Ерөнхий сайдын айлчлал Канад улсаар үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын айлчлал Канад улсаар үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын АНУ-д хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Харин ирэх даваа гариг буюу энэ сарын 27-ноос ирэх сарын 1-н хүртэлх хугацаанд Канад улсад ажлын айлчлал хийх юм.

Ерөнхий сайд С. Батболдын Канад улсад хийх энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд анхны айлчлал болно.  Уг айлчлалын зорилго нь Монгол Улс, Канад улсын хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ардчилал, зах зээлийн эдийн засаг, НҮБ-ын дүрмийн түгээмэл зарчмуудыг хоёр талын харилцаандаа удирдлага болгон баримталж, хоёр талын дээд хэмжээний улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн таатай орчныг бэхжүүлэх, хоёр талын харилцааг өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааны зарчмаар цар хүрээг нь өргөтгөн хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн зарим асуудлуудаар санал солилцоход оршиж байна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Канадын Ерөнхий сайд Стивен Харпертай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм. Ерөнхий сайд Оттава хотноо айлчлах үеэрээ Канадын салбарын зарим сайд нартай уулзаж, хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцоно.  Мөн Канадын Парламентад зочилж Сенат хийгээд Нийтийн танхимийн спикерүүдтэй уулзана. Айлчлалын дүнгээр талууд хамтарсан мэдэгдэл гаргаж, хүнс, хөдөө аж ахуй, төрийн алба, стандартчиллын алба зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Мөн айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболд Канадын Онтарио, Бритиш Колумби мужуудын Засгийн газрын тэргүүнүүдийг хүлээн авч уулзахаас гадна Торонто, Ванкувер хотуудад зохиогдох Монгол-Канадын Бизнес Форумд оролцож үг хэлэх юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж