Төгрөгийн ханш чангарах сайн

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханш чангарах сайн

Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Ам.долларын ханш суларч 1290 төгрөг хүрч байснаа буцаад 1330 болж, төгрөг чангарч байна. Уул уурхайн томоохон ордуудыг ашиглах гэж байгаа энэ үед үндэсний валют чангарах нь ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэ бол хоёр талтай асуудал. Манайх ханшийн хөвөгч системтэй, ханшийг аль нэг тийш хүчээр барих боломжгүй. Үндэсний валют гадаадын валютын эсрэг өсөх үү, өссөнөөрөө ямар нөлөө гарч болзошгүй вэ гэдгийг сөрөг талаас нь эхэлж яримаар байна. Монголын экспортын орлого ам.доллараар орж ирдэг. Үүнийг аж ахуйн нэгжүүд төгрөг болгон хэрэглэнэ. Монголд үйл ажиллагаа явуулж буй учир бүх төлбөр тооцоог үндэсний валютаар хийх ёстой. Тэгэхээр өмнө нь 100 ам.доллараар зарж байсан нүүрс Монгол төгрөгөөр 140 мянган төгрөг болдог байсан бол 130 мянган төгрөг болж буурч байгаа юм. Ингээд санхүүгийн тайлан баланс дээр төгрөгөөр илэрхийлсэн орлого маань буурна. Үүнээс болж ашгийн төвшин буурах, цаашлаад компаниудаас улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлого буурна. Энэ бол сөрөг тал.

-Экспортод сөрөг нөлөөтэй гэж эдийн засагчид ярьж байгаа, орлого буурах талтай гэж та хэллээ. Мөн экспортын тоо хэмжээ буурах тухай ч ярьж байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Эдийн засагчдын ярьж байгаа шиг экспортын тоо хэмжээ буурах өөрчлөлт гарахгүй. Барууны хувьд үндэсний валют огцом чангарснаар экспортод нь хортой нөлөө үзүүлдэг. Энэ нь зөвхөн ашгийн төвшнөөсөө гадна тухайн барааны өрсөлдөх чадварт муугаар нөлөөлдөг. Яагаад гэвэл тэд экспортод эцсийн бүтээгдэхүүн гаргадаг, ижил төстэй өрсөлдөгч олон. Үндэсний валют чангарснаар ашиг багасна, улмаар ашгаа гаргаж авахын тулд тухайн бараа бүтээгдэхүүний өртөг өсч таарна. Гэтэл өрсөлдөгч ижил төрлийн бараанууд байж байгаа. Жишээлбэл, Японы “Toyota”-гийн өрсөлдөгчид нь Америк, Европ. Иенийн ханш дотоодын зах зээлд чангарснаар компани ашгаа олж авахын тулд өртөг өссөн тул үнээ нэмнэ. Худалдан авагч энэ гурван улсын үйлдвэрлэсэн жийпнүүдээс харж байгаад хямдыг нь авч таарна. Ингээд тухайн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар суларч байгаа юм. Монголын хувьд экспортод гаргаж буй эцсийн бүтээгдэхүүн нь багахан хэмжээний ноолуур, эсвэл арьсан бүтээгдэхүүн, нөлөөлөхүйц хэмжээний их биш. Манай гол экспорт түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн биш. Тэгэхээр энд өрсөлдөх чадварын тухай яриа байхгүй. Гаргалаа, авлаа, худалдан авагчид бэлэн. Зэсийн үнийг олон улсын зах зээл тодорхойлно. Монголд төгрөг, ам.долларын ханш хэрхэхээс үл хамаараад худалдан авагч авдаг зэсээ л авна.

-Экспортын төрлөөс шалтгаалаад үндэсний валют ханшийн нөлөөлөл өөр, өөр байх нь ээ?

-Тийм. Манайд бол бараа бүтээгдэхүүн гэж ярих юм байхгүй. Түүхий эд гаргадаг улс шүү дээ. Тэгэхээр өрсөлдөх чадварын тухай ярихгүй. Гэхдээ ашгийн төвшин бол буурна.

-Монголбанк валютын нөөц бүрдүүлж байгаа. Үүнд ямар нэгэн сөрөг нөлөө гарах уу?

-Үгүй. Сөрөг талын тухай үргэлжлүүлэн ярья. Экспортын орлого ам.доллараар компаниудын зардал төгрөгөөр илэрхийлэгдэнэ. Иймд түрүүн ярьсанчлан ашгийн төвшин буурна. Гэхдээ уул уурхайн компаниудын зардал ам.доллар. Уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизм, уул уурхайн компанийн зардлын хамгийн их хувийг эзэлдэг шатахуун, тослох шатах материалын зардал гэх мэт. Энэ бүгд ам.доллар суурьтай. Өөрөөр хэлбэл зардал хэдий төгрөгөөр байгаа боловч ам.долларын ханш дотоодын зах зээлд унаснаар импорт төгрөгөөр илэрхийлэх дүн буураад ирнэ. Тэгэхээр ийм төрлийн зардал буурах юм. Үндэсний валют чангарснаар экспортод маш хортой нөлөө үзүүлнэ гэсэн онол бол Япон, Америк, Европын эдийн засагт тохирсон онол. Харин Монголд бол өргөн цар хүрээтэй асуудал биш юм. Сөрөг нөлөөтэй нь үнэн боловч Монголын эдийн засагт тийм ч хортой нөлөө үзүүлэхгүй.

-Тэгэхээр эерэг нөлөөтэй гэж  үү?

-Тийм. Инфляци өсөөд 20 хувь руу явж байна. Энэ бол өнгөрсөн хоёрдугаар сард өнөө 70 мянган төгрөг, наймдугаар сараас үргэлжлүүлж эх орны хувь хишиг тараасантай холбоотой. Нөгөө талаас Монголын төвбанк маш их хэмжээний ам.доллар худалдан авч, зах зээлд төгрөг нийлүүлж байна. Монголбанкны валютын нөөцийг харахад 2009 оны дөрөвдүгээр сард 400 гаруй сая ам.доллартай байсан. Одоо нэг тэрбум 400 гаруй сая ам.доллар болсон байна. Тэрбум ам.доллар хаанаас бий болсон юм бэ. Манайх доллар үйлдвэрлэдэг улс биш, манайх төгрөг л үйлдвэрлэдэг. Зах зээлд орж ирсэн илүүдэл ам.долларыг төв банк хамаад авчихаад өгч байгаа төгрөг хаанаас гарч ирэв. Манайх зүгээр л хэвлээд төгрөг гаргаад байгаа байхгүй юү. Энэ чинь өөрөө эргээд инфляцид нөлөөлж байна. Гадаад валютын нөөцөө арвижуулж байна. Гэхдээ үүнийг аажмаар бий болгохгүй, жилийн дотор гурав дахин өсгөнө гэдэг нь инфляцид сөрөг нөлөө үзүүлнэ. Төв банк ам.доллар худалдаж аваад, төгрөг хэвлэж гаргаад байвал инфляцийг цаашид хөөрөгдөж болзошгүй. Тиймээс төгрөгийн ханшийг чангалах нь зүйтэй. Өөр сонголт байхгүй. Үндэсний валют чангарсны нэг эерэг тал нь төгрөгийн худалдан авах чадвар сайжирна. Өмнө нь бид 100 ам.доллараар гар утас авдаг байсан бол үүнийг 140 мянган төгрөгөөр биш, 130 мянгаар авч байна гэсэн үг. Барилгын материалын суурь үнэ ам.долларт суурилсан учир орон сууцны үнэ буурна. Ер нь сайн тал ихтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид үндэсний валют нь чанга улсад хөрөнгө оруулалт хийх дуртай.  Хөрөнгө оруулалт хийхэд ам.доллараар биш төгрөгөөр төлбөр тооцоог нь хийнэ. Тэгэхэд төгрөг маань чадалтай байх нь тэдэнд тааламжтай төдийгүй, хөрөнгө оруулалт татах үндэс болно. Би хувьдаа төгрөгийн ханш чангарах нь сайн, гэхдээ огцом чангалж болохгүй, аажмаар чангарах хэрэгтэй гэж бодож байгаа. Төв банк хэт хамгаалж болохгүй.

-Японд яг ийм зүйл болж байна. Иен нь огцом чангарч?

-Японы экспорт, Монголын экспорт шал өөр шүү. Японы эдийн засаг бол Макро эдийн засгийн онол ном дээр байдаг, үндэсний валют хэт чангарах юм бол экспортод муу гэсэн эдийн засаг мөн. Монголынх бол өөр.

-БНХАУ юанийн ам.долларын эсрэг уясан ханшаа уян хатан болгосон. Энэ нь дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Юанийн ханш бага багаар сулрах шаардлагатай. Хятад юань нь чангарахаар зохиомлоор суллаж байдаг. Манай төв банктай адилхан гадаад валютын нөөцөө бүрдүүлдэг. Энэ нь өнгөц харахад Монголтой адилхан мэт боловч өөр шүү. Хятад бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг, харин манайх бүгдийг гаднаас оруулж ирж хэрэглэдэг. Эдийн засаг нь хурдацтай өсч байгаа, харин инфляц нь өсөөгүй. Тийм болохоор Хятадын эдийн засгийн бодлого сайн гэж үзэж байгаа. Хятад экспортлогч улс. Өөрсдөө аажмаар хэрэглэгч улс болж, дотооддоо хэрэглээ бий болгож байж баланс барих юм. Цаашид аажим аажмаар юанийн ханш чангарна.

-Харин еврогийн ханш… Ам.долларт байраа тавьж өгч байгаа ч гэх юм?

-Ирээдүйд тийм зүйл болох болов уу гэсэн яриа байдаг ч тийм зүйл болохгүй. Өнөөдөр олон улсын худалдаа бүгд ам.доллараар хийж байна. Аль 2000 онд евро гэдэг валют гарч ирээд ам.долларын байр суурийг ганхуулна гэж байсан. Өдий хүртэл чадаагүй. Ер нь бол олон улсын эдийн засагчдийн сонирхол 3-4 хүчтэй валюттай байх нь зүйтэй гэж үзэж байгаа, би үүнтэй санал нийлдэг. Ганц валютаас хамааралтай болохоор дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал үүсэх аюултай л даа.

-Төв банк үнэт цаас гаргаж байна. Үүнийг шүүмжлэх нэгэн байдаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь бол дэлхийн улс орнуудын төв банк үнэт цаас гаргадаггүй гэж хэлж болно. Үнэт цаас гаргадаг ганц хоёрхон төв банк байдгийн нэг нь Монголынх. Төв банк үнэт цаас гаргадаг механизм хэрэгтэй, үр ашгаа өгч байсан үе ч бий. Одоо бол төв банк үнэт цаас гаргахаа болиод, Засгийн газар үнэт цаас гаргадаг, Төвбанк хоёрдогч зах зээлд зохицуулагч хэлбэрээр оролцдог Америкийн болон барууны өндөр хөгжилтэй орнуудын тогтолцоонд шилжих цаг болсон гэж боддог. Яагаад гэвэл төв банк үнэт цаасыг зөвхөн банкуудад зориулж, банк хоорондын зах дээр гаргадаг. Өөр оролцогч оролцох боломжгүй. Арилжааны банкууд мөнгөгүй тохиолдолд төв банк үнэт цаас гаргаад ч хэрэггүй. Энэ нь 2008 оны хөрвөх чадварын хямрал дээр тодорхой харагдаад Төв банк үнэт цаас гаргах нь тохиромжгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Харин Засгийн газар үнэт цаас гаргаж, Төв банк худалдаж авч, эсвэл зарж оролцоход хөрөнгийн зах зээлийг хөгжүүлдэг. Хөрөнгийн зах зээл дээр эрсдэлгүй, найдвартай хөрвөх чадвар өндөр үнэт цаас хэрэгтэй байна шүү дээ.

-Төв банк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Ингэж зах зээлд шууд ингэж гардаж оролцож болдог юм уу?

-Ерөнхийдөө оролцохгүйг хичээх хэрэгтэй. Гэхдээ яалт ч үгүй оролцох нөхцөл байдал үүссэн. 2008 онд Монголбанк зах зээлд шууд оролцох шаардлагатай тулгарсан.

-Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Төв банк үүнийгээ үргэлжлүүлэх шаардлагагүй болж байна гэсэн үг үү?

-Бага багаар болих ёстой л доо. Ер нь бол зах зээл өөрийгөө авч явдаг төвшинд байлгах нь чөлөөт зах зээл, эдийн засгийн зорилго шүү дээ. Тэгэхгүй төр бүх зүйлд оролцоод бизнесмэнүүдийг цуглуул, ийм үнээр зар гээд л… эсвэл чамд мөнгө хэрэгтэй байна уу, би өгье гэж болохгүй ээ. Энэ нь эргээд өрсөлдөх чадварыг бууруулна. Компани өрсөлдөх чадвартай байж улс орон хөгжинө, цэцэглэнэ. Түүнээс толгойг нь илээд л чи ажлаа хийж чадахгүй байна уу, энэ мөнгөөр хий гээд байж болохгүй. Эцсийн эцэст компани орлогогүй болж, татварын орлогогүй болсон төр ч унана. Ийм жишээ дэлхий дүүрэн байна, хамгийн сүүлийх нь Грек. Тэгэхэд манайхан үүнийг ердөө олж харахгүй юм.

-Манай эдийн засаг нэлээд өөрчлөгдөж байна. Удахгүй хоёр том ордоо ашиглана. Танд Монголын ирээдүй ямар харагдаж байна вэ?

-Хоёр өнгө байна. Саарал, эсвэл маш гэгээлэг. Бидний өмнө хоёр шийдэл байна гэсэн үг шүү дээ. Энэ хоёр өнгийн зааг болсон маш нарийхан зураасыг болгоомжгүй давчихвал буруу тийшээ эргэнэ. Энэ зааг бол ард иргэдээ олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай болгох төрийн бодлого. Түүнээс биш өмд нь урагдсан уу, оёод өгье гэх биш л дээ. Гэтэл манайх өнөөдөр иргэдээ өрсөлдөх чадвартай болгохын оронд тэднийг буруу эрхлүүлэн бэлэн мөнгө тарааж байна. Монгол шиг уул уурхайн маш их баялагтай мөртлөө ядуурсан жишээ олон байгаа. Саарал өнгөтэй улс орны амьдралыг харъя гэвэл жишээ мөн л хангалттай байна. Гэгээлэг өнгө гэвэл Австрали, Канад байна.

-Манайд бол хувийн бизнест төрийн оролцоо их. Тухайлбал, барилгын салбар мөхөх нь гэсээр баахан мөнгө гаргана…?

-Барилгын компаниудын хувьд буруу шийдвэр бий, зөв алхам ч бас бий. Эдийн засгаа аврахын тулд зарим шийдвэрүүдийг гаргахаас өөр арга зам байхгүй. Буруу бизнес хийгээд дампуурч байгаа бол тэгээд л хаях хэрэгтэй. Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг байна. Тэр чигт нь дампууруулах л хэрэгтэй, тэднийг толгойг нь илж босгож ирж болохгүй. Төр урд нь орж алхдагаа болих хэрэгтэй. Төр илүү ухаантай, тиймээс төр дарцгаа барьж урд нь алхаад араас бизнесийн сектор мацах ёстой гэсэн ойлголттой байдаг. Өнөө төлөвлөгөөт эдийн засаг, социализм руугаа эргээд явж байна гэсэн үг.

-Удахгүй хоёр том ордыг ашиглаж иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж байгаа?

-Мөнгө тарааж огт болохгүй. Байгалийн баялгаас мөнгө тараана гэдэг тэс өөр асуудал. Байгалийн баялгаас хувь хүртээх нь зөв, бэлэн мөнгө тараах нь маш муу. Хувьцаа, ногдол ашиг, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, купон, эрүүл мэндийн үйлчилгээний эрхээр тарааж болно.

-Та Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн. Гадаадын багт удирдлагыг нь шилжүүлэх гэж байна. Энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Манайх гадаадын удирдлагаас юу хүсч байгаа вэ?

-Энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй. Бид эндээс стратегиа хараад Монголын Хөрөнгийн биржид хамгийн үнэ цэнийг оруулах байгууллагыг сонгох ёстой. Тодорхой хугацааны дараа Монголын баг Хөрөнгийн биржийнхээ менежментийг хүлээж авах ёстой. Монгол хүмүүс Монголын Хөрөнгийн биржийг сонгох ёстой гэж би боддог. Манайх өнөөдөр гадаадын хөрөнгийн биржийн туслалцаа хүсч байгаа нь ердөө технологийн асуудал л байгаа юм. Арилжааг хийх, хүмүүсийн данс тооцоог хөтлөх, бүртгэлийн системийг Монголын орчинд нутагшуулах нэвтрүүлэх ажлыг гадаадын баг гүйцэтгэнэ. Барууны туршлагатай системийг оруулж ирэх хэрэгтэй байгаа юм.

-Монголын Хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагч оролцох боломж байдаг уу?

-Хуулиараа бол оролцох боломжтой боловч процессийн хувьд маш хүндрэлтэй. Хөрөнгийн биржийн төлбөр тооцооны байгууллагад мөнгөө байршуулчихаад буцаагаад авья гэтэл сар хүлээдэг. Хүнд суртлын механизм тэнд үүссэн байна. Өнөөдөр санхүүгийн зах зээл секундээр хэмжигдэж байгаа энэ цагт ийм удаан, хүнд сурталтай байж болохгүй шүү дээ. Мөн манай хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргасан компаниудын талаарх мэдээлэл маш хангалтгүй байна.  

Б.БЯМБАСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж