Д.Дэмбэрэл авто замын нээлтэнд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл авто замын нээлтэнд оролцов

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 18-21-ний өдрүүдэд сонгогдсон тойрог, төрсөн нутагтаа ажиллаад ганзага дүүрэн олзтой буцаж ирлээ. Ганзага дүүрэн олзтой гэсний учир нь тэрбээр Ховд аймагт ажилласан богинохон хугацаандаа олон чухал ажил амжуулсан юм.

Д.Дэмбэрэл дарга тэргүүтэй албаны хүмүүс Ховд аймгийн Жаргалан суманд 18-ны үдийн алдад дөрөө мулталсан юм. Энэ удаа тэдний амжуулсан хамгийн чухал ажил нь “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавигдахаар болсон Ховд-Манханыг холбосон 85.3 километр хатуу хучилттай авто замын шавыг тавих явдал байв. Замын шав тавих энэхүү ёслолын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зам тавих ажлыг найман жилийн турш хөөцөлдсөн гэдгээ дурьдаад “Ховд-Манхан чиглэлийн авто замыг тавьснаар Ховд аймгийн дэд бүтцийн асуудалд томоохон ахиц гарна. Мөн зам сайжирснаар иргэдийн хөдөлмөрийн цагийг хэмнэх өндөр ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм. Харин аймгийн Засаг дарга Г.Нямдаваа энэ зам цааш үргэлжилж, Баян-Өлгийн Улаан байшинтаас Ярантын боомт хүрэх 743 километр урт зам болно гэдгийг хэлсэн. Улмаар энэ зам Азийн авто замын сүлжээнд холбогдож, олон улсын чанартай зам болно хэмээгээд энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд УИХ-ын даргын хүчин чармайлт ихээхэн нөлөөлснийг онцолж байв.

Ховд-Манханыг холбосон авто замын ажлыг энэ оны аравдугаар сарын нэгнээс эхлүүлж, 2012 оны есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү замаар Ховд аймгийн Чандмань, Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Мөнххайрхан, Манхан гэсэн есөн сумын иргэд дайрч гардаг учир нутгийнхан ихэд ач холбогдол өгөөд зогсохгүй олон улсын чанартай замын шав тавигдсаныг түүхэн үйл явдал хэмээн талархан хүлээж авсан юм. Уг замын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хамтран гаргаж байгаа юм байна. Замын шав тавих ёслолын үеэр МУГЖ Д.Энхзул, МУСТА Ө.Уянга нарын уран бүтээлчид оролцож, дуун мялаалга өргөв.

Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, түүнийг дагалдан явсан хүмүүс аймгийн удирдлагуудын хамт Ховд аймгийн төвд “Алтайн зам” ХХК-ийн тавьсан хоёр километр авто замын нээлтэд оролцлоо. Тус аймгийнхан ирэх жил болох аймгийнхаа 80 жилийн ойг угтаж, аймгийн төвийнхөө гол гол замуудаа хатуу хучилттай болгохыг зорьж буйгаа ярьж байв. Тэдний энэ саналыг УИХ-ын дарга дэмжиж “Аймаг орон нутгийнхан өөрсдөө зам тавьж чадаж байгааг харуулж байна. Энэ замыг тавьснаар аймгийн төвийн соёлд томоохон өөрчлөлт гарна. Хамгийн гол нь бүтээн байгуулалтын ажлаа чанартай сайн хийх нь чухал” гэж ховдчуудад зөвлөсөн талаар УИХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж