Үндэсний зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Үндэсний зөвлөгөөн боллоо

Монголын нутгийн удирдлагын холбоо, УИХ, Засгийн газар, Конрад-Аденауэрын сан, Дорноговь аймгийн ИТХ хамтран "Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" сэдэвт үндэсний зөвлөгөөнийг Сайншанд суманд зохион байгууллаа.  Түүнд нийслэлийн есөн дүүрэг,  21 аймаг, 320 гаруй сумын удирдлага,  УИХ-ын зарим гишүүд оролцсон байна. Уг арга хэмжээг нээж, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Су. Батболд үг хэлсэн бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар илгээлт ирүүлжээ.  Зөвлөгөөнөөр нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч байгуулагдсан өнгөрсөн 18 жилийн алдаа оноонд үнэлэлт дүгнэлт өгч, нутгийн удирдлагын байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг хөндөж ярилцсан байна. Тэдний олонх нь орон нутагт эрх мэдлийг өгч, улс төрөөс ангид,  бие дааж  хөгжих орчинг бүрдүүлж өгөх шаардлагатайг онцлон хэлжээ. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүнийг Засгийн газраас тогтоодог хууль зүйн заалтыг  өөрчилж, тухайн орон нутаг өөрсдөө толгой мэдэн шийддэг байх ёстой гэсэн санал ч гаргасан аж. Эцэст нь зөвлөгөөнд оролцогчид “Үндэсний зөвлөгөөн нь цаг үеэ олсон, орон нутгийнхны санал бодлыг сонссон үр дүнтэй арга хэмжээ боллоо. Одоо гол нь энд ярьсан,санал болгосон зүйлүүдийг ажил хэрэг болгох нь чухал” гэдгийг онцлон захижээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж