Т.Алтангэрэл: “Алтан дорнод Монгол”-ын маргаан анхных ч бас сүүлчийн ч хэрэг биш

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Т.Алтангэрэл: “Алтан дорнод Монгол”-ын маргаан анхных ч бас сүүлчийн ч хэрэг биш

Олон улсын Арбитрын шүүх хурлаас  Монгол Улсын Засгийн газраас тэрбум ам.доллар нэхэмжлээд байгаа “Алтан дорнод Монгол” компанийн талд шийдвэр гаргасан гэх мэдээлэл өдөр тутмын зарим хэвлэлийн хуудаснаа гарах болов. Анх 68 хувийн татвартай холбоотой гарч ирсэн энэхүү маргаан үнэхээр “айл”-ын талын ялалтаар өндөрлөж, манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тал хувьтай тэнцэхүйц хэмжээний “өр”-нд уначихав уу. Энэ талаар бид Хуульзүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хатагтай Т.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

-“Алтан дорнод Монгол” компанийн нэхэмжлэлтэй Арбитрын шүүх хурлаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Шүүх хурлын шийдвэр эсрэг талд гарсан гэх юм. Энэ үнэн үү?

-Шүүх хурал 2009 оны тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт хотноо болж өнгөрсөн. Түүнээс хойш Арбитрын шүүх шийдвэрээ гаргаагүй байна. Хүлээлтийн байдалтай өнөөдөртэй золгоод байна. Арбитрын шүүхийн шийдвэр “Алтан дорнод Монгол”-ын талд шийдвэр гаргасан гэдэг бол ор үндэсгүй.
  
-Бүтэн жил гэдэг бага биш хугацаа. Шүүхийн шийдвэр хэдий хэр хугацаанд гарах ёстой юм бол?

-Арбитрын шүүхийн шийдвэрт ямар нэгэн хугацаа заасан зүйл байдаггүй. Олон улсын практикаас харахад маргаанаасаа шалтгаалаад урт хугацаагаар сунжрах тохиолдол цөөнгүй. Энэ удаагийн маргаан нэлээд өргөн хүрээтэй, олон асуудлыг хамарсан, маргалдагч талууд байр сууриа хүчтэй хамгаалж байгаа учир Арбитрын шүүхийн  шийдвэр сунжирч байна. Бид ойрын хугацаанд шийдвэр гарчих болов уу гэж найдаж байгаа.

-Шийдвэр аль талд гарах магадлалтай бол?

-Үүнийг ёстой хэлж мэдэхгүй.
-Арбитрын шүүхийн шийдвэр “Алтан дорнод Монгол” компанийн эсрэг, Засгийн газрын талд гарсан байлаа ч тэндээс авах мөнгө нь өмгөөлөлд зарцуулж буй мөнгөнөөс илүү гарахааргүй бага гэсэн яриа  байна. Энэ үнэн үү?
-Одоогийн байдлаар Засгийн газар таван тэрбум төгрөгийг Арбитрын болон өмгөөлөгчийн зардалд зарцуулж байгаа. Үүнийг бид ил тод нээлттэйгээр хүмүүст хэлж байгаа. Яагаад гэвэл энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Харин “Алтан дорнод Монгол” компаниас манай Засгийн газар татаварын өр болох 50 гаруй тэрбум төгрөг нэхэмжилж,  байгаль орчны нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийхийг шаардаж байгаа.

-“Алтан дорнод Монгол” компанийн Монголбанкинд хадгалуулсан алтыг зөвшөөрөлгүйгээр худалдсан нь ямар учиртай юм бол?

-Маргаан анх үүссэн шалтгаан нь тус компанийн захирал С.В.Паушок Монголбанктай “Алт хадгалах, худалдах-худалдан авах гэрээ” байгуулснаас үүдэлтэй маргаан байгаа юм. “Алтан дорнод Монгол” компани зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвараас зайлсхийх зорилгоор энэхүү гэрээг Монголбанктай байгуулсан гэж манай тал үзэж байгаа. Өөрөөр хэлбэл тус компани Монголбанкинд алтыг түр байршуулж, алтны борлуулалтад ногдох  татвараас зайлсхийж бага татвар төлсөн. С.В.Паушок тэр хооронд төрийн эрх мэдэлтнүүдтэй уулзаж, 68 хувийн татварыг удахгүй цуцална гэж найдаж байсан биз. Ямартаа ч татварын байгууллагаас алтыг Монголбанкинд байршуулаагүй харин худалдсан, худалдсан болохоор 68 хувийн татвар төлөх ёстой гэсэн акт гаргасан. Үүнээс үүдэн Монголбанк С.В.Паушок нарын хооронд маргаан гарч Лондонд шүүхээр шийдэгдсэн. Гэсэн ч Паушок Засгийн газрыг олон улсын арбитрт 2007 онд өгч хэрэг үүсгэсэн юм. С.В.Паушок Монгол Улсад арав гаруй жил алт ухаж, 25 тонн орчим алт олборлосон хүн шүү дээ. Бидний мэдэж байгаагаар 40 гаруй ордын лицензийг энэ компани эзэмшиж байна. Ерээд оны ороо бусгаа цаг үеийг овжноор ашигласан хүний нэг нь С.В.Паушок. Тэр үед  зарим улс оронтой хийсэн гэрээ хэлэлцээрээ эргэн харахгүй бол энэ мэт хэрэг тасрахгүй байх магадлалтай.

-Яг ямар гэрээг хэлж байгаагаа тодруулж болох уу?

-Ерээд онд манай улс гадаадын хөрөнгө оруулалтйн татахын тулд хамтран ажиллах гэрээг хэд хэдэн оронтой байгуулсан байдаг. ОХУ, БНХАУ,  Их Британи зэрэг улс оронтой хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлөөр гэрээ байгуулсан. Оросын талтай гэхэд ОХУ-ын хөрөнгө оруулагч нарт дотоодын компанитай нэгэн адил таатай нөхцлийг бүрдүүлнэ гэсэн заалтыг гэрээндээ тусгасан байх жишээтэй. Энэ заалт л гэхэд Паушокийн маргаан үүсгэх шалтгаан болох жишээтэй. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн маргаанд БНХАУ-тай хийсэн гэрээг ишлэж байгаа бол Их Британи улстай хийсэн  гэрээг “Голдман сакс” дурдаж байх жишээтэй. Энэ бүх гэрээг цэгцлэх цаг нэгэнт болчихоод байна. Ерээд онд ямар ч үнээр хамаагүй хөрөнгө оруулалт татаж байсан гэрээг зайлшгүй эргэж харах учиртай.

-Энэ бол олон улсын хэмжээнд үүссэн анхны хэрэг биш. Таны хувьд Арбитрын шүүхэд Засгийн газрыг төлөөлж байгаа нь таны ажлын дадлага туршлагатай  холбоотой юу, эсвэл албан тушаал тань хамааралтай байна уу?

-Мэдээж энэ бол анхны хэрэг биш. Бас сүүлийнх ч биш гэдгийг бас хэлмээр байна. Арбитрын шүүхэд улсаа төлөөлж байгаагийн хувьд гэвэл миний эрхэлж байгаа албан тушаал олон улсын арбитрт хамааралгүй. Өмнө нь би “Марубени”-ийн хэрэг болоод ТЭЦ-3-ын Италийн нэг компанитай гаргасан маргаанд оролцож байсан. Тэр туршлагад маань тулгуурлаад дараа дараагийн хэргийг надад өгчихөөд байгаа хэрэг л дээ. Үүнээс үүдэн хэлэхэд манай улсын Засгийн газар олон улсын хэмжээнд ажиллаж  чадахуйц хуульчдын багтай болох хэрэгтэй байна. Улсынхаа эрх ашгийг хамгаалан олон улсад ажиллах чадварлаг хуульч бэлтгэх цаг болсон.

-Таны ажилласан түрүү түрүүчийн хэргийн шйидвэр аль талд гарч байсан бол?

-Манай талд ашигтайгаар шийдэгдсэн. ТЭЦ-3-ын маргааны хувьд хоёр тал эвлэрсэн. Гэсэн хэдий ч манай талд илүү ашигтай байсан.

-Өмгөөлөгч компанийг таван тэрбум төгрөгөөр хөлсөлнө гэдэг дэндүү үнэтэй биш үү?

-Манайхан олон улсын өмгөөллийг сайн ойлгохгүй байна. Нэхэмжилж буй хэмжээгээрээ  асар өндөр үнэлгээтэй хэргийг өмгөөлж нааштай шийдвэр гаргахын тулд гадны оронд бол мөнгө хаяхаас аргагүй байдаг. Манай өмгөөлөгч нар бол олон улсын зэрэглэлтэй, туршлагатай, мэтгэлцэх ур чадвараар олон улсад танигдсан, уоьд нь манай талын маргаанд оролцож байсан Монголын нөхцөл байдлыг сайн мэддэг хүмүүс байгаа.  
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж