
Засаг даргын захирамжаар энэ сарын 20-ноос нэг сарын хугацаанд
“Хүүхэд бүрт нэг аяга сүү” аян эхлүүлж буй. Үүгээр дунд сургуулийн бага
ангийнхан болон цэцэрлэгийн хүүхдүүдэд өдөр бүр нэг аяга сүү олгох юм
гэнэ. Ингээд эрүүл ахуй, чанар аюулгүй байдал нь үзлэг шинжилгээгээр
баталгаажсан сүүгээр хангахыг дүүргийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Сүүг “Мон Сүү” ХХК, “Сүү” ХК, “ГУМ” ХХК–иуд нийлүүлнэ. Харин мөнгийг нь
бага ангийн хүүхдүүдэд өгдөг “Үдийн цай хөтөлбөр”-т ногдсон 400
төгрөгөөс, цэцэрлэгийн хувьд нэг хүүхдэд өдөрт ногдох 1100 төгрөгөөс
гаргах юм байна.
Аян зарласан эхний өдрөөс Сүхбаатар дүүргийн 160, 42, 75, 51, 149
дүгээр цэцэрлэгийн 1265 хүүхдэд сүү өгч эхэлжээ. Сүүний чанар, аюулгүй
байдалд “Багачууд хүнс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газраас хяналт
тавьж байгаа аж. Бусад дүүргүүд бэлтгэл ажлаа хангаж дуусаад ирэх долоо
хоногоос сүүгээ өгнө.
Сүүний чанар аюулгүй байдалд холбогдох байгууллагууд хяналт тавьж
байгаа гэх ч өдөр бүр хэдэн зуун литрээрээ нийлүүлж буй сүүний хангамж,
шинэлэг байдалд эргэлзэх хүн олон бий. Өмнө нь “Үдийн цай”-ны чанар
аюулгүй байдлыг хангаагүйгээс хүүхдүүд хордлого авсан тохиолдол
бийг санах учиртай. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
байцаагч н.Нарангэрэлээс тодруулахад “Сүү нийлүүлэх гурван компанийн
үйл ажиллагааг хичээлийн шинэ жил эхлэхэд шалгасан. Зөрчил дутагдал
илрээгүй. Сургууль, цэцэрлэгүүдэд ажил жигдэрсний дараа хяналт шалгалт
тогтмол тавихаар төлөвлөсөн” гэв.
Энэхүү аянд тулгарч буй нэг бэрхшээл нь үйлдвэрлэгч компаниудын хүчин
чадал, тухайн өдрийн сүүний нийлүүлэлтээс хамаараад 1-5 дугаар ангийн
97 мянга 256 сурагч, цэцэрлэгийн 48 мянга гаруй хүүхдэд өдөр бүр сүү
тарааж хүрэлцэхгүй байх магадлалтай гэдгийг тус аяныг зохион
байгуулагчид хэлж байна. “Гум” ХХК-ийн хувьд өдөрт найман тонн сүү
боловсруулах хүчин чадалтай, сүүгээ өдөр бүр Зүүнхараагаас авдаг гэх.
Тус компани нийслэлийн 38 цэцэрлэгт нэг литр сүүг 1200 төгрөгөөр, 32
сургуульд нэг хүүхдэд өгөх сүүгээ 200 төгрөгөөр тооцон нийлүүлдэг аж.
Тэд хэлэхдээ, “Сарын хугацаанд гэрээний дагуу өдөр бүр сүүгээ нийлүүлж
чадна” гэв. “Мон сүү” ХХК ч мөн адил Зүүнхараагаас татдаг. Тус компани
50 гаруй цэцэрлэгт нэг тонн орчим сүү нийлүүлнэ. Харин “Сүү” хувьцаат
компани хэд хичнээн тонн сүү хэдэн сургууль, цэцэрлэгт нийлүүлэх нь
тодорхойгүй байна. Тус компаниас ерөнхий боловсролын сургуулиудтай
хийсэн “Үдийн цай” хөтөлбөрийн гэрээний дагуу сүү нийлүүлдэг аж.
Эх сурвалжийн мэдээлснээр нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний
санхүүжилт гаргахаар төлөвлөсөн гэж байгаа ч одоогоор хэд хичнээн
төгрөг гаргах нь тодорхойгүй байгаа. Гэтэл боловсролын байгууллагууд
аяны үеэр хүүхдүүдэд тараах сүүний мөнгийг үдийн цай, цэцэрлэгийн
өдрийн хоолны мөнгөнөөс гаргана гэж батлан хэлж байна. Түүнчлэн аяныг
зохион байгуулагчид ирэх долоо хоногоос сургуулиудад сүү түгээх ажил
жигдэрнэ гэсэн ч өдөр бүр 30 тонн орчим үнээний үнээний цэвэр сүүг өглөө
бүр ариутгаж, сургуулиудад хуванцар аяганд савлаад, цэцэрлэгүүдэд
литрээр нь тараана гэж байгаа. Хамгийн гол асуудал нь хүүхдүүдэд
нийлүүлэх сүү цэвэр үнээний сүү байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир
нь үндэсний үйлдвэрлэгч зарим компаниуд хуурай сүүгээр найруулсан
чанартай сүү гэж ил цагаан рекламдаж, тарагны хөрөнгөө урд хөршөөс
авдаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз.