар сард агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангайн нутаг, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна гэжээ. Харин Увс, Өвөрхангайн баруун, Баянхонгорын зүүн, Архангай, Дундговийн өмнөд, Өмнөговийн хойд, Дорноговийн баруун хойд болон Дорнодын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байгаа ажээ.
Харин арваннэгдүгээр сард Увсын нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завхан, Булганы зүүн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн баруун ба өмнөд, Сэлэнгийн баруун хойд, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр агаарын температурын дундаж олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бололтой. Түүнчлэн энэ сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Увс, Завханы баруун өмнөд, Хөвсгөл, Дорнод, Дорноговийн зүүн өмнөд, Булган, Хэнтийн баруун хойд, Өвөрхангай, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хөвсгөлийн хойд, Дундговийн зүүн, Дорноговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно гэжээ.