“Палермо” “Ювентус”-ыг хожиж, шуугиан тарилаа

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

“Палермо” “Ювентус”-ыг хожиж, шуугиан тарилаа

Италийн Сери А лигийн дөрөвдүгээр тойргийн үлдсэн ганц тоглолт өнгөрсөн шөнө “Ювентус” болон “Палермо” багуудын хооронд өрнөлөө. Турин хотын Олимпийн цэнгэлдэхэд болж өнгөрсөн тоглолтод “Хуучин ноёд” 3:1 харьцаатай ялагдсан бол “Палермо” шинэ улирлын анхны ялалтаа авсан юм. Ням гаригийн тоглолтод “Удинезе”-ийг 4:0-ээр талбайд буулган авсан тэд энэ удаад Сицилийн багийн эсрэг яаж ч тулалдаад дийлсэнгүй. Ингэснээр тэд  дөрвөн тоглолтын дараах байдлаар ердөө дөрвөн оноотой Сери А-гийн хүснэгтийн 15-рт эрэмбэлэгдсэн бол “Палермо” 16-д бичигдээд байна.

“Палермо”-гийн тухайд “Ювентус”-тэй хийсэн сүүлийн дөрвөн тоглолтод дараалан ялалт байгуулжээ. Өнгөрсөн улиралд хийсэн хоёр тоглолтод хоёуланд өрсөлдөгчөө буулгаж авсан Сицилийн багийнхан өчигдрийн тоглолтод Хавьер Пасторийн гоолын ачаар ердөө хоёр дахь минутаас эхлэн тоглолтыг хошуучилж эхэлжээ. Түүнээс хойш 67 болон 85 дахь минутад Иличич, Бово нар гоолдсоноор “Палермо” ялалтаа бататгасан бөгөөд 87 дахь минутад Моттагийн тусламжтайгаар Яквинтай гоолдож, “Хуучин ноёд”-ын нэр төрийн гоолыг оруулсан байна.

Сери А лигийн гуравдугаар тойргийн дүн:

“Брешия” 2:1 “Рома”
“Кальяри” 0:0 “Сампдория”
“Катания” 2:0 “Чезена”
“Генуа” 1:1 “Фиорентина”
“Интер Милан” 4:0 “Бари”
“Лацио” 1:1 “АС Милан”
“Лечче” 1:1 “Парма”
“Болонья” 2:1 “Удинезе”
“Наполи” 1:3 “Кьево”
“Ювентус” 1:3 “Палермо”

Сери А лигийн гурван тойргийн дараах байдлаар өнгөрсөн жилийн аварга “Интер Милан” 10 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Кьево”, “Брешия” нар тус бүр есөн оноотой удаалж байна. Харин хүснэгтийн дөрөвдүгээр байрт “Катания” долоон оноотой бичигдсэн бол тус лигийн гол төлөөлөгчдийн нэг “АС Милан” таван оноотой наймдугаар байрт эрэмбэлэгджээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж