“Эрдэнэт”-ийг хувьчлах талаар огт яригдаагүй байгаа гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийг хувьчлах талаар огт яригдаагүй байгаа гэлээ

Төрийн өмчөөс өөр зүйл мэдэхгүй байсан
монголчууд малчид нь малаа орон сууцныхан байраа хувьчлаад чамгүй
хугацаа өнгөрч байна. Эдүгээг хүртэл өмч хувьчлалаар том жижиг нийлсэн
5000 гаруй объектийг нээлттэй болон хаалттай тендерээр хувьчилсан.
Гэхдээ бусад улсуудтай харьцуулахад Монголд төрийн өмч чамгүй их.
Одоогоор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, хамтарсан зэрэг
нийт 76 компани байдаг. Эдгээрийн тав нь төрийн өмчийн оролцоотой,
зургаа нь хамтарсан, 41 нь 100 хувь төрийн өмчийн компаниуд байна. 100
хувь төрийн өмчит компаниудын олонх нь эрчим хүчний чиглэлийнх. Мөн 20
орчим нь зам засвар арчлалтын компаниуд аж. Энэ жилийн хувьд хувьчлах
компаниудын жагсаалтыг хараахан батлаагүй байгаа. Төрийн өмчийн хороо
саналаа Засгийн газарт гаргаад байгаа бөгөөд Засгийн газар үүнийг
эцэслэн батлах ёстой. Үүнд одоогоор
“Багануур” ХК-ийн төрийн эзэмшлийг хувьчлах,
Дулааны гуравдугаар цахилгаан станцыг Концессийн хуулийн дагуу хувьчлах,

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц,
Монголын хөрөнгийн биржийг туршлагатай мэргэжлийн багт менежментийн
гэрээгээр хувьчлах,
“Автоимпекс”, “Эрдэнэзам” зэрэг зам арчлалтын компаниудыг уламжлалт
аргаар хувьчлах санал гаргаад байгаа юм байна. Жилийн жилд хувьчлах эсэх
талаар ярианы сэдэв болдог “МИАТ” компанийг энэ удаад жагсаалтад
оруулсангүй.
Харин “Монголын цахилгаан холбоо” компани хувьчлах жагсаалтад багтсан.
Гэхдээ хуульд заасны дагуу уг компанийн 40 хувийг эзэмшдэг “Корей
телеком” компанид хувьчлах саналаа хүргүүлэх ёстой. Энэ дагуу тус
компанийн төрийн мэдлийн 54,76 хувийг “Корей телеком”-д санал болгоно.
Тэд хувьчлан авахаас татгалзсан тохиолдолд олон улсын нээлттэй тендер
зарлах юм.
Энэ жилийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлах уу гэдэг асуудал эрчтэй
дэгдсэн. Өмнө нь хэдэнтээ хөндөгдөж байсан ч саалийн ганц үнээ гэгддэг
хамтарсан үйлдвэрийг хувьчлах талаар яагаад ийн гоцлон уугих болов гэсэн
хардлага төрүүлэхээр байсан даа. Тэгвэл хувьчлах аж ахуйн нэгжийн
жагсаалтад Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг хувьчлах болсноос
үүдэлтэй бололтой. Дараагийн бас нэг анхаарал татдаг сэдэв “Улаанбаатар
төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлийг Монгол дах хувийг хувьчлах болон
Монгол Оросын эзэм лийн хувийг өөрчлөх эсэх тухай.
Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбаттай “Улаанбаатар төмөр
зам”-ын хувьчлал одоогоор огт яригдаагүй. Төмөр замын тухайд 1949 оны
хэлэлцээр гэж нэг сүрхий баримт бичиг бий. Тэрхүү хэлэлцээрийг ОХУ-ын
талтай тохиролцож өөрчлөх, орчин үеийн шаардлагад нийцүүлэх зүйл бол
яригдаж байгаа. Хөдөлгөөн оруулах зайлшгүй шаардлагатай хатуу чанга зүйл
заалт цөөнгүй  бий. Наад зах нь, бусад бүх аж ахуйн нэгжүүдийн төлдөг
газрын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргээс тус нийгэмлэгийг
чөлөөлсөн байдаг. Энэ бүхнийг өнөөдрийн шаардлага, зах зээлийн ашиг
сонирхолд нийцүүлэх ёстой” гэлээ. Мөн тэрбээр төрийн өмчийг хувьчлах
чиглэлд дэлхий нийтийн хандлагын дагуу IPO хийх аргыг илүүтэй анхаарах
гэнэ. IPO хийх гэдгийг бид хувьцааг нийтэд санал болгох гэж орчуулаад
байгаа. Хөрөнгийн зах зээл дээр нэмэлт хувьцаа гаргаж мөнгө хөрөнгөө
тухайн компани техник, технологио шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд
зориулдаг нь оновчтой гэж үзэж байгаа аж.
Ашигт малтмалын салбарын идэвхжлээс үүдээд төрийн мэдлийн хэд хэдэн
компани байгуулахаар шийдвэр чиглэл гарсан. Гэхдээ эрдэс баялгийн
чиглэлийн “Эрдэнэс МГЛ”, “Мон атом” гэсэн төрийн өмчийн хоёр компани
албан ёсоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Мон Уран” болон  “Эрдэнэс
МГЛ” компанийн оролцоотой “Дэд бүтцийн хөгжил” компанийг хараахан
байгуулаагүй, бэлтгэл ажлаа хангаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж