Саяхан Ерөнхий сайд С.Батболд улсын болон хувийн их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, оюутны хотхон байгуулж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх асуудлаар холбогдох яамд болон Нийслэлийн удирдлагуудыг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. Энэ уулзалтын үеэр оюутны хотхон байгуулах газрын асуудлыг ч мөн хэлэлцсэн байдаг. Одоогоор Баянголын ам, Яармагийн дэнж, Ургах наран хороолол зэрэг гурван газарт хотхон байгуулах газрыг төлөвлөөд байгаа юм байна. Өмнөх их хурлын үеэд гэхэд Баянголын ам буюу Найрамдал зуслангаас нааших замд оюутны хотхон байгуулахаар төлөвлөж, 80 гаруй га газрыг хашаад байсан аж. Харин саяхан Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа нийслэлийн удирдлагууд нөгөөх газраа “нэгжиж” үзэхэд арав гаруйхан га газар үлдээд, бусдыг нь иргэд, аж ахуй нэгжүүдэд өгчихсөн байсан гэнэ. Тиймээс тэд саяхан энэ тухайгаа Ерөнхий сайдад дуулгаж, хаана яаж дахин газар олгох талаар зөвлөлджээ. Ерөнхий сайд тэдэнд гурван зүйлийн үүрэг өгсөн байна. Нэгд хувьчилж авсан иргэд, аж ахуйн нэгжид газрын нөхөн төлбөрийг нь олгох, хоёрдугаарт газраа өгч хөрөнгө оруулах, гуравдугаарт хувьчилж авсан газартай нь нэг ангиллын бүсэд шинээр газар олгох гэсэн гурван зүйлийн санал тавьж, газар өмчлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг өгчээ. Харин дээрх саналуудаас аль алиныг нь хүлээж аваагүй тохиолдолд Засгийн газар шийдвэрээ гаргаж газраа хурааж авна шүү гэдгийг анхааруулсан байна. Тиймээс Нийслэлийн удирдлагууд болон газрын албаныхан ойрын хугацаанд Баянголын аманд зориулалт бусаар газар аваад байгаа газар өмчлөгчидтэй яаралтай тохиролцоонд хүрч, газар өмчлөгчидтэй хийх гэрээний асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах үүрэг хүлээгээд байгаа юм байна. Харин одоо ажиллаж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулиудын хувьд өмчлөлийн газар нь төрийн мэдэлд хэвээр байгаа бөгөөд сургуулиудыг нүүлгэсний дараа газрыг нь олон нийтийн нээлттэй дуудлага худалдаанд оруулах чиглэлийг барьж байгаа гэнэ. Энэ ажлыг Төрийн өмчийн хороо хариуцаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт доор гүйцэтгэх юм байна. Гэхдээ үүнд МУИС, МУБИС зэрэг түүхэн учир холбогдолтой барилгууд орохгүй юм байна. Их сургуулиудыг байгуулахаас өмнө тэдгээрт Монгол Улсын Засгийн газар, зарим яамд байрлаж байсан аж.
Б.ГАЛ
Б.ГАЛ