Номгүй сурагчдадаа ”номхон”-ыг зааж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Номгүй сурагчдадаа ”номхон”-ыг зааж байна

Хичээлийн жил эхлээд хагас сар гаруй хугацаа өнгөрөөд байхад гурав, наймдугаар ангийн сурагчид нэг ширхэг ч сурах бичиггүй хэвээр байна. Уг нь сайд Ё.Отгонбаярын хэлснээр энэ хичээлийн жилд нийт 58 сурах бичиг хэвлэхээс 12 жилийн сургалттай 3,8 дугаар ангид ашиглах 24 нэр төрлийн сурах бичиг зохиож, хэвлэж есдүгээр сарын 1 гэхэд бүх сургуулиудад хүргэнэ гэж байсан. Сурах бичиггүй багш ямар хичээл заах билээ, хүүхдүүд ч юу унших билээ, өөд өөдөөсөө хараад өдөр өнгөрөөх маягаар нэг нь хичээл заах, нөгөө нь заалгуулахын нэр зүүж байна.

БСШУЯ-ны ном сурах бичиг хариуцсан мэргэжилтнээс өнгөрсөн зургадугаар сараас хойш л асууж шалгаавч “Номын эх бэлтгэл хийж байгаа, тендер зарласан, сонгон шалгаруулалт хийнэ, одоо хэвлэх компаниуд тодорлоо, хэвлэж байна, амжина, бүтнэ” гэх мэтийн хариултаар аргацаасаар өдийг хүргэсэн. Сурвалжлагчид иймэр­­хүү байд­лаар хандаж байгаа юм чинь жирийн иргэдэд мэдээлэл өгнө гэдэг санасны гарз. Багш нар, хүүхдүүд, эцэг эхчүүд хэзээ номтой болох юм болоо гээд л бүлтийж суугаа.

Энэ бол бас төрийн болон хувийн аль ч байгууллагад төлөвлөсөн хугацаандаа ажлаа бүрэн гүйцэтгэдэг, эргээд хариуцлага тооцдоггүйн тод жишээ. Сурах бичгийн эхээ боловсруулдаг эрдэмтэн, мэргэжилтний баг ажиллаж байхад зэрэгцээд хэвлэлтийн хөрөнгө, оролцогч хэвлэх байгууллагыг тодруулах зэргээр хамтад нь амжуулж цаг хугацааг ашигласан бол ийм “хайхрамжгүй” байдалд хүрэхгүй л байсан.

Бас нэг гайхалтай зүйл нь сурах бичиг хэвлэх тендерийн сонгон шалгаруулалт ихээхэн нууцлаг болдог гэхэд хилсдэхгүй. Сурах бичгийг зохиох эрдэмтдийн баг заасан хугацаа буюу долдугаар сарын 1-нд эх бэлтгэлийг бүрэн дуусгаж, албан ёсоор БСШУЯ-нд хүргүүлсэн талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байсан. Сурах бичгийг хэвлэх тендерийг зургадугаар сарын 29-нд олон нийтийн хэвлэл мэдээллээр зарлаж, долдугаар сарын 29-нд саналаа ирүүлсэн хэвлэх компаниудын дунд сонгон шалгаруулалтыг хийхээр товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд хэвлэх эрх нь гэнэтхэн тодорсноор барахгүй, зарим сурах бичгийг шуудхан л “гэрлийн хурд”-аар хэвлээд, сургуулиудад хүргээд дууссан талаар мэдээлж байгаа хэдий ч ганцхан жишээ болох нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр дунд сургуульд наймдугаар ангийн сурагчид нэг ширхэг ч сурах бичгийн барааг хараагүй байгааг юу гэж ойлгох вэ.

Яагаад ам, ажил хоёр алд дэлэм зөрөөд байгааг тодруулахад мөн л тухайн сургуулиудын буруу гэх мэтээр яамны ажилтан өөрийгөө уснаас цэвэрхэн аваад гарч байна. Нийслэлд байдал ийм байхад алслагдмал аймгуудад ямар байх нь тодорхой. Мөн гуравдугаар ангийн хоёр, наймдугаар ангийн дөрвөн сурах бичиг хэвлэх компанитай гэрээ байгуулснаар ирэх сарын 2-нд хэвлэх, хүргэх ажлыг гүйцэтгэж дуусах гэнэ. Сурах бичгийг хугацаанаас оройтуулсан шалтгаанаа Азийн хөгжлийн банкнаас олгох зөвшөөрөл харсаар өдийг хүрсэн, мөн зохиох, хэвлэхэд хугацаа их шаардсан гэх мэтээр тайлбарлаж байгаа. Ингэж тайлбарлаж байгаа атлаа энэ асуудлаар хэвлэл мэдээллээр гарсан материалын алдаа, оноог шүүх завтай албан тушаалтнууд цаг хугацаа шаардсан ажлаа амжуулдаг баймаарсан даа.

Дээр дурьдсан олон шалтгаанаас үүдэн сургуулийн насны хичнээн хүүхдүүд хохирч байгааг салбар хариуцсан ажилтнууд анхааралдаа аваасай. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр наймдугаар сараас эхлээд 25-нд бүх сурах бичгийг сургуулиудад хүргэсэн байна, хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр энэ сардаа багтааж үлдсэн сурах бичгийг хэвлээд дуусна, ямар ч асуудалгүй гэж хэлж байсан үгээ санаасай.
Хамгийн эцсийн хугацаа болох ирэх сарын 2-нд хүүхдүүд сурах бичигтэй болох нь уу, үгүй юу.  Дараа жилийн сурах бичгийн асуудлыг бүтэн жилийн өмнөөс буюу энэ сараас эхэлж байгаа болохоор ирэх жил цаг хугацаандаа амжина гэдэг нь холбогдох ажилтны амлалт болж үлдлээ. Гэвч дараа жил ч гэсэн ийм байдал хэвээр байна гэдэгт эргэлзэхээргүй л байна.  

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж