Оюутны хотхоны газрыг чөлөөлөх үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Оюутны хотхоны газрыг чөлөөлөх үүрэг өгчээ

Саяхан Ерөнхий сайд С.Батболд улсын болон хувийн их, дээд сур­гуулиу­дыг хотоос гаргаж, оюутны хотхон бай­гуулж, цогцолбор хэлбэрээр хөг­жүүлэх асууд­лаар хол­бог­дох яамд болон Нийс­лэлийн удирд­лагуу­дыг оролцуулан уул­залт, хэлэл­цүүлэг хийсэн. Энэ уулзал­тын үеэр оюутны хотхон байгуулах газрын асуудлыг ч мөн хэлэлцсэн бай­даг. Одоогоор Баян­голын ам, Яармагийн дэнж, Ургах на­ран хороо­лол зэрэг гур­ван газарт хотхон байгуу­­лах газрыг төлөв­лөөд бай­гаа юм бай­на. Өмнөх их хурлын үеэд гэхэд Баян­голын ам буюу Найрамдал зуслан­гаас наа­ших замд оюутны хот­хон байгуу­лахаар төлөв­лөж, 80 гаруй га газрыг хашаад байсан аж. Харин саяхан Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа нийслэлийн удирд­лагууд нөгөөх газраа “нэг­жиж” үзэхэд арав гаруйхан га газар үлдээд, бусдыг нь иргэд, аж ахуй нэгжүүдэд өгчихсөн байсан гэнэ. Тиймээс тэд саяхан энэ тухай­гаа Ерөн­хий сайдад дуулгаж, хаана яаж дахин газар олгох талаар зөв­лөлд­жээ. Ерөнхий сайд тэ­дэнд гурван зүйлийн үүрэг өгсөн байна. Нэгд хувьчилж авсан иргэд, аж ахуйн нэг­жид газрын нөхөн төл­бө­рийг нь олгох, хоёрдугаарт газраа өгч хөрөнгө оруулах,  гурав­дугаарт хувьчилж ав­сан газартай нь нэг ангил­лын бүсэд шинээр газар олгох гэсэн гурван зүйлийн санал тавьж, газар өмч­лөгчид­тэй хэлэлцээр хийх үүрэг өгчээ. Харин дээрх сана­луу­даас аль алиныг нь хүлээж аваа­гүй тохиолдолд Засгийн газар шийдвэрээ гар­гаж газраа хурааж авна шүү гэдгийг анха­а­руул­сан бай­на. Тиймээс Нийслэ­лийн удирд­лагууд болон газрын албаныхан ойрын хуга­цаанд Баянголын аманд зориулалт бусаар газар аваад байгаа газар өмчлөг­чидтэй яаралтай тохирол­цоонд хүрч, газар өмчлөг­чидтэй хийх гэрээний асууд­лыг Засгийн газ­рын хурал­даанд оруулах үүрэг хүлээ­гээд байгаа юм байна. Харин одоо ажиллаж байгаа төрийн өмчийн их, дээд сургуу­лиу­дын хувьд өмчлөлийн газар нь төрийн мэдэлд хэвээр байгаа бөгөөд сургуулиудыг нүүлгэсний дараа газрыг нь олон нийтийн нээлттэй дууд­лага худалдаанд оруулах чиглэлийг барьж байгаа гэнэ. Энэ ажлыг Төрийн өмчийн хороо хариуцаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт доор гүйцэтгэх юм байна. Гэхдээ үүнд МУИС, МУБИС зэрэг түүхэн учир холбогдолтой барилгууд орох­гүй юм байна. Их сур­гуулиудыг байгуулахаас өмнө тэдгээрт Монгол Улсын Засгийн газар, зарим яамд байрлаж байсан аж.
Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж