Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх стратеги боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх стратеги боловсруулжээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дэл­хийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайедыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хам­тын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга чуулганы завсар­лагааар орон нутагт болон ойрын өдрүүдэд нийслэлийн зарим дүүрэгт ажилласан тухайгаа дурьдаад энэ жилийн цас зудын хүндрэл нь хөдөө орон нутаг, ялангуяа малчдын тухайд төсвөөс нэмэлт зардал гаргахад хүргэж байгаа. Түүнчлэн ахмадуудын тэтгэврийг сүүлийн гурван жилд нэмээгүй, Хүний хөгжил сангийн хууль баталсантай холбогдуулан урьд нь хүүхдэд өгч байсан мөнгөн тус­лам­жийг зогсоосон нь амьдрал ядуу, олон хүүхэдтэй гэр бүлд хүндээр тусч байгаа зэрэг нөхцөл байдлыг зайлш­гүй харгалзан үзэх шаардлага төр, засгийн өмнө тулгарч байгааг хэллээ.    
Монгол оронд тулгарч буй цас зудын энэхүү хүндрэлтэй байдлыг Дэлхийн банк анхааралдаа авч цас зуданд нэрвэгдсэн хөдөө орон нутагт нэг сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүүлж байгаа,  хэрэв дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзвэл тусламжийн хэмжээг нэмэгдүү­лэхээр түнш­лэгч талуудтайгаа тохи­ролц­сон гэдгээ Аршад Сайед УИХ-ын даргад дуулгалаа. Мөн тус банкны санхүүжилтээр дөрвөн аймагт хэрэг­жүүлж буй Малын индексжүүлсэн даатгал төсөлд зургаан аймгийг нэмж хамруулахаар шийдэж төслийн сан­хүү­жилтийг нэмэгдүү­лэхээр болсноо мэдэгдэв.
Түүнчлэн банкны салбарын тогт­вортой байдлыг хангах үүднээс Мон­гол­банк, Сангийн яамтай хамтран ажилласны үр дүнд банкны салбарыг цогц байдлаар нийтэд нь хамарсан бүтцийн өөрчлөлт хийх стратеги төлөвлөгөөг боловсруулж бэлэн болгосныг олон улсын байгууллагууд сайн болсон гэж дүгнэж байгаа. Мөн хэд хэдэн банкинд олон улсын бай­гуул­лагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэ­хэд нааштай дүр зураг хараг­даж байгааг тэрбээр онцлоод банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн энэхүү стратеги төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх, бусад орны арга турш­лагаас сонсож танилцах чиглэлээр УИХ-ын гишүүд, банкны салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг орол­цуул­сан семинарыг ирэх сарын 19, 20-ны өдрүүдэд хамтран зохион байгуу­лахад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ.
Дэлхийн банкны зүгээс манай орны санхүү, эдийн засгийн байдалд анхаарал тавьж томоо­хон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, түүнчлэн банкны салбарт нааштай дүр зураг харагдаж байгаа тухай таатай мэдээ дуулгасанд УИХ-ын дарга Суурин төлөө­лөг­чид талархал илэрхий­лээд дэлхийн турш­лага­тай экспертүүдийн үгийг сонсож, бусад орны туршлагаас суралцах энэхүү семинарыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж