
Манай улсын хувьд анх удаа зохион байгуулж буй “World Series of Boxing” тэмцээнд дөрвөн боксчин хүч сорихоор гадны багуудтай гэрээ байгуулаад байна. Лигийн тэмцээний дүрмээр үргэлжлэх WSB тэмцээний эхний тойргийн тоглолтууд ирэх арваннэгдүгээр сарын 19-нд эхэлж, хагас шигшээ тоглолтууд 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн улмаар энэ жилийн тэмцээний аварга ирэх оны тавдугаар сард тодрох учиртай. Манай тамирчдын тухайд Ази тивийн багуудад Н.Төгсцогт /54 кг/ Азербайжаны “Баку” багт, Т.Чулуунтөмөр /73 кг/ Энэтхэгийн “Дели” багт, Европ тивээс Италийн “Милан” багт З.Энхзориг /61 кг/ мөн Америкийн “Мемфис” багт У.Мөнх-Эрдэнэ /61 кг/ нар өрсөлдөхөөр гэрээ байгуулжээ. Дээр дурдсан манай тамирчдын виз болон бусад бичиг баримт бүрдсэн учир тун удахгүй хилийн дээс алхах аж. Гэрээний дагуу манай дөрвөн тамирчин боломжийн хэмжээний мөнгө гар дээрээ авах бөгөөд ирэх оны зургадугаар сар хүртэл Италид амьдрах юм. Тиймээс манай шилдэг боксчид 2011 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд эх орныхоо нэрийн өмнөөс ямар нэгэн тэмцээнд оролцохгүй. “World Series of Boxing” тэмцээнд нийт 12 баг, тодруулбал, Ази тивээс Астана, Баку, Бээжин болон Дели хотын багууд, Европоос Станбул, Милан, Москва, Парис, харин Америкаас Мемфис, Лос-Анжелес, Мехико болон Майами багууд өрсөлдөж байгааг дашрамд сонирхуулъя.
С.Цэлмэг