
Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар энэ оны эхний найман сард аж ахуйн 989 байгууллага, 61 салбар нэгж, 627 байгууламжид 14525 хүнийг хамруулан хяналт шалгалт хийж, 3059 зөрчил илрүүлэн 2013 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Шалгалтын хүрээнд зөвхөн хяналт шалгалтаар ажлаа хязгаарлалгүй аж ахуйн 1,1 мянга гаруй байгууллага, салбар нэгж, цэг байгууламж, 3,6 мянга орчим хүнд хууль тогтоомжийн сурталчилгаа хийж, 49 төрлийн 478 зөвлөмжийг 1470 гаруй хүнд өгч, 42 төрлийн мэдлэг сорих 230 асуулгаар 580 гаруй хүнээс шалгалт авсан нь ард иргэд, албан байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээ, үйл ажиллагааны зөрчил дутагдлаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Шалгалтаар илэрсэн чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, холбогдох хууль тогтоомж зөрчин худадан борлуулж байсан 839,9 мянга гаруй төгрөгийн эд зүйлийг хураан устгасны дээр нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрмөсөн, долоон салбар нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор аж ахуйн 13 нэгж байгууллага, 82 иргэн, 51 албан тушаалтанд 6,3 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулж, 4,1 сая төгрөгийн торгуулийг барагдуулаад байна.
Ж.Мөнх-Очир