Амжилтаараа ялгар: Харвардад доктор цол хамгаалсан Монгол бүсгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Харвардад доктор цол хамгаалсан Монгол бүсгүй

Харвардын их сургуулийн Урлаг, шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мандухайтай “Алтангадас” сэтгүүл интернэтээр тун сонирхолтой ярилцлага хийлээ. Дэлхийд №1 гэж хүлээн зөвшөөрөгддөг, олон орны эрдэмтэн, судлаач, лидерүүдийн сурахсан гэж мөрөөддөг энэ сургуульд монгол хүн мастерын болон докторын зэрэг хамгаалж, үргэлжлүүлэн эрдэм шинжилгээний ажил хийж байгаа нь үнэхээр бахархмаар.

Анх Харвардад суралцах болсон тухайгаасаа ярихгүй юу? Яаж өргөдөл гаргасан, сургууль хэрхэн хүлээн авсан зэргийн талаар?
Анх Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт (Fulbright Fellowship) өргөдөл гаргасан юм. Фулбрайт бага мөнгөөр олон хүнийг сурал­цуулахыг зорьдог учир Харвард зэрэг үнэтэй сургуульд ханддаггүй. Ихэвчлэн улсын, арай хямд төл­бөртэй сургуульд өмнөөс нь өргөдөл гаргадаг юм билээ. Би 1995 онд Фулбрайтад тэнцэж, Фулбрайтын өргөдөл гаргасан хэдэн сургуулиас Arizona, New York State бас Oregon-ы их сургууль намайг авья гэсэн байсан. Би New York State-ийг сонгоод, тэр зун нь англи хэлний мэдлэг дээшлүүлэх курст Boston-ы их сургуульд ирсэн байсан. Харвард Бостонд шүү дээ. Тэгээд Манж, Монголыг сонирхдог профессор Харвардад бий гэхээр нь цаг аваад уулзсан юм. Ярьж байх хооронд тэр намайг юу ч гэсэн Харвардад өргөдөлийн маягтаа өгөөд үз, тэнцвэл шилжээрэй гээд надтай ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн юм (миний орос, төвд, бас бага зэрэг франц хэлтэй, англи хэлэндээ сайн байсныг минь олзуурхсан байх л даа). Би нэг их онц зүйл бодолгүй өргөдөлийн маягтаа Харвардад бичиж өгсөн (маш хожимдсон өргөдөл байсан). Тэд миний эссег үнэлж, тусгай нөхцөл гарган шилжүүлж авсан. (Фулбрай¬тын мөнгөн дээр өөрсдийн фондоос мөнгө гаргаж, сургалтын төлбөрийг нөхсөн)

Хэдий хугацаанд хөөцөлдсөн бэ, хүлээн авна гэдэгт итгэлтэй байсан уу?
Үнэндээ их юм бодоогүй ээ. Орохгүй бол тэр л биз, алдах юм юу байх вэ гэж бодсон. Орох, орохгүй нь миний мэдэлд биш учир санаа зовоод нэмэргүй шүү дээ. Ер нь өргөдөлөө явуулаад мартах хэрэгтэй, санаа зовоод ямар ч нэмэргүй
.
Харвардад одоо сурч, судалгааны ажил хийж байгаа өөр монгол хүн байдаг уу?
Сайн мэдэхгүй байна. Том сургууль шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нэг хүн бий гэсэн. Анагаахад бас нэг байдаг гэж дуулсан. Монгол хүн хайгаад явах зав даан ч байхгүй шүү дээ.

Харвардад зэрэг хамгаалахад их мөнгө төлдөг үү?
Сургууль болон зэргээсээ болно. Жилд ойролцоогоор 45 мянган ам.доллар байх. Докторын оюутнууд тэтгэлэг авахаар өрсөлддөг. Би хувийн мөнгөгүй учир Фулбрайтын дараа дандаа тэтгэлэгүүдэд өргөдөл гаргаж, өрсөлддөг байсан.

Тэтгэлэг авахад хэцүү юу, ямар шалгууруудыг гол болгодог вэ?
Фулбрайт дууссаны дараа би олон тэтгэлэг авч байж тэр их мөнгийг төлдөг байсан. Яаж олох вэ гэдэг нь тэтгэлэгээсээ хамаарна. Докторант болоход тухайн тэнхим тэтгэлэг олгох мэдээлэл, чиглэлээ өгдөг. Олон улсын, зөвхөн АНУ-ын, бас Харвардын гээд олон янз байдаг. Бүгдийг өөрөө л хийнэ. Олон хуудас эрдэм шинжилгээний зүйл бичнэ. Бүх тэтгэлэг өөр өөр зүйл шаардана. Зарим нь бага мөнгөтэй, зарим нь овоо их. Хэд хэдэн тэтгэлэгийг нийлүүлж байж сургалтынхаа төлбөрийг төлж дуусгана. Маш их цаг шаарддаг. Тусгай давхар ажил л гэсэн үг. Би тэтгэлэг олох гэж өргөдөл захиа бичиж олон хоног нойргүй хонодог байсан. Хичээл, судалгааны ажлын хажуугаар амжуулна шүү дээ. Хамгийн гол нь олон чадалтай хүмүүсийн дундаас, яагаад бусдад нь тэр мөнгөө өгөхгүй, харин ганцхан надад өгөх нь зөв юм бэ гэдгээ итгүүлнэ гэдэг амаргүй. Шинэ санаа гаргасан хүнийг л сонгоно. Маш өрсөлдөөнтэй, хэдэн зуун мянган хүнээс ганц нэгд нь л олддог.

Тэгэхээр хэдэн оноос Харвардад сурах болсон гэсэн үг вэ?
1995 онд Харвардын Дорно дахины судлалын тэнхимд доктор хийх гэж элссэн. Тэнд миний багш, дэлхийд нэртэй Манж болон Монгол түүхийн судлаач хүн байсан. Тэр намайг 16-р зууны Монголын түүхийг судлаач гэсэн юм. Гэвч би 16-р зууны үеийн хаад ноёдын түүхээс илүү Монгол улсад болж байгаа орчин үеийн өөрчлөлт, жирийн хүмүүсийн амьдрал, зах зээлийн хүнд хэцүү үеийг яаж даван туулж байгаа, бас шашин энэ нийгмийн өөрчлөлтөнд ямар үүрэгтэй байгааг нь илүү сонирхож байсан. Ингээд Дорно дахины тэнхимд 2 жил болоод тэндээсээ Антропологийн тэнхимд орсон. Тэнд хийе гэж мөрөөдөж байсан ажлаа хийж дуусгасан. 1999 онд магистраа хамгаалсан, дараа нь үргэлжлүүлж сураад 2004 онд Доктороо хамгаалсан. Одоо эрдэм шинжилгээний ажилтнаар хоёр дахь жилдээ Харвардад ажиллаж байна. Энэ хугацаанд номоо хэвлүүлж гаргана. Судлаач хүний судалгааны ажил дуусна гэж байдаггүй шүү дээ. Цаашид үргэлжлүүлж шинэ сэдэв рүү орно.

Магистрын болон докторын зэрэг хамгаалсан сэдвийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
Би нийгмийн антропологич мэргэжилтэй. Гэхдээ “яс судалдаг” нь биш. Тэр бол биологийн антропологи. Миний сэдэв бол социализм задарч, шинэ нийгмийн харил­цаа үүсэж, шинэ соёл, түүхийн ойлголт бүрэл­дэн тогтоход, жирийн хүмүүс зах зээлийн нөхцөлд дасан амьдрахад Буриадын бөө мөргөл чухам ямар үүрэгтэй болохыг судалсан. Бөө мөргөл бол шашин гэхээс илүү хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь үзэл бодол, аман түүх, театрчилсан урлаг, бас нийгмийн ёс зүйн харилцааг бататгах соёлын өвөрмөц нэгэн арга, мөн нийгмийг шүүмжилсэн дуу хоолой гээд маш олон утга учиртай юм байна лээ.

Нийгмийн антропологи чухам юуг судалдаг юм бэ?
Бидний ажилладаг асуултын жишээ гэвэл, Хүн төрөлхтөн хэдийгээр сэтгэн бодохуй болон бие организмын хувьд дэлхийн хаана ч адилхан ч яагаад соёл, нийгмийн хувьд бие биенээсээ хамаагүй өөр байдаг юм бэ? Ямар түүхэн, улс төрийн болон бусад нөхцлөөс болж хүмүүсийн амьдрал ахуй өөрчлөгддөг, зовж шаналдаг, эсвэл таатай байдаг? Ямар нөхцөл байдлаас болж эрх тэгш бус байдал үүсдэг? Шинэ нийгмийн болон соёлын хэлбэр, шинэ амьдрах арга хэлбэр яаж, хаана үүсэж байна вэ, үүнд жирийн хүмүүс яаж оролцож байна? зэрэг асуудлууд юм. Өөрөөр хэлбэл антропологи бол хүний өдөр тутмын амьдралыг, түүх, улс төр, нийгэм, соёл, хүн бодож бүтээсэн бүх зүйлийг нийтэд нь судалдаг шинжлэх ухаан юм. Бас хүмүүнлэг үзлийг баримталдаг, дарлал колончлолын эсрэг, хүний эрхийг эрхэмлэсэн, либерал үзэлтэй салбар. Бидний бүтээдэг зүйл бол этнографийн ном. Энэ нь тухайн хүмүүсийн тухай судалсан эрдэм шинжилгээний хүүрнэсэн дэлгэрэнгүй нарийвчилсан зохиол гэсэн үг.

Яагаад энэ бөө мөргөлийн сэдвийг сонгох болов?
Шашин социализмын үед дарагдаж байгаад социализмын дараа эргээд дэлгэрч эхэлсэн. Яаж дарагдаж, мөн сэргэх үед нь нийгэм, хүний амьдралд ямар өөрчлөлт орж байна гэдгээс эхэлсэн юм. Антропологич хүн нэгэн хэсэг хүмүүсийг судалж байгаа бол тэр хүмүүстэй дор хаяж нэг жил дунд нь амьдрах ёстой. Амьдралд нь гүн орж, ажиглаж, оролцож байж л судалгаа хийдэг юм. Би 1996-1999 оны зуны сарууд, бас 1999-2000 онд дорнодод нэг жил амьдарч билээ. Бөө мөргөл бол зөвхөн шашин биш, энэ бол тухайн хүмүүсийн маш нарийвчилсан түүхэн дурсахуй (ялангуяа дарагдсан, мартагдсан түүх), ганц хүний тайзны урлаг, бас тухайн нийгмийг егөөдөж шүүмжилсэн, урлагжуулсан улс төрийн дуу хоолойн нэгэн хэлбэр. Буриадуудын дунд бөө мөргөл маш их дэлгэрч байсан болохоор тэрний учир утгыг нь олох гэж явсан юм.

Бөөгийн удамтай хүн онгоноо тахиж аргадаж, бөөлж байхгүй бол өвдөж зовдог гэж би дуулсан. Энэ үнэн үү?
Би сая бөө мөргөл бол түүх гэж хэллээ. Бөөгийн онгоноо тахина гэдэг бол (Мон¬голын Буриадуудын хувьд) онгоны ярьж байгаа түүх, өнгөрсөн амьдралыг нь хойч үе нь мэдэж авна гэсэн үг. Бөө нар шинэ үеийнхнийг түүх, удам судар, Оросын хаадууд Сибирийг колоничлох үед алдсан газар нутгийнх нь нэр усыг нь мэдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл ард түмнээ соёл, түүхтэй нь холбоотой байлгаж, ямар учраас тухайн хүмүүс бусдаас ялгарч байдгийг нь мартуулахгүй байж, мэдүүлж байдаг гэж би ойлгосон. Харин тухайн хүн өөрийнхөө зовлонг яаж ч тайлбарлаж болно. Хүмүүс ихэвчлэн өөрийн итгэдэг, сайн мэддэг, аль ойр зүйлээрээ тайлбарладаг шүү дээ. Бөө нар үнэхээр тэгж тайлбарладаг. Бөө мөргөл бол өөрөө өвчнийг тайлбарлах, ухаарах, эмчлэх соёлын нэг арга юм гэж бас хэлж болно. Өөрөөр хэлбэл өвчин гэдгийг Европын шинжлэх ухааны үүднээс биш, харин тодорхой хүмүүсийн соёлын нарийн онцлогоос тайлбарлана шүү дээ. Жишээ нь Төвд эмнэлэг ханиадыг хий, бадганы тэнцвэр алдагдсанаас гэж тайлбарладаг байхад орчин үеийнх нь вируснаас болсон гэдэг. Эсвэл, унах, ухаан алдах өвчнийг Европт epilepsy (тархинд саад учирлаа) гээд химийн бодисоор эмчилдэг байхад Африкт malyaria тусаад халуурч, балайрч байна гэдэг, харин зарим нь өвөг дээдсийн сүнс дайрч гэж тайлбарладаг. Чухам алинд нь ит¬гэх вэ гэдэг нь тухайн хүний л сонголт юм.

Буддын шашин монголчуудыг номхон, хүлцэнгүй болгосон гэдэг. Хэрэв бөөгийн шашнаа тэргүүн зэрэгт тавьдаг, нийтээрээ сүсэглэдэг байсан бол манай нийгмийн нийтлэг дүр төрх ямар байх байсан бол гэж танд санагддаг вэ?
Шашин судална гэдэг маань сурталчилна гэсэн үг биш юм л даа. Би таны асуултанд хариулж мэдэхгүй юм. Түүхэнд болоогүй юманд дүгнэлт хийх боломж байхгүй шүү дээ. Бөө нар мэдээж Монгол улс бөө мөргөлтэй байсан бол дэвжих байсан юм гэж ярина. Шашин хоорондоо өрсөлддөг нь дэлхийд түгээмэл зүйл шүү дээ. Аль ч шашин аль болохоор олон сүсэгтэнг хамруулахын төлөө байдаг. Хүн ганц шашныг дагнах албагүй, ер нь дагнадаггүй болсон байна лээ. Харин бөө мөргөл болон төрийн мандал, бууралт хоёрын холбооны талаар Английн Кембрижийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, нэрт эрдэмтэн Caroline Humphrey онол гаргасныг “Алтангадас”-ын уншигчидтай хуваалцья. Монголын газар нутаг дээр түүхэнд тогтносон төр улсууд дандаа бөө мөргөлийн оролцоотойгоор гарч ирсэн боловч тухайн төр хүчтэй болонгуут бөө мөргөлийг төрөөс холдуулж, захчилж байдаг. Харин төр суларсан үед бөө мөргөл дахин шинэ хэлбэрээр мандаж, нийгмийн амьдралд илүү нөлөөтэй болдог байсан гэсэн байна лээ. Сонин судалгаа байгаа биз.

Бөөгийн шашныг судлах явцад таны сонирхлыг эрхгүй татаж, илүү шимтэн судлахад хүргэж байсан, сонирхолтой санагддаг зүйл нь юу вэ?
Би сонирхсон зүйлээ л судалж байсан л даа. Нэгэн жишээ хэлье л дээ. Монголын буриадын бөөгийн дэлхийн бусад бөөгөөс ялгагдах нэг онцлог бол эрэгтэй, эмэгтэй бөө нар адил эрх мэдэлтэй, адил чадалтай онгодтой байдаг. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн тэргүүлж байдаг улс оронд энэ дүрэм бол
маш ер бусын зүйл. Гэвч дүрэм нь тэгш мөртлөө амьдрал дээр яагаад үгүй байдгийг нь би цаашлуулж судалж байсан юм.

Зарим хүмүүс яагаад гадаадын эрдэмтэн, судлаа¬чид монгол судлалын чиглэ¬лээр ажилладаг юм бол, тэдэнд юу нь сонирхолтой юм бол гэж гайхдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
Танд гашуун үнэнийг дуулгая, уучилна биз ээ. Монголыг сонирхон судалж буй газар туйлын ховор юм шүү дээ. Монгол судлал гэдэг тэнхим юмуу мэргэжлийн хэргэм зэрэг өгдөг хөтөлбөр АНУ-д нэг ширхэг ч байхгүй, мөн Европт ч байдгийг би мэдэхгүй юм байна. Indiana-гийн их сургуулийн Еврази судлалын тэнхимд яг монгол судлаач гэх хоёр профессор бий. Chistopher Atwood, George Kara нар. Монголын талаар судалдаг мэр сэр эрдэмтэд нь түүх, антропологи, улстөр судлаач нар байдаг. Харин Японд бусад орноос илүү Монгол судлал хөгжсөн юм билээ. Гэхдээ тэр зүгийн эрдэмтэдтэй холбоо бага тул сайн мэдэхгүй юм. Өвөрмонгол эрдэмтэд гадаадад манай эрдэмтдээс илүү өндөр байр суурьтай гэдгийг дашрамд хэлье. АНУ-д бол Хятад, Энэтхэг, Солонгос, Турк зэрэг оронтой харьцуулбал Монгол судлал бараг байхгүй. АНУ бол судалгааны мөнгөө маш нарийн бодолтой зарцуулдаг орон. Эдийн засгийн (газрын тос) болон стратегийн үүднээс Казахстан, Узбекистан, Хятад улсуудыг давуу сонирхдог. Хүйтэн дайны, социализмын үед монголыг илүүтэй судалж байсан ч одоо үгүй. Дашрамд хэлэхэд, бусад орны хөрөнгө мөнгөтэй хүмүүс улсаа сурталчилах үүднээс өөрийн орныхоо судалгааны төвүүдийг байгуулдаг юм билээ. Жишээ нь, Харвардад Хятад судлал хамгийн хүчтэй. Хятад баячуудын хандив маш их үүрэг гүйцэтгэдэг. Мөн Украин судлал маш том төвтэй. Оросоос эрт тасарч дөрвөсөн Украинчууд тэтгэдэг юм билээ.

Харвардад Монгол судлалын талаар материал, ном, судалгаа зэрэг зүйл хангалттай байдаг уу?
Ном материал маш элбэг. Эртний ганжуур, данжуураас эхлээд саяын хэдэн жилд хэвлэгдсэн ном, брошюр бараг бүгд бий. Харвард алслагдсан ямар ч газраас ном хэвлэл захиалдаг гайхамшигтай системтэй юм билээ.

Харвардынханд таны сэдвийн юу нь сонирхолтой байна. Мөн та удирдагч багш нарынхаа тухай яриач?
Сонирхоогүй бол докторантурт элсүүлж, өчнөөн мөнгө болон цаг завын дэмжлэг гаргахгүй байсан болов уу. Социализмын үед шашин дарагдаж байсан, социализм бутраад ямар шинэ онол гаргаж болох вэ зэрэг миний дэвшүүлсэн асуудлыг анхнаасаа л сонирхож ирсэн. Би докторант байхдаа албан ёсны таван удирдагчтай ажилласан. Нэмж хоёр багш албан бус байдлаар миний ажлыг сонирхож, санаа оноогоо хуваалцаж ирсэн. Ер нь хамтран ажиллах сонирхолтой профессорууд олон байсан бөгөөд антропологийн тэнхим намайг бүрэн дэмжиж ирсэн юм. Гол удирдагч маань настай хүн бий. Нобелийн шагналтай дүйцэх Balzan гэдэг шагнал авсан, шашин, улс төрийн хэлмэгдэл, колоничлолын бутралын талаар 30-аад ном бичсэн хүн, Шри-Ланка, Тайланд судлаач хүн бий. Дараагийнх нь Индонезийн бөө, улс төрийн терроризм, төрийн дарангуйлал, өдөр тутмын хүчирхийлэл зэрэг сэдвүүд дээр ажилладаг, маш нэртэй настай эмэгтэй. Гурав дахь нь, Хятадын жендерийн асуудал, гэр бүлийн харьцаа, санан дурсахуй болон мартах талаар нэрд гарсан хүн. Дөрөв дэх нь, глобалчлал, зах зээл, худалдаа наймаа, эдийн засгаар ажилладаг. Тав дахь нь, Дундад азийн угийн бичиг, Осама бин Ладений гэр бүл болон бусад том гэр бүлүүдийн дэлхий нийтээр тархсан түүх, өвөг дээдсийг, санан дурсах соёлын арга гэх мэт маш сонирхолтой зүйлийг судалдаг эрдэмтэн. Эд нартай олон жил ойр дотно ажиллаж ирэхэд маш их юм сурсан. Хэлсэн, бичсэн өгүүлбэр болгон нь шинэ санаа агуулж байдаг, ёстой л бодол санааны дуусахгүй уурхай болсон гайхамшигтай эрдэмтэд.

Бөөгийн шашныг тэд ойлгох уу, тэдэнд юу нь илүү сонирхолтой байдаг вэ?
Бөө бол дэлхийд түгээмэл үзэгдэл. Харин газар газар өөр ойлголттой. Тэд бөөгийн талаар надаас ч илүү мэднэ. Харин Буриад болон Монгол бөөгийн онцлог чанар, бас монголын талаар сайн мэдэхгүй гэдэг нь ойлгомжтой.

Багш нарын оюутантай харилцах харьцаа, биеэ авч явах соёл, ёс зүй, хичээлээ явуулах, оюутныг дүгнэх, даалгавар өгөх зэргийнх нь талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
Миний удирдагч нар докторантуудтай найз нөхөд шиг л харьцдаг юм. Тун завгүй байсан ч гэртээ хоолонд урина, үдийн цайг хамт уунгаа ажлаа ярина, санал солилцоно, зөвөлгөө өгнө. Харин ажлаа орхисон докторантуудыг орхичихдог юм байна лээ. Өөрсдөө л мэрийхгүй бол тэр завгүй багш нар мартана шүү дээ. Шахаж, шаардах нь бараг үгүй. Харвардынхан илүү ажиллаад ядаргаанд орно уу гэхээс дутуу ажилладаг хүн огт байхгүй. Гэхдээ багш нар нь оюутнуудаа амарсангүй гэж загнана, кино үз, салхинд гар гэж дандаа зөвлөнө. Би багш нартайгаа одоо ч хамтран ажиллагсад. Уншсан зүйлээ хуваалцана. Бичсэн зүйлээ бие биедээ уншуулж санал солилцоно.

Олон орноос ирсэн лидерүүд сурдаг гэж ойлгодог. Тэдэнтэй харилцахад ямар вэ, тэднээс суралцана биз?
Тийм ээ. Бие биедээ сайхан найз нөхөд, хамтрагчид, зөвлөгчид болдог. Тэднээс маш их зүйл суралцсан. Олон ч найз нөхөдтэй болсон. Одоо дэлхийн өнцөг булан бүрт багшилж байгаа.

Таны хувьд ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Одоогоор номоо бичиж байна. Өглөө эрт гараад ажлынхаа өрөөнд эсвэл гэртээ очиж бичнэ, уншина, өдрийн цайны дараа номын санд сууна. Орой ямар нэгэн лекц цуглаанд явах хэрэг гардаг. Орой бас үргэлжлүүлж бичнэ. Энэ бол маш ховор бөгөөд завшаантай нөхцөл. Миний хувьд Харвард уран бүтээлийн чөлөө өгсөн учир би санаагаа боловсруулах цаг завтай байгаа нь тун завшаантай хэрэг.

Эх сурвалж: "Алтангадас" сэтгүүл, №25


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж