УИХ-д мэдэгдэл хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

УИХ-д мэдэгдэл хүргүүллээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран гурван сарын турш Иргэний эрүүл мэндийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар, зэхэж байжээ. Гэтэл Засгийн газар нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээ умартан, ажлын хэсэг гээчийг байгуулж, ердөө 19 хоногийн хугацаанд Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг тус бүр боловсруулан, Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэн, дэмжээд, өнгөрсөн зургадугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Одоо түүнийг нь УИХ намрын чуулганаараа хэлэлцэхээр төлөвлөөд буй. Үүнийг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоод эсэргүүцэж буйгаа зарлаж, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ. Хамгийн ноцтой нь энэхүү хуулийн төсөлд эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд оролцогч талуудын тэгш оролцоог хязгаарлаж, зөвхөн Засгийн газар түүний дотор Эрүүл мэндийн яамны хяналтад Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бүхэлдээ захирагдахаар тусгасан нь хамтын удирдлагын зарчмыг үгүйсгэсэн гэж тэд үзэж байна. Мөн Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагад Эрүүл мэндийн удирдлагыг өгсөн нь даатгуулагч чанартай үйлчилгээг худалдан авах эрхээ эдлэх боломжийг үгүйсгэсэн гэж тайлбарлаж буй юм.

Тухайлбал, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөл нь бүхэлдээ одоогийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн сайжруулж, даатгуулагчид ээлтэй болгоход бус Засгийн газар өөртөө давуу эрх мэдэл бий болгож, Эрүүл мэндийн даатгалын санг дураараа захиран зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглүүлсэн” гэж хардаж байна. Засгийн газрын боловсруулсан энэхүү хуулийн төсөлд заасан зарим заалтыг сонирхвол  хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эцэг, эх нь хариуцах аж. Тэгсэн атлаа  ядуу өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцна гэж заасан байх юм. Хөдөлмөр эрхлэх бололцоотой хэрнээ ажил хийх сонирхолгүйгээсээ болж, өөрөө өөрийгөө ядуугийн туйлд хүргэж байгаа иргэнээ төр ийн бөөцийлж, хайр зарлах хэрнээ бор хоногтоо гэрийн бараа харж, сар бүр төрд татвар төлж, тамираа тасартал ажиллах хэсгээсээ хүүхдийн эрүүл мэндийн даатгалаар нь барьцаалж мөнгө саах нь шударга юм гэж үү. Үүнд нь эрх биш, холбогдох газрууд нь хориг тавих биз. Өмнө нь ийм хуулийн төсөл УИХ-д орж ирээд буцааж байсан удаатай.

Гэвч Засгийн газар хууль тогтоох дээд байгууллагын даалгаврыг биелүүлэхдээ тун хойрго юм. Санаатайгаар зөрдөг юм уу, санамсаргүйгээр хийдэг юм уу бүү мэд. Эсвэл төрд тийм их мөнгө хэрэгтэй байгаа юм уу, аль эсвэл Эх орны хишгийнхээ тодорхой хувийг ингэж буцааж чангаамаар санагдаад байгаа юм уу, ёстой мэдэхгүй юм даа. Ямар ч байсан МҮЭХ, МАОЭХ нь хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын оролцоотой боловсруулсан хуулийн төслөө УИХ-д хүргүүлсэн бөгөөд цаашид УИХ ажлын хэсгээ өргөжүүлж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороотой хамтран боловсруулсан хуулийн төсөлд түлхүү ач холбогдол өгөх ёстой гэсэн байр суурьтай байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж