Гадаадад суралцагчдын тал нь эргэж ирдэггүй

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Гадаадад суралцагчдын тал нь эргэж ирдэггүй

Хичээлийн шинэ жил эхэлж, оюутан сурагчид хичээл сургуульдаа орсонтой зэрэгцээд яригддаг нэг зүйл нь гадаадад суралцагч оюутны асуудал. Энэ жил өндөр хөгжилтэй орнуудад төрийн сангийн зээлээр хичнээн хүн явуулах болон шалгалтын талаар БСШУЯ-ны Боловсролын газрын мэргэжилтэн Д.Баднайнямбаас тодрууллаа.

-Одоогоор гадаадад манай хэдэн оюутан ямар ямар мэргэжил, хаанахын тэтгэлгээр сурч байгаа вэ?

-5000-6000 оюутан сурч байгаа. Засгийн газрын тэтгэлэг, төрийн сангийн зээл, улс хоорондын оюутан солилцоо, хувиараа гэх мэт төлбөр нь янз бүр. Мэргэжлийн төрөл бас янз бүр байгаа ч сүүлийн үед уул уурхай хөгжиж байгаатай холбоотойгоор энэ салбарын мэргэжилтний захиалга өссөн.

-Төрийн сангийн зээлээр гадаадад суралцагчдыг бүртгэж байгаа.  Энэ жил  хэдэн хүн, ямар мэргэжлээр элсүүлж байгаа вэ?

-Энэ жилийн төрийн сангийн зээлээр гадаадад магистрантурт 60, докторантурт  9, нийт 69 хүн явуулна. Сонгон шалгаруулалтыг долдугаар сард зарласан боловч хүн гүйцээгүй учраас одоо дахин зарлаж аравдугаар сарын 4 хүртэл бүртгээд 12-нд шалгаруулалт явуулна. Янз бүрийн мэргэжлийн захиалга байгаа. Тухайлбал ус, агаар, тээвэр, цөмийн болон ураны инженер, хөдөө аж ахуй, хууль эрх зүй, олон улсын худалдаа гэх мэт. Гэхдээ бас л уул уурхайн мэргэжилтний захиалга их ирсэн байна билээ.

-Элсэгчдийг ямар шалгуураар явуулдаг вэ, яагаад хүн нь гүйцэхгүй байна гэж?

-Тухайн мэргэжлийн чиглэлийн дагуу магистр, докторын сургалтад хамрагдах хүмүүс бакалавраас доошгүй боловсролтой, дипломын голч дүн нь 3,20 ба түүнээс дээш байх, мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг хангасан буюу TOEFL,  IELTS  өгсөн байх ёстой. Хүмүүс бол их ирж байна. Гол нь гадаад хэлний мэдлэгийн шаардлагыг хангахгүй байна.

-Гадаадад суралцагчид сургуулиа төгсөөд эх орондоо эргэж ирж ажилладаг биз дээ?

-Манай суралцагчид харьцангуй сайн эргэж ирдэг. Гэхдээ гэрээнд нэг зүйлийг өөрчлөх ёстой юм шиг байгаа юм. Эргэж ирээд улсын болон хувийн байгууллагад ажиллаж болно гэж. Одоогийн манай гэрээгээр бол зөвхөн улсын байгууллагад ажиллана гээд заачихсан. Гэтэл 4-5 жил сураад буцаад ирэхэд нь нөгөө захиалга өгч явуулсан газар нь хүн авчихсан байдаг. Ингээд ажилгүй болох тохиолдол  бий.  Бид анх явснаас хойш эргэн ирэх хугацааг таван жилээр тооцдог. Мөн ирээд таван жил ажиллаж байж зээлээс чөлөөлөгдөх ёстой.

Зээлийн гэрээг өөрчлөх ёстой

БСШУЯ-ны Төрийн сангийн гүйцэтгэх захирал Д.Нансалмаатай уулзлаа.

-Өмнөх жилүүдэд Төрийн сангийн зээлээр өндөр хөгжилтэй орнуудад сурсан хүмүүсээс хэд нь буцаж ирэв, хэд нь ирээгүй вэ?

-Манайх 1997 оноос төрийн сангийн зээлээр гадаадад суралцуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 1115 хүн суралцсанаас 636 нь төгсч ирсэн. Тэдний 335 нь төсвийн байгууллагад, 228 нь хувийн болон төслийн байгууллагад ажиллаж байна. 53 хүн ажилгүй, 217 хүн эргэж ирээгүй байгаа.

-Яагаад эргэж ирдэггүй юм бэ?

-Янз бүрийн шалтгаантай. Нарийн мэргэжлээр сурч байгаа ч хүн бий, төгсөөд тэндээ ажиллаж байгаа хүмүүс ч байгаа.

-Төрийн сангийн зээлээр суралцагчдад дунджаар хэдэн төгрөгийн зээл олгодог вэ?

-Сурч буй орон, сургуулиасаа хамаараад янз бүр байдаг. Зарим орны сургууль төлбөргүй, хураамж нь 500 доллар байхад зарим нь өндөр үнэтэй. Төрийн сан 500.000-16.000.000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Үүнээс дээш төлбөрт сургуульд суралцагч нь зөрүүг өөрөө төлнө. 

-Ирээгүй хүмүүсийн төлбөрийг яах вэ? Барьцаа авдаг биз дээ?

-Төрийн сангийн зээл 1997 оноос хэрэгжсэн. Харин барьцаа авах асуудал 2002 оноос эхэлсэн. Одоогоор орон сууц, газар барьцаалж байна. Харин 2002 оноос өмнө зээл авсан хүмүүсийн барьцааны асуудал бүрхэг байдаг.
 

Д.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж