
МАХН-ын бага хурал дөхөж, малгай дотор “манас гэх” цаг ойртох тусам энэ намын удирдах албан тушаалтнуудын “эрэлт” нэмэгдэж, “нийлүүлэлт” харин хоцорч байна. С.Баяр дарга ажлаа өгөх гэж байгаа гэсэн “шум” өндөр авах тусам МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар намын байр, олны хөлөөс дайжиж, аль болохоор илүү үг унагачихгүйг хичээж байна. Сүүлийн үед энэ намын дээгүүр түвшинд төдийгүй, дунд, доод шатанд ч зөрчилдөөн ширүүсч байгаа. Үүний нэг илрэл нь Сонгинохайрхан дүүрэгт гарсан дунд тушаалын дарга нарын дуулиан. Харин одоогоор намаа толгойлж байгаа эрхмүүд болох намын ерөнхий нарийн бичгийн дарга, намын нарийн бичгийн дарга нар гишүүдээсээ хүртэл цэрвэх болжээ. Энэ нь магадгүй, намын дарга С.Баяр “намайг очтол байдлыг хурцатгалгүй хүлээж бай” гэдэг лүндэн буулгасантай холбоотой биз. Намайг очтол намаа битгий тараачихаарай гэсэн үг л дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх аппаратынхандаа утсаар голдуу үүрэг даалгавар өгдөг болсон бол, намын нарийн бичгийн дарга У.Барсболд хэвлэлийнхнээс зугтаж, намынхаа төв байраар үзэгдэхээ болиод удаж байгаа гэнэ. Тэдний хувьд намын дарга нь ирж, намын Бага хурал хуралдсаны дараа л “хэлд орох” бололтой.
Б.ЗАЯА