У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар Италид амьдарна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар Италид амьдарна

Швейцарийн Лозанна хотноо 2008 оны наймдугаар сард болсон AIBA-гийн   ээлжит чуулганаас World Series of Boxing буюу боксын дэлхийн лигийн тэмцээнийг 2010 оноос эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тус тэмцээнд дэлхийн шилдэг багууд өрсөлдөх бөгөөд дэлхийд данстай шилдэг боксчдыг энэхүү тэмцээнд хамруулах үүднээс багуудад гадны тамирчдыг авч тоглуулах боломжийг нээлттэй үлдээсэн юм. Гэхдээ гадны тамирчид AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоонд бүртгэлтэй гишүүн орны тамирчин байхаас гадна AIBA-гийн ямар нэг олон улсын чанартай тэмцээнд оролцсон байх гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Манай улсын хувьд анх удаа зохион байгуулж буй “World Series of Boxing” тэмцээнд дөрвөн боксчин хүч сорихоор гадны багуудтай гэрээ байгуулаад байна. Лигийн тэмцээний дүрмээр үргэлжлэх WSB тэмцээний эхний тойргийн тоглолтууд ирэх арваннэгдүгээр сарын 19-нд эхэлж, хагас шигшээ тоглолтууд 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн улмаар энэ жилийн тэмцээний аварга ирэх оны тавдугаар сард тодрох учиртай. Манай тамирчдын тухайд Ази тивийн багуудад Н.Төгсцогт /54 кг/ Азербайжаны “Баку” багт, Т.Чулуунтөмөр /73 кг/ Энэтхэгийн “Дели” багт, Европ тивээс Италийн “Милан” багт З.Энхзориг /61 кг/ мөн Америкийн “Мемфис” багт У.Мөнх-Эрдэнэ /61 кг/ нар өрсөлдөхөөр гэрээ байгуулжээ. Дээр дурдсан манай тамирчдын виз болон бусад бичиг баримт бүрдсэн учир тун удахгүй хилийн дээс алхах аж. Гэрээний дагуу манай дөрвөн тамирчин боломжийн хэмжээний мөнгө гар дээрээ авах бөгөөд ирэх оны зургадугаар сар хүртэл Италид амьдрах юм. Тиймээс манай шилдэг боксчид 2011 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд эх орныхоо нэрийн өмнөөс ямар нэгэн тэмцээнд оролцохгүй. “World Series of Boxing” тэмцээнд нийт 12 баг, тодруулбал, Ази тивээс Астана, Баку, Бээжин болон Дели хотын багууд, Европоос Станбул, Милан, Москва, Парис, харин Америкаас Мемфис, Лос-Анжелес, Мехико болон Майами багууд өрсөлдөж байгааг дашрамд сонирхуулъя.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж