
Монгол Улс дэлхийн шилдэг, хамгийн үр ашигтай технологийг өөрийн оронд оруулахын зэрэгцээ улс орнуудын технологийн талаар мэдээлэл сайтай байж, өөрийнхийгөө бусдад түгээж, үнэлүүлэн арилжаанд оруулах нь ганц газрын доорхи баялгийн хүчинд дулдуйдах бус эдийн засгаа төрөлжүүлэн үр ашгийг нь нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх замаар хөгжих боломж бололцоог нээж өгнө. Иймээс “Инноваци ба технологийн бодлого, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын бага хурал энэ сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Бага хурлыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн зарим компани санаачилжээ. Эдгээр байгууллага энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө зэрэг төр засгийн бодлогын баримт бичгүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд ач холбоглтой хэмээн үзэж байгаа юм.
Бага хуралд олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий АНУ-ын М-САМ компанийн ерөнхий захирал доктор Давид Мартин, тус компанийн ерөнхийлөгч Давид Пратт нар уригдан оролцохоор болжээ.
Эх сурвалж: President.mn